Одоогоор 385 тонн бодисын нөөцтэй байна

701

Одоогоор 385 тонн бодисын нөөцтэй байна

 

"Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын ахлах деспетчер Ч.Зоригоос цас хайлуулах бодисын нөөц болон өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар зарим зүйлийг тодрууллаа.

 -Хөдөө, орон нутагт болон нийслэлд өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний цас орсон. Хот тохижуулахын ажилчид ямар зохион байгуулалттай ажиллав. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? 

-Өнгөрсөн амралтын өдрүүдэд орсон цасны улмаас нийслэлийн гудамж, талбайд хальтиргаа, гулгаа нэлээдгүй үүслээ. Бид үүссэн нөхцөл байдлыг хүндрэлээс гаргах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд бямба гарагийн өглөөнөөс эхэлж, шуурхай ажилласан. Өнгөрсөн Бямба гарагт гэхэд Хот тохижилтын газрын 200 гаруй ажилтан ажиллаж, 38 тонн цас хайлуулах бодис цацаж, халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлээд байна. 

-Энэ жил бусад жилүүдтэй харьцуулахад цас ихтэй өвөл болно гэж мэдээлж байгаа. Бичин жилийн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангасан байх? 

-Бид өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохих төвшинд зохион байгуулсан. Ажиллах хүн хүч, техник хэрэгсэл, машинаа бэлтгэсэн. Ер нь манайд 12 бодис цацагч машин, 3-4 механизм, шаардлагатай үед нэмж гаргах 8-10 машин байдаг.

Тодруулбал, автозам дээр бодис цацдаг "Камаз” маркийн долоон машин, "Зил 130” маркийн гурван машин, дөрвөн ширхэг "Бонго”, цас мөс хусах, түрэх ковш, автогрейдер нэг ширхэг, универсиал трактор, "Bobcat” хоёр ширхэг зэрэг тусгай тоноглолын тоног төхөөрөмжүүд ажиллаж байна. Цас шүүрдэх шүүр, мөс цохих, хусах хэрэгсэл, цас үлээгч төхөөрөмж хангалттай бий.

Ерөнхийдөө өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цас орсон үед халтиргаа гулгаанаас сэргийлэх хайлуулах бодис, техник, технологи, ажиллах бригад бэлэн, бэлтгэлээ сайн хангасан.

-Цас хайлуулах бодисын нөөц хэр байна вэ?

-Хуваарьт замууд мөн Замын цагдаагийн газрын дуудлагын дагуу халтиргаа гулгаатай газруудад нийт таван удаагийн цас оролтоор бодис цацаж, одоо 385 тонн бодисын нөөцтэй байна. Цаашид Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэмж бодис нийлүүлнэ. 

-Хотоос гарах постуудын ойр орчимд танайхаас бодис цацдаг уу? 

-Үгүй. Морингийн даваа, Айдсын даваа, Санзайн зам, Баянзүрхийн товчоог Улаанбаатар зам засвар ашиглалтын газар хариуцдаг. Харин манайх нийслэлийн гудамж талбайд халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, бодис цацах үйл ажиллагаа явуулдаг.

Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд л гэхэд нийслэлийн гол гудамж болох Энхтайваны өргөн чөлөө, Цэцэг төвөөс нэгдүгээр дэлгүүр хүртэл, дөлгөөн нуур Баянбүрдийн тойрог, Чингэлтэйн өргөн чөлөө өгсөж урууддаг зам, 32-ын тойргоос Долоон буудал, Нэгдүгээр хороолол, Өнөр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Сансрын тунель Офицерийн тойрог, Аюулгүйн тойрог, Дарь- Эхийн уулзвар, Цагдаагийн академи, Нарантуулын уулзвар, Баян хошууны Хөтөл Жанцан, Баруун салаа, Зүүн салаа, Чулуун овоо, Амгалан, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монголын гудамжид бодис цацсан.

Мөн Дамбадаржаа, Бэлх, Сэлх зуслангийн зам 17, долоон буудал, Телевиз Хувьсгалчдын гудамж, 22-ын товчоо, Нарны гүүр, Саппоро өгсдөг зам, Модны-2-оос дээш өгсдөг, Нисэх, Яармагийн тойрог, Богд уулын арын зам, Яармагийн товчоо зэрэг замуудад цас хайлуулах бодис цацлаа. 

-Зам арчлалтын үйлчилгээний ажил одоо үргэлжилж байгаа шүү дээ. Хэчнээн хүн ажиллаж байна? 

-Өнөөдрийн байдлаар 291 хүн зам талбайн цэвэрлэгээнд гарч ажиллаж байна. Мөн хог тээвэр, цас ачихад 12 машин, дуудлагад хоёр машин гарсан.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>