М.Баяртогтох: Хоёр хүүхдээ шатааж амь насыг нь хохироосон З.Ёндонд 25 жилийн ял оноосон
Өнгөрсөн хавар Булган аймгийн Орхон сумын Хөшөөт багийн иргэн З.Ёндон
гэгч этгээд өөрийн хүүхдүүд болох таван настай С, нэг настай С нарыг
"Бонго” маркийн машиндаа түгжиж шатаасан хэрэг гарсан.
Эл хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болсон юм. Энэ
талаар тус хэргийг ахлаж ажилласан Булган аймгийн Цагдаагийн газрын дэд
бөгөөд Гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, дэд хурандаа М.Баяртогтохоос
дараах зүйлийг тодрууллаа.
-Энэ оны тавдугаар сард Булган аймгийн Орхон суманд хоёр
хүүхдээ шатаасан хэрэг гарч, олныг цочирдуулсан. Гэмт этгээдэд
анхан шатны шүүхээс хэдэн жилийн ял оноосон бэ?
-Дээрх хэрэг Булган аймгийн Орхон суманд энэ оны тавдугаар сарын 14-нд
болсон. Тухайн өдрийн 17:44 цагт цагдаагийн албын жижүүрийн шуурхай
албанд дуудлага ирсэн байдаг. Миний бие хэргийн газарт ажилласан алба
хаагчдыг ахлаж ажилласан.
Энэхүү хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 13-нд болсон. Гэмт этгээд З.Ёндонд 25 жилийн ял оноосон.
-Гэмт этгээдийн талаар тодорхой мэдээлэл өгч болох уу?
-Ялтан З.Ёндон нь 1981 онд төрсөн. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг
байсан. Хэрэг гарах үед том охин нь сумын төвд сургуульдаа сурч
байсан юм билээ.
-Том охин нь хэдэн настай юм бэ?
-Тавдугаар ангид сурдаг.
-Хүүхдүүдийнхээ амь насыг нь хохироосон шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байх юм бэ?
-Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг нь судлаад үзэхээр гэр бүлийн
маргаан, архидалтаас үүдэлтэй байдаг. Нэг үгээр хэлбэл, гэр бүлийн
хүрээнд үйлдэгдсэн гэж ойлгож болно. Өөрөө бол хоёр хүүхдээ машиндаа
байсныг санахгүй байгаа гэж мэдүүлсэн.
-Тэгэхээр тухайн үед согтуу байсан гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Ингэхэд хэрэг гардаг өдөр яг юу болсон юм бол?
-Тухайн өдөр гэмт этгээд архи уучихсан байсан. Эхнэр нь түүнийг архи
уулгахгүй гэж хориглосноос болж хоорондоо маргалдаж, зодолдсон юм
билээ. Улмаар эхнэр нь нөхрөөсөө айхдаа хоёр хүүхдээ орхиод хажуу
айлдаа орчихсон байхад нь хэрэг гарсан.
Машиндаа сууж байхдаа уур бухимдлынхаа үүднээс татаж байсан
тамхиныхаа ишийг санамсаргүй байдлаар унагаасан. Үүнээс болж банкинд нь
байсан шатахуунаас гал гарч тухайн хэрэг үйлдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, өөрийнх нь талаас шатаж эхэлсэн учраас гэмт этгээд
сандрахдаа урд цонхоо хагалан хоёр хүүхдээ хаяж буусан байдаг. Тухайн
үед хүмүүс гадна явж байсан ч аврах ямар ч боломжгүй байсан.
-Эхнэр нь гомдлоо буцааж авсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-Тийм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдэгдэж байгаа хэргүүд
шүүхийн шатанд буцах тохиолдол гардаг. Гэр бүлийн хүрээнд архи
согтууруулах ундаа, хардалтаас үүдэлтэй үйлдэгддэг.
Ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад нэлээд гомдол санал
иргэдээс ирдэг. Бид ч шалгадаг. Шүүхийн шатанд очихдоо тулахаар гэр бүл
болж олон жил ханилсан хүмүүс гомдлоо буцааж авах нь их байдаг.
Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд шалгах хэмжээнд хоорондоо эвлэрдэг.
Гэтэл буцаад л хэдэн сарын дараа нөгөө хэлбэртээ ороод дахиад л шүүх,
цагдаа гээд явж байх жишээтэй.
-Гэмт этгээдэд анхан шатны шүүхээс 25 жилийн ял оноосон. Эхнэр
нь гомдлоо буцаагаад авчихсан тохиолдолд ял хөнгөрөх үү, ийм
тохиолдолд хууль эрх зүйн орчин нь ямар байдаг юм бол?
-Гэмт хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн. Тэгэхээр үүнийг давж
заалдах шатны шүүх шийднэ. Тухайн хохирогч, сэжигтэн бүгд
өмгөөлөгчтэй. Хуулийн хүрээнд энэхүү хүсэлт, шаардлагыг шийдэх
ёстой.
Яллагдагчид 14 хоногийн хугацаанд давж заалдах эрх нь нээлттэй
байгаа. Одоо бол цагдан хоригдож байна. Тэр асуудлын хуулийн хүрээнд л
шийдэх учраас ял хөнгөрнө, нэмнэ гэж хэлэх эрх надад байхгүй.
Б.Төрбат
Эх сурвалж: