ЭМЯ ТЕНДЕРИЙН ШАЛГУУРЫГ ШАЛГАРАХ КОМПАНИД НЬ ТААРУУЛДАГ ГЭВ ҮҮ, А.ЦОГЦЭЦЭГ САЙД АА

599

ЭМЯ ТЕНДЕРИЙН ШАЛГУУРЫГ ШАЛГАРАХ КОМПАНИД НЬ ТААРУУЛДАГ ГЭВ ҮҮ, А.ЦОГЦЭЦЭГ САЙД АА

 

Монгол Улс эдийн засгийн хямралд нэрвэгдсэн нь нэгэнт тодорхой болоод байгаа. Хаа хаанаа төсөв мөнгөө хэмнэх, зөв зүйтэй зарцуулах гээд л үзэж тарж байна. Сүүлийн хэдэн жилд манайхан төсвийн зарцуулалтад нэлээд няхуур хандах болсон.
 
Хяналт нь сайжирсан гэсэн ч болно. Нөгөөтэйгүүр төсвийн хажуугаарх мөнгөн урсгал бол элдэв тендер байдаг. Өнгөрсөн дөрвөн жилд тендерийн шалгаруулалт, гүйцэтгэлд тавих хяналтыг хэрэндээ чангатгасан. Түүний үр нөлөө юу, тендерүүдийн шалгаруулалт элдэв маргаан хэрүүлгүй явагддаг болсон уу, энэ төрлийн хэрүүл шуугиан гарах нь багассан. Төрийн байгууллагуудын цахим мэдээллийн сангаас ч тендерийн гомдол, өргөдлийн талаар олж харахаа бараг больж байна. Энэ сайн мэдээ.
 
Гэвч саяхан нэгэн тендерийн будлианы тухай хэд хэдэн газарт яригдаад явчихлаа. Эрүүл мэндийн сайдын хяналтад Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгждэг Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр /ЭМСХХ/-4, 5 хөтөлбөрүүд хэрэгждэг юм байна. ЭМСХХ-4 төсөл нь 2011 оны гуравдугаар сарын 8-наас хэрэгжиж байгаа. Нийт 41.15 сая ам.долларын санхүүжилттэй. ЭМСХХ-5 төсөл нь 2013 оны зургадугаар сарын 14-нөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хэрэгжинэ. Энэ төслийн нийт өртөг нь 38.19 сая ам.доллар ажээ.
 
Ер нь Эрүүл мэндийн яам ЭМСХХ төслөөр дамжуулан эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтаа хийдэг юм байна. Эдгээрийн нэг нь болох Цус сэлбэлтийн үндэсний төвд эмнэлгийн бус тавилга нийлүүлэх 700 гаруй сая төгрөгийн тендерийг энэ оны есдүгээр сарын 14-нд зарлажээ. Уг тендерт "Арена мед” ХХК, "Гялс төв” ХХК, "Лайф троник” ХХК болон Австрийн "Вамед”, манай "Сетунари” ХХК-ийн түншлэл оролцсон байна.
 
Гэвч тендерийн баримт бичигт зөвхөн Австрийн "Вамед”, "Сетунари” ХХК-ийн түншлэл л хангахаар шалгуур нөхцөл тавьсан байжээ. Ингээд энэ тендер шударга явагдахгүй нь тодорхой болж гомдол гарах нөхцөл үүссэн байна. Уг гомдол Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Эрүүгийн цагдаагийн газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт иржээ. Ингэснээр тендерийн шалгаруулалтыг зогсоож, дахин зарлахаар шийдсэн байна. Энэ асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар нь "Гадаадын санхүүжилттэй юм байна. Манайх хянаж шалгахгүй” гэж байгаа аж.Харин Эрүүгийн цагдаагийн газарт шалгаж эхлээд байгаа юм байна.
 
ЭМСХХ төслийн зохицуулагч А.Мөнхтайваныг эрүүл мэндийн салбарынхан бол сайн мэднэ. Тэрээр 1989 онд АУИС-ийг хүний их эмч мэргэжлээр, 1994 онд АУИС-ийн магистр, 2000 онд Нидерландын Мастрихтын их сургуулийг бизнесийн удирдлагын мастер, 2006 онд ОХУ-ын Анагаах ухааны академид анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан гэж намтартаа бичсэн байдаг.
 
А.Мөнхтайван 1989-1990 онд Дорноговь аймгийн Айраг сумын эмнэлэгт эмч, 1990-1996 онд АУИС-д багш, 1996-1997 онд АНУ-ын Вашингтоны их сургуульд мэргэжил дээшлүүлсэн. 1997-1998 онд ЭМЯ-ны ТЗУГ-т мэргэжилтэн, 1998-2006 онд ХСҮТ-ийн захирал, 2006-2014 онд Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирал, 2014 оноос энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагчаар ажиллаж байгаа юм байна.
 
ЭМСХХ төсөл бол Эрүүл мэндийн яамны хувьд чухал газар. Харин А.Мөнхтайван энэ төслийн зохицуулагчаар ажиллаж, олон сая ам.долларын гүйлгээ, зарцуулалтад гарын үсэг зурж суухдаа дөрвөн ч сайдын нүүр үзжээ. Уг нь ямар ч сайд ийм хэмжээний хөрөнгө мөнгөтэй төслийг өөрийн хүнээр хариуцуулах нь Монголд тогтсон сүүлийн жилүүдийн жишгээс харахад тов тодорхой юм. Сайд нь санаархдаггүй юм гэхэд өөр бусад ажил төрөл хайсан,  эсвэл албан тушаал горилсон хүмүүсийн хамгийн түрүүнд сонирхох газар бол ЭМСХХ төслийн зохицуулагчийн ажил юм. Гэвч мань А.Мөнхтайван хэнтэй нь ч хэл амаа олсоор, байр сууриндаа өнөөг хүрсэн зайтай эр.
 
Дээр дурдсан Австрийн "Вамед” болон манай улсын "Сетунари” компаниуд А.Мөнхтайван захирлын хувьд хэзээний танил "түншүүд” ажээ. Түншүүд гэдэг нь түүний ажиллаж байсан болон одоо ажиллаж буй төслүүдийн байнгын түнш гэсэн үг.
 
Австрийн "Вамед” компанийн хувьд Монголын эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслүүдэд ногоон гэрлээ, бүр Засгийн газрын тогтоолоор шууд гүйцэтгэгчээр "шалгардаг” ажээ.
 
ХСҮТ-д хорт хавдрын оношлогоо, эмчилгээнд ашиглах эмнэлгийн үндсэн тоног төхөөрөмж, зүрхний бус ангиографийн болон дижитал рентген аппарат худалдан авах 7.0 сая еврогийн өртөг бүхий төслийг Австрийн "Вамед инженеринг” компанид шууд гэрээ байгуулан өг гэж Эрүүл мнэдийн сайдад даалгасан тогтоолыг Монгол Улсын Засгийн газар 2014 оны долдугаар сарын 16-нд гаргажээ. Үүний дагуу Эрүүл мэндийн яам "Вамед инженеринг” компанитай 2014 оны наймдугаар сарын 20-нд гэрээ байгуулжээ.
 
Мөн ЭХЭМҮТ-д оношлогоо, эмчилгээнд нэн шаардлагатай орчин үеийн 100 орчим тоног төхөөрөмж нийлүүлж, 20 их эмч, мэргэжилтэн, инженер техникийн ажилтан бэлтгэх 7.0 сая еврогийн төслийг мөн шууд гэрээгээр тус компанид өгөх Засгийн газрын тогтоол 2014 оны долдугаар сарын 16-нд гарчээ. Үүнтэй хамт Улсын I төв эмнэлэгт дүрс оношлогоо, эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн төв болон мэс заслын тасгуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, 30 орчим эмч, мэргэжилтнүүд,  тоног төхөөрөмжийн инженерийг гадаад, дотоодод сургалтад хамруулах 7.0 сая орчим еврогийн төслийг мөн л "Вамед инженеринг” компанид  шууд гэрээ байгуулан өгсөн байна.
 
"Вамед”-тай түншлэн дээрх тендерт орсон "Сетунари” ХХК бол Монголд  зарлагдсан, ялангуяа А.Мөнхтайван захирлын хариуцсан төслийн тендерүүдэд тогтмол оролцож, байнга шалгардаг ажээ.
 
"Сетунари”  компани эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн импортолдог, 2004 оны аравдугаар сарын 4-нд байгуулагджээ.Тус компани Германы Roche, Merz, Нидерландын Philips, Швейцарийн Anties компаниудын албан ёсны дистрибьютер юм байна.
 
Байгуулагдсанаасаа хойш олон жил эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл импортолж нийлүүлж байгаа аж. Хамгийн сүүлд 2016 оны есдүгээр сард ЭМСХХ-5 төслөөс урвалж нийлүүлсний үнэ 6 064 110 төгрөг гаргуулсан байна. Мөн "Сетунари” компани нь Шастины нэрэмжит III эмнэлгийн газраас "хумсалсан” гэдэг мэдээлэл хэвлэлд гарч байжээ. Түүнчлэн 2016 оны дөрөвдүгээр сард С.Ламбааг Эрүүл мэнд, спортын сайд болоход "Сетунари” компанитай холбоотой гэх мэдээлэл гарч байсан. Тэр үед А.Мөнхтайван энэхүү ЭМСХХ төслийн зохицуулагчаар томилогдсон байдаг. Ер нь энэ төслийн мөнгө хэрхэн зарцуулагддагийг ч хянаж шалгахад гэмгүй нь.
 
Нэг жишээ хэлэхэд УБК 66 35 улсын дугаартай Ланд 200 автомашинд хоёр сар дараалан тус бүр 6.0 сая гаруй төгрөгийн засварыг хийсэн байгаа юм. Энэ мэтчилэнгийн уялдаа холбоо, дээр дурдсан гомдол зэргээс харахад ЭМСХХ төслийн тендерүүд шударга явагддаг уу гэдэг асуулт гарч ирж байна. Тиймээс энэ төслийн хөрөнгө мөнгийг хариуцдаг Эрүүл мэндийн яам, түүний удирдлага болох сайд А.Цогцэцэг, Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нар анхаарлаа хандуулахад илүүдэхгүй буй за.
 
 
Ц.Бат
Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>