Хувийн эмнэлгүүдэд хүнлэг сэтгэл дутагдаж байна
Хүн чанар, хүнлэг сэтгэл... Энэ үгсийн мөн чанар, гол утга учир эрүүл мэндийн байгууллага, эмнэлэг дээр хамгийн ихээр тодорч харагддаг юм шиг ээ. Өвдөж шаналаад явж байхад хүнлэг сэтгэлээр тосоод угтах эмнэлэг, эмч нар энэ цаг үед хэр олон байгаа бол гэх бодол өөрийн эрхгүй төрөх. Учир нь хүний эрүүл мэндээс эн түрүүнд хэтэвчийг нь "үздэг” гажиг тогтолцоо манай улсын эрүүл мэндийн салбарт нэгэнт буй болжээ. Ялангуяа энэ тогтолцоо "хувийн” гэх тодотголтой эмнэлгүүдэд тод харагдаж байна. Ганцхан жишээ дурдъя.
Хатиг шахах зардал 525 мянган төгрөг
Хатиг гэж хүн болгон мэднэ дээ. Дотроо идээтэй, буглаа үүсэж томрохоороо өвддөг энэ зүйлийг арьсны нэг төрлийн үрэвсэл гэж анагаах ухаанд оношилдог юм билээ. Тэгвэл яг ийм хатиг гарсан хүний тухай одоо өгүүлэх гэж байна. Иргэн С-ийн суган дотор хатиг гарч, энэ сарын эхээр нэгэн хувийн эмнэлэгт очжээ. Цаг авч, хуваарийн дагуу эмчид үзүүлтэл "Таны хатигийг хагалж эмчлэх юм байна. Хагалуулахын тулд та манай эмнэлэгт 3-5 хоног хэвтэх хэрэгтэй. Ор хоногийн мөнгө өдөрт 25 мянган төгрөг, харин хагалах зардал 200-400 мянган төгрөгийн хооронд болох байх. 400 мянгаас нэг их хэтрэхгүй байх аа” гэх нь тэр. Хагалгааны 400 мянга дээр ор хоногийн 125 мянган төгрөг нийлээд 525 мянга болох нь тэр. С-ийн хувьд ийм их зардал гарна гэж бодоогүй бөгөөд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд улсын эмнэлэг дээр очихоор болов. Ингээд Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэгт яваад очтол "Өө хагалаад цэвэрлэх болчихож. Алив наашаа ороод ир” гээд суулгаж байгаад л шахаад өгч. Юун 3-5 хоног эмнэлэгт хэвтэх. Хорь гаруй минут шахаж янзлаад гэрээр хоёр төрлийн антибиотик уухыг зөвлөсөн байна. С ч эмчийн зөвлөснөөр эмээ ууж, гурав хоног боолт хийлгээд хатигнаасаа салж. Болсон процесс ердөө л энэ. Улс, хувийн эмнэлгийн зөрүү ийм л байна. Хялбархан болчих зүйлийг хүндрүүлж, хүний өвчин дээр "эдийн засгийн тоглолт” хийж байгаа хувийн эмнэлгийг яаж ойлгоё гэсэн ч ойлгохгүй нь. Үүнээс л "Хувийн эмнэлгүүдэд хүнлэг сэтгэл дутагдаж байна” хэмээн дүгнэсэн нь энэ билээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn