С.Батболд: Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэж, ил задгай худалдааг зогсоо

884

С.Батболд: Зөвшөөрөлгүй ТҮЦ-ийг нүүлгэж, ил задгай худалдааг зогсоо

 

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Мөн шинэ жилийн баярын өдрүүдэд холбогдох албан тушаалтнууд хариуцлагатай жижүүрт ажилласан, энэ хугацаанд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулж ямар арга хэмжээ авч ажилласан талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулсан.
 
"Нийслэл хот орчмоор өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд цас будран орж, Хот тохижилтын газар болон дүүргүүдийн тохижилт үйлчилгээний компаниудын холбогдох мэргэжилтэнд машин техник, хүн хүчээ бэлэн байдалд үүрэг өгч, Хот тохижилтын газраас 12 дугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн байдлаар автозамын халтиргаа гулгаанд бодис давсны 9 камаз, зам талбайн шүүрний 17 машин өглөөний 05:30 цагаас эхлэн ажилласан. Шинэ оны эхний өдрийн 08:47 цагт Баруун 4-н зам Барилгын хөгжлийн төвийн ойролцоо зам дагуу ус хальж, УБДС ТӨХК, УСУГ-ын диспетчер инженерүүдэд яаралтай шалгаж, 09:05 цагт төвийн хариуцлагатай жижүүр Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш болон Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон холбогдох бусад дарга нар газар дээр нь ажиллалаа.
 
УСУГ-ын Тосганы 1 дүгээр усан сангийн ус хальж, үерийн далан уруу орсон, ус зам талбай руу хальсан гэмтэл гарсныг Бөмбөгөрөөс Баруун 4 зам хүртэлх замын нэг талын урсгалыг 10:40-16:30 цагийн хооронд хааж, УСУГ-аас 10 техник, 200 хүний бүрэлдэхүүнтэй ажиллан автозамын мөстсөн хэсгийг цэвэрлэж, 35 рейсээр 180 тн усыг үерийн далангаас соруулан зайлуулж, 18 рейсээр 18 тн мөсийг цэвэрлэн, автозамын халтиргаа гулгаанд 4 тн давс зарцуулж, ХТГазраас 7 техник ажиллаж 4 тн бодис зарцуулж ажилласан” гэж танилцуулав.
 
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж "Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс нийслэлийн цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүлэн ажилласан. Энэ хугацаанд 6786 дуудлага мэдээлэл, 362 гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүртгэгдэж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
 
Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 2794 нэгж буюу 11.1 хувиар, гэмт хэргийн шинжтэй 1265 үйлдэл бүртгэгдсэн нь 35 нэгж буюу 2.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
 
Нийт 2312 алба хаагч өдөр бүр үүрэг гүйцэтгэж, давхардсан тоогоор явган эргүүлийн 1380 чиглэлд 3512 алба хаагч, авто эргүүлийн 248 автомашинд 496 алба хаагч, цагдаагийн 16 хэсэгт 128 алба хаагч ажиллаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 829 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 7256 иргэнийг 209.637.500 төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 153 жолоочийн зөрчлийг илрүүлж, эргүүлийн чиглэлд үйлдэгдсэн 30 гэмт хэргийг шуурхай эрэн сурвалжлан, халуун мөрөөр нь илрүүлж, таслан зогсоож ажилласан байна” гэж танилцуулав.
 
"Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 4369 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 120, зөрчлийн шинжтэй 4249 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1414 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж замд хийсэн шалгалтаар 2016 оны мөн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 910 бүртгэгдэж байсан бол энэ оны мөн үед 678 бүртгэгдсэн нь 25.5 хувиар буурсан байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.
 
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн "Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор цаг агаар өдөртөө 18-20 хэм, шөнөдөө 28-30 хэм хүртэл хүйтэрч зарим өдөр бага зэргийн цас орох урьдчилсан төлөвтэй байна. Нийслэлийн хэмжээнд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 137 дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 123, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 14 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Шинэ жилийн баяр амралтын өдрүүдэд нийслэлийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулж, гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах талаар нийслэлийн Онцгой комиссын даргын "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, үүрэг гүйцэтгүүлэх тухай” 03 дугаар тушаал гаргуулан, холбогдох 29 байгууллагад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулан ажиллалаа.
 
"Улаанбаатарын мөнгөн үдэш-2018” шинэ жилийн арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбай, Соёл амралтын хүрээлэн, Баянхошууны Зүрх-Уул, Дамбын гүүр, Баянзүрхийн Маахуур толгой зэрэг газруудад 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 21:00 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01:00 цаг хүртэл нийт 84 албан хаагч, 7 авто машин техник хэрэгсэлтэйгээр галын аюулгүй байдлыг хангуулан, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт тавин ажилласан” гэж танилцуулав. "
 
Зөрчлийн тухай хуулийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу мэргэжлийн хяналтын улсын /ахлах/ байцаагчид 791 зүйл заалтаас 686 зүйл заалтын дагуу хяналт шалгалт хийж байна. Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх чиглэлээр явуулсан хяналт шалгалтад 1045 аж ахуйн нэгж байгууллага хамрагдаж 860 зөрчил илрүүлсэн. Үүнээс 620 зөрчлийг газар дээр нь арилгуулж, 17 албан шаардлага хүргүүлэн, 9.2 сая төгрөгийн торгууль ногдуулсан” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
 
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд "2018 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээний бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах, 2, 3 дугаар сард хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмблэж тендер зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах ажлыг үе шатанд хугацаа алдахгүй зохион байгуулж ажиллах нь зүйтэй” гээд "Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харъяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлыг зохион байгуулах бэлтгэлийг хангах, "Улаанбаатар-Хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүйгээр ТҮЦ, ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа үйл ажиллагааг таслан зогсоож, нүүлгэн шилжүүлэх”-ийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>