Түүхэн том үйл явдлууд, тэдгээрийн үр дагавар хийгээд XX зуун Мэдээ мэдээлэл, Онцлох мэдээ 7-11-2017, 12:48 698 Хуваалцах Бид XX зууны хүүхдүүд, XXI зууны хөгшид. XX зууныг онож төрсөн заяа, тавилан маань түүхэн том олон үйл явдлын гэрч болох хувь зохиолыг бидэнд бэлэглэжээ. Зарим үйл явдал нь монголчууд бидний оюун санааны амьдрал, зорилго, тэмүүллийг, (бүр жаргал, зовлон гэе) 70, 80 жил нөхцөлдүүлж, тодорхойлж байлаа. Биднийг төрөхөөс өмнөхөн гэхэд л "Энхийг тогтоох үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан буянтай хүмүүст "Нобелийн энхийн шагнал” өгдөг болчихсон, Дэлхийн энх тайваны анхны бага хурлыг Гаагад 1899 онд хийж "Үндэстэн хоорондын маргааныг таслан шийдвэрлэх дэлхийн шүүх” байгуулагдаад ажлаад эхэлчихсэн байлаа. Тэгэвч 1914 оны зургадугаар сарын 28-нд насанд хүрээгүй байсан нэгэн бандийн бууны дуу дэлхийн дайныг эхлүүлж чаджээ. Дэлхийн тэр дайн 1918 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилж есөн сая хүн алагдаж, 20 сая хүн шархдаж олон сая хүн тахир дутуу болж, олон мянган хүн сэтгэл мэдрэлийн гажиг олсон байв. Нийгэмд байж болох бүхий л зөрчил, тэмцэлд (мөлжлөг, авлига, шударга бус шүүх, харгис цагдаа, сул дорой хаан, өлсгөлөн, ядуурал, ажилгүйдэл, хулгай, дээрэм) идэгдэж гүйцээд байсан Орос орны дотоод байдлыг Дэлхийн I дайн эцэст нь тултал хурцатгаж өгчээ. Хувьсгал зайлшгүй зүйл болов. Оросын хаан аргагүйдэж хаан ширээнээс буужээ. Парламентат ёс, үндсэн хуульт төр засгийн төлөө үндэсний хөрөнгөтнүүд тэмцэж, ажилчид, тариачид, цэргүүд ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөн, дайн мөлжлөгийн эсрэг тэмцэж байв. Улстөрийн 52 нам байгуулагджээ. Хөрөнгөтний ардчилсан хувьсгал, залгаад социалист хувьсгал гарах нь тодорхой болов. Чухамхүү энэ тохироо, нөхцлийн тайлал болж Орос орон большевикуудын гарт орсон билээ. Большевикууд Германтай энхийн гэрээ байгуулж, иргэний дайнд ялж, их гүрнүүдийн интервецид цохилт өгч, "Улаан террор”-ын тусламжтайгаар ангийн дайснаа устгаад социалист бүтээн байгуулалтад хамгийн өргөн фронтоор давшин оржээ. * * * 1939 оны есдүгээр сарын нэгэнд Германы арми Польшийн нутаг руу цөмрөн орсноор Их Британи, Франц хоёр Германд дайн зарлажээ. Энэ дайн 1939-1945 он хүртэл долоон жил үргэлжилжээ. Дайны төгсгөл цэгийг цөмийн хоёрхон бөмбөг 48 цагийн дотор 120 мянга гаруй хүний амийг хөнөөснөөр хатгажээ. Энэ дайнд 75 сая хүн амь үрэгдсэн байдаг. Дэлхийн II дайны олон улсын нэгэн том эерэг үр дагавар бол дөрвөн тивийн 100 гаруй үндэстэн эрх чөлөөтэй болж тусгаар тогтнолоо тунхаглаж чадсан явдал юм. * * * Газар нутгаа Дорно зүгт аль болохоор тэлэх, чадвал бүр Номхон далайд гарцтай болсноор далайн тээвэр, загас агнуур, Америк тивтэй хийх худалдаа, мөн далайн цэрэг дайны үйл ажиллагааг зүүн өмнөд Азийн чигт өргөтгөж түрэмгий ашиг, сонирхлоо хангах Оросын хаадуудын нууц төлөвлөгөө бүр XVII зуунаас эхлэн хэрэгжиж дөрвөн зуун дамнан эрчимжсээр байжээ. Энэ зорилгодоо ихээхэн хөрөнгө, хүч хаях мөртлөө ажилчид, тариачид, цэргүүдийн аж байдлын доройтол, өлсгөлөн, халдварт өвчин зэрэгт ер санаа зовохгүй байгааг нь тухайн үеийн Оросын дэвшилттэй сэхээтнүүд шүүмжилсээр бүр эсрэг нь босч тэмцсээр байв. Оросын хаант засгийн гадаад, дотоод бодлогын алдаа, дутагдлыг илчилж, түүний түрэмгий, эрээ цээргүй шинжийг илээр эсэргүүцэн тэмцэж эхэлсэн Оросын ажилчны социалдемократ намын Прагын бага хурлын тогтоолд "Оросын Хаант засаг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа монголчуудын эсрэг колонийн ёсны түрэмгийлэл хийж шунахай ашиг, сонирхлоо хангахыг мугуйдлан оролдож байна” гэж тэмдэглэж байлаа. Тусгаар тогтнолоо дэлхий нийтэд нэгэнд зарлачихаад байсан Монголын засгийн газартай 1912 оны эцсээр Оросын Засгийн газар хэлэлцээ хийхдээ Монголын талын аргагүй байдал, гачигдлыг далимдуулан элдвээр дарамталсаар Хятадын засгийн газартай урд өмнө нь далдуур тохиролцсон колончлох, мөлчих бодлого, зорилгоо тулган хүлээлгэж чаджээ. Монголын газар нутгийг Орос, Хятад хоёр хуваан өмчлөх, Гадаад Монголын тусгаар тогтнох оролдлогыг хүчлэн няцааж эзэн эрхээ баталгаажуулах нь тэр цагийн Орос ба Хятадын нууцаар тохиролцсон ашиг, сонирхол байлаа. Монгол оронд үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн Ар, Өвөр, Ойрд, Баргагүй өрнөж, Нийслэл хүрээнд Монголын бүрэн эрхэт төр засаг байгуулагдаж, гадаад ба дотоод хэргээ монголчууд бие даан явуулж, бүтэн хоёр жил шахам тусгаар улс болон оршиж байгаа нөхцөлд Оросын төр засаг санаачлан Бээжинд нууц хэлэлцээ хийж Монгол Улс, монгол үндэстний хувь заяаг дур мэдэн шийдсэн байна. Энэ шийдвэрийн мөрөөр монголчууд хэлмэгдэж хэдэн арван мянган монгол хүн Орост, Хятадад цаазлагдан хороогджээ. Энэхүү таван зүйлтэй нууц баримт бичгийн эхний хэсгийг хуулбарлан сонордуулъя. -1913 оны аравдугаар сарын 23-нд Орос ба Хятад улсаас Монголын биеэ даасан улс байх төрөлх эрхийг далдуур үгсэн үгүйсгэж Монголыг Хятадын төрийн шууд эрхшээлд оруулж автономит муж болгохоор хэлэлцэн тохирсон бичиг: "…Европын 1913 оны Октябрь сар, Думдад Иргэн улсын хоёрдугаар оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Бээжин дор Думдад , Орос хоёр тал нууцаар хэлэлцэн тогтвой. Үүнд: НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ. Думдад Иргэн улсаас Гадаад Монголыг хэмжээтэй эзэрхэн явахыг Орос улс зөвшөөрөн хүлээв. ХОЁРДУГААР ЗҮЙЛ. Думдад улс Гадаад Монголын автономыг зөвшөөрөн хүлээв…” гэжээ. Оросын хаан, Хятадын төр монголчуудын хувь заяаг ийнхүү нэг ч монгол хүн оролцуулахгүйгээр дур мэдэн эцэслэн шийдвэрлэжээ. 1912 оны сүүлчээр Монголын хаанаас Оросын хаанд илгээсэн бичигт "…Ер нь Хятад улсыг анх хаант төр байгуулснаас наашхи 5000 илүү жил болтол манай Монгол тэдэн дор захирагдах байтугай найрамдаж явсан удаагүй…” гэж онцлон дурдсаныг Оросын хаан сонссон, бас тооцох ёстой баймаар… Октябрийн хувьсгал ялсны дараахан Зөвлөлт Засгийн газраас "Хаант Оросын зүгээс бусад томоохон улстай хамтран байгуулсан бага буурай улс орон, ард түмний эрх, ашигт харшлах аливаа гэрээ, хэлэлцээрийг хүчингүй болгож байгаагаа дэлхий нийтэд зарласан” байна. Орос ба Хятадын хооронд байгуулсан нууц гэрээ, хэлэлцээр хүчингүй болсноор Монголын Засгийн газар Барон Унгерны командалсан Азийн морин дивизийг ашиглаж Нийслэл хүрээг чөлөөлж улмаар гурван байрлал чиглэлд гамин цэргийн үлдэгдэл хүчийг бут цохив. Морьт дивиз Монгол руу хөдлөнгүүт л явах замд нь саад хийхгүй байхыг Монголын хилийн харуул занги нарт зохих шугмаар анхааруулсан байв. Явах зам дагууд нь ухуулга, сурталчилгаа хийгдсэн болох тул ямар ч садаа учраагүй байна. Зогссон, хоноглосон үед монгол ноёд, лам, түшмэдүүд ирж уулзаж, мэдээ дамжуулж, зам зааж байжээ. Барон тэднийг баяртайгаар угтаж найрсгаар ярилцаж, тэдэнд мөнгө, бэлэг сэлт ч өгч байж. Хүрээг довтлох үед Хятадын цэрэгт дайчлагдсан монголчууд зай сиймхий олоод Унгерны талд ирж нэгдсээр байв. Арваннэгдүгээр сарын дундуур Найдан гүнгийн 170 цахар ирж нийлжээ. Цэрэг буюу цэргийн дарга байсан хүмүүс Баронтой ирж уулзсаар байв. Жишээ нь Цэцэн ханы Дугаржав мээрэн, Дархан чин вангийн хошууны Цэвээн тэргүүн, Сэцэн хан Наваанцэрэн, баатар бэйл Жамъяан, гүн Дугарсүрэн, Бавуудорж, бэйс Мишигдорж, тайж Цэрэндорж, лам Ринчинсамбуу, Дэрин чойжин мэтийн олон хүн Баронтой хамтран ажиллах болжээ. Хятадууд хориглосныг үл хайхран монголчууд дивизийг хоол хүнс, хувцас сууцаар хангаж байв. Дивизийн аж ахуйн хэсгийг буриад Жамбалон толгойлж цэргүүдийг нэхий дээл, үстэй бойтог, дулаан малгай, агт морьдыг өвс тэжээлээр хангах болжээ. "Хятадтай байлдах цэрэг эмхлэн байгуулах ажлыг адилсан, байлдахад хэрэгтэй зүйлсээр Баронд тусал” хэмээсэн Богдын лүндэнг нууцаар бүх хошуунд тараажээ. Наваанцэрэн залуу эрсийг цэрэгт элсүүлж отряд байгуулан Лувсанцэвээнийг даргаар тавьжээ. Хэрэн орчмын нутгийн захиргаа 1500 агт морь нийлүүлжээ. Дивиз эцэж турсан морьдоо тарган омголон хүлгүүдээр сольжээ. Дугаржав мээрэн нутгийн ардуудаас цэрэг элсүүлж отряд зохион байгуулжээ. Тэдэнтэй 80 түвд цэрэг ирж нийлжээ. Товчилж хэлэх аваас Хятадын түрэмгийлэгчидтэй нэгийгээ үзэхээр хатуу шийдсэн ноёд, лам, хар монголчуудаар дивиз "цэнэглэгдэж” цөөн хүчээр олныг ялах увдисыг олжээ. "Зөв хэргийн төлөө зөв хүмүүс зориглон хөдөлбөөс өмнөх саад нь өөрөө нуран унадаг” гэхийн үнэнийг үзүүлж Хүрээн дэх хятадын комдандлал хоорондоо муудалцаж сайхан боломж ч гарчээ. Тэгэвч Хүрээг чөлөөлсөн тулалдаан тав дахин илүү их хүн хүчтэй хахир өвлийн хүйтнээр хийсэн хүнд бэрх дайн байлаа. Энэ дайнд ялж чадсан цэргүүд үргэлжлүүлэн дайтсаар Чойр орчимд, хойт хил хүртэл, мөн Туул голын баруун урдуурх районд, бас Замын-Үүд хүртэлх замд гамин цэргийн отрядуудыг мөрдөн хөөж, угтан тулалдаж ялсаар Ар Монголыг гамин цэргээс бүрэн чөлөөлжээ. Мөнхүү дивизийн тугийн дор Монголын ноёд, лам нар, бүх ястны эрчүүд, монгол цустай азийнхан монгол цэрэг, дарга нар нэгдээд Хятадын байнгын армийн 13 мянга гаруй цэрэг, гурван мянга гаруй зэвсэглэсэн хятад иргэдтэй тулалдаж ялжээ. Хүрээг чөлөөлөх, гурав дахь том тулалдаанд оролцсон цэргүүдийн дунд 910 монгол хүн, 250 орчим европ хүн, 200 гаруй татар, башкир, 70 орчим япон, мөн төдий тооны төвд хүн байжээ. Хүнс, хоол, хувцас хэрэглэл, цэргийн агт, тэмээ, зөв мэдээлэл, санаатай цуурхал, үнэт зөвлөгөө, Богдын лүндэн, ард олны дэмжлэг, туслалцаа зэргийг тооцож үнэлэх аваас ялалтыг авч ирсэн объектив, субъектив хүчин зүйлүүдийн дийлэнх ихэнх нь Монгол талынх болох ажээ. Октябрийн хувьсгалаар Оросод хаант засаг унаж, Орос, Хятадын нууц гэрээ хүчингүй болсноор Монгол Улс 1911 онд олсон тусгаар тогтнолоо байлдан сэргээж чаджээ. Энэ бол монголчууд бидний хувьд Октябрийн хувьсгалын буй болгосон хамгийн том эерэг үр дагавар байлаа. Энэчлэн цөөнгүй эерэг үр дагаврыг уг хувьсгал бидэнд үлдээжээ. "Юм үнэнээрээ байх сайхан” хэмээдэг ардынхаа уламжлалыг санаж дээрх түүхэн баримтыг дурдлаа. Судлаач, профессор Д.ЧУЛУУНЖАВ Sonin.mn 698 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 7-11-2015, 14:03 АНУ: Оросын атгасан хөзрийн тамганы төлөө бид Сири, Украиныг ч мартахад бэлэн… 8-05-2015, 12:51 УИХ-ЫН ДЭД ДАРГА, МАН-ЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ДАЙЧИДДАА ТҮҮХЭН ЯЛАЛТЫН 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ЧИН СЭТГЭЛИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ… 30-12-2014, 09:46 Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгалын 10 гарамгай зүтгэлтэн… 23-08-2014, 12:02 Хятад, Монгол болон Орос хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийн зорьж байна… 23-08-2014, 11:56 Орос орныг хэн нураасан бэ?… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.