ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНҮҮД ОРОСЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ УКРАИНААС ЗАЙЛАХЫГ ШААРДАВ

480
 ҮНДСЭРХЭГ ҮЗЭЛТНҮҮД ОРОСЫН БАЙГУУЛЛАГУУДЫГ УКРАИНААС ЗАЙЛАХЫГ ШААРДАВ
 
Москва /МОНЦАМЭ/   Энэ сарын 17, 18-ны өдөр Украины "Правовой сектор” болон "Сич” үндсэрхэг үзэлтнүүдийн бүлэглэл Киев хот дахь ОХУ-ын "Россотрудничество” төлөөлөгчийн газар, Сбербанк болон Альфа- банкны салбар барилга руу халдаж эсэргүүцлээ илэрхийллээ.
 
Ингэхдээ тэд тус байгууллагуудын хаалга, цонхыг нь хагалан, гадна хашаа болон ханан дээр хар, улаан өнгөөр Оросын эсрэг уриа лоозон  бичиж, уг байгууллагуудыг Украины нутаг дэвсгэрээс зайлахыг шаардсан байна.
 
Ийм төрлийн эсэргүүцэл нэг бус удаа гарч буй бөгөөд Украины эрх баригчид үндсэрхэг үзэлтнүүдийг өөгшүүлэн дэмжиж байгаад ОХУ-ын тал шүүмжлэлтэй хандаж байна. Түүнчлэн Украины цагдаа нар энэ удаа ч мөн ОХУ-ын өмчид халдсан этгээдүүдээс нэгийг ч баривчилж хуулийн хариуцлага хүлээлгээгүй тухай Украин дахь ОХУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд дурджээ.
 
ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев "2016 оны 8  дугаар сард мөн л үндсэрхэг үзэлтнүүд "Россотрудничество”-ын байрыг шаатаахыг завдаж байсан. Харин энэ удаад тус байгууллагын барилга дотор 50 гаруй хүүхэд байж. Оросыг үзэн ядах сэтгэлгээг иргэдийнхээ тархинд суулгаж буй Киев зөвхөн энэ бус өмнөх удаагийн бүх таагүй байдлын хариуцлагыг хүлээх ёстой. Энэ үзэл санааг хамгийн анх дэлгэрүүлсэн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ч мөн хариуцлага хүлээх ёстой” хэмээн өөрийн Фэйсбүүк хуудсанд бичжээ.
Л.Нандиа


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>