Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй

895

 

Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүйЭртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн. Долоон бурхан одыг монголчууд бид харагдах хэлбэрээр нь "Шанага 7 од” хэмээн өөрсдөө зохиож нэрлэсэн.

Долоон бурхан одны домог: Эрт цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байжээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд дуудагдан аян дайнд явснаас хойш он цаг улиран их уджээ. Эмгэн нас нь өндөр болох тусам хүүгээ маш их санагалзан гансрах болжээ. Ханан гэрээс явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг ганц удаа харах юм сан гэж бодох болж энэ хүслээ орой болгон 7 бурханд даатган залбирчээ. Удалгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсныг дуулаад эмгэн хөл газар хүрэхгүй баярлан өдөр бүр шинэ цайгаа чанан хүлээж суудаг болжээ. Хэд хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг харсан боловч хүү нь амьд бус дайнд амиа алдсан цогцос нь хүргэгдэн ирж гэнэ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг биелүүлж, эмгэнийг амьдад нь хүүг нь харуулжээ. Эмгэн хүсэхдээ "өөрийг нь л үхэхээс өмнө хүүг минь харуулаач” гэсэн болохоос бус "хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй” гэж хүсээгүй буюу өөрөөр хэлбэл хүслээ буруу илэрхийлсэн байжээ. Долоон бурханд хэзээ ч зөвхөн өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ. Учир нь Долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л залбирч байх ёстой ажээ.

Долоон бурхан одноос аливаа зүйлийг хүсэхдээ "Өөрийн болон өрөөл бусдын өвчин зовлон, аливаа саад бүхэн арилж, нас уртсаж, эд баялаг, яруу алдар дуурсагдах цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай” хэмээн сүсэглэн айлдаж 7 удаа мэхийж хүндэлдэг заншилтай.

Нэг дэх од: Тэнгэрийн оргилго гэх ба тус одонд Санжаанамсаг бурхан заларсан байрладаг. Хулгана жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээх тарнийг уншдаг. Хамгийн анх замбуу тивд бурханы шашин дэлгэрүүлсэн бурхан гэж үздэг.

Хоёр дахь од: Тэнгэрийн хас гэх ба тус одонд Жүгдэр бурхан заларсан байдаг. Гахай, үхэр жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээх тарнийг уншдаг. Жүгдэр бурхан нь Санжаанамсаг бурханы дараа шашин дэлгэрүүлсэн бурхан ажээ.

Гурав дахь од: Тэнгэрийн шил нэртэй ба Тамжиджав бурхан байрлажээ. Нохой, бар жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү, дү сү сууха” хэмээх тарни уншина. Жүгдэр бурханыг залгамжлан шашин дэлгэрүүлсэн бурхан.

Дөрөв дэх од: Тэнгэрийн эрх гэх ба Хорважигдэн бурхан заларчээ. Тахиа, туулай жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум вэ ха сууха” хэмээх тарнитай. Мөн эхний бурхадын адил замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 4 дэх бурхан.

Тав дахь од: Тэнгэрийн бэрээ нэртэй ба Бурхан багш заларсан байдаг. Бич, луу жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээх тарни уншина. Бурхан багш нь замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 5 дахь бурхан юм.

Зургаа дахь од: Нэхэх арга гэх агаад Одсүрэн бурхан байрладаг. Хонь, могой жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээх тарнитай. Одсүрэн (Одсэр) бурхан нь шашны номлолоор бол одоогийн бурхан багшийн өмнөх дүр, сайн цагийн 1000 бурханы 3 дахь дүр ажээ. Шагж тивээс бурханы шашныг дэлгэрүүлсэн гэдэг.

Долоо дахь од: Жиргэлэх гэрэл хэмээх бөгөөд Оточ Манла бурхан заларчээ. Морь жилтэн шүтэх бөгөөд "Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на, за сууха” тарнитай. Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засдаг бурхан. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж зовдог байна. Тийм учраас аливаа хүн энэ болон урьд насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болно хэмээн сургадаг.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>