Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хэн, хэзээ барих вэ

875

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг хэн, хэзээ барих вэ

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын дарга Си Жиньпи Гашуунсухайтын боомтоор жил  бүр хамгийн багадаа 30 сая тонн нүүрс авч байх захиалга өгсөн. Энэ бол хөрш улсаа, тодруулбал Монгол Улсын эдийн засгийг дэмжсэн алхам гэдэг нь тодорхой. Ер нь тээврийн асуудлаа шийдвэрлэчих юм бол манай улс жил бүр 50 сая нүүрс экспортлох боломжтой гэсэн тооцоолол бий.  Энэ жишгээр харвал бид нүүрснээсээ алтан бороо оруулах бүрэн боломж байна. Тэгэхээр яаж энэ боломжийг бололцоо болгож хувиргах вэ.

Нүүрс нь байна, худалдан авагч нь байна. Харин энэ бүхэнд хөндөлсөж байгаа тээг гэвэл тээвэр.  Ийм хэмжээний нүүрсийг автомашинаар тээвэрлэнэ гэдэг цөөрөм байгуулах гээд шанагаар ус зөөхтэй адил. Тиймээс төмөр замаас өөр сонголт үгүй. 

Монголын улс төр 10 гаруй жилийн турш Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлд барих  268 км төмөр замыг тойрон хэрэлдэж хэлэлцлээ. "Энержи ресурс” ХХК Гашуунсухайт хүртэлх нүүрс тээврийн хатуу хучилттай замаа барьчихаад үргэлжлүүлэн төмөр зам барихаар ажиллаж байсан. Энэхүү төмөр зам нь тодорхой хугацааны дараа суурь бүтэцтэйгээ хамт төрийн мэдэлд ирэх  ёстой байв. Гэвч төмөр замын суурь бүтцийг төр эзэмших бодлогын хүрээнд гээд Н.Алтанхуягийн Засгийн үед энэ замыг улс өөрөө барихаар болсон ч ганц ч км замгүй өнөөдрийг хүрч байна. Энэ шийдвэр ёстой нөгөө "гүйх нохойд гүйхгүй нохой саад” гэгч болсон бөгөөд хэрэв тэр зам баригдсан бол Монголын эдийн засаг өнөөдрийнхөөс илүү гэрэл гэгээтэй байх байлаа. Өөрсдөө хийхгүй, өрөөлийг хийлгэхгүй ийм харалган бодлого төмөр  замын салбарыг чөдөрлөв.   

"Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс” хоёр компани төмөр зам барих хөрөнгө санхүүгээ хамтран босгох боломжтой. Энд бас худалдан авагч талыг оролцуулж болно. Нэг нь бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд, нөгөө нь авахын тулд дэд бүтэц дээрээ хамтраад ажиллах нь аль ч талаасаа зөв шийдэл.

Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр төмөр замын асуудал түлхүү яригдаж, 2014 оны санамж бичигтээ өөрчлөлт оруулсан гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Ингэхдээ энэ хүрээнд Монголын Төмөр Зам, БНХАУ-ын компани Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төслийг хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санамж бичгүүд зурсан.

Уг нь энэ айлчлалаар Гашуунсухайт чиглэлийн  төмөр замыг барих хөрөнгийн асуудал яригдана гэсэн хүлээлт байсан юм. Гэвч энэ төмөр замын талаар ямар нэг тодорхой мэдээлэл яригдсангүй. Эндээс харвал тус чиглэлийн төмөр замыг барьж байгуулахад урьдынхаас өөр бодлого  чиглэл баримталж байна гэж ойлгогдохоор байгаа юм.

Дээрхи айлчлалаас өмнө Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих шийдлээр Ерөнхийлөгч болон Засгийн газрын байр суурь зөрүүтэй байгаа талаар мэдээлж байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулга тус  замыг  төрийн өмчит "МТЗ” компани барьж, ашиглаж эзэмших ёстой гэсэн байр суурь илэрхийлдэг бол Засгийн газрын зүгээс  Тавантолгойн ордын нүүрсийг арилжиж буй компани, худалдан авагч эсвэл хөрөнгө оруулагч нар төмөр зам тавих  хөрөнгө мөнгөө босгох ёстой гэсэн зарчмаар хандаж байгаа юм. Өөрөөр хэлбэл  төмөр зам барих хөрөнгийг уурхайнууд босгож, төр бодлого зохицуулалтаа хийх ёстой гэсэн байр суурь юм.

Тавантолгойн уурхайгаас олборлолт хийж байгаа гурван ч компани бий. Тэр нь "Эрдэнэс Тавантолгой”, "Энержи ресурс”, орон нутгийн өмчит  Тавантолгой. Эдгээрээс эхний хоёр нь нүүрсээ экспортод гаргадаг. Тэгэхээр энэ хоёр компани төмөр зам барих хөрөнгө санхүүгээ хамтран босгох боломжтой гэсэн үг. Энд бас худалдан авагч талыг оролцуулж болно. Нэг нь бараа бүтээгдэхүүнээ зарахын тулд, нөгөө нь авахын тулд дэд бүтэц дээрээ хамтраад ажиллах нь аль ч талаасаа зөв шийдэл.

Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихад 1,5 тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо байна. Гэхдээ Монголын төрд ийм хэмжээний хөрөнгө гаргах боломж үгүй. Тэгээд ч энэ нь нэг  талаасаа төрийн үүрэг бас биш.

Тавантолгойн уурхайг эзэмшигч "Эрдэнэс Тавантолгой”-н хувьд одоо өр өглөггүй, ашиг орлого ч сайн байгаа, маш их нөөцтэй том уурхайг эзэмшигч гэдэг утгаараа мөнгө босгох бэлэн боломж нь  байна.  

Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдын айлчлалын дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ерөөсөө төмөр замыг тусад нь салгаад тээврийн яамны асуудал гэж харж болохгүй. Яагаад гэхээр энэ нь өөрөө мөнгөтэйгээ, нүүрстэйгээ уягдаж байж асуудал урагшилж шийдэгдэнэ гэсэн үг” гэжээ. Түүнчлэн Ханги Мандалын чиглэлийн олон улсын боомт байгуулах асуудал зэрэгцэн яригдаж байна. Ингэвэл урагшаа чиглэсэн төмөр замын гарц нэгээр нэмэгдэнэ гэсэн үг.

Ерөнхий сайд Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа  төмөр замын талаар удахгүй улс төрийн шийдэл гарна гэдгийг онцолсон. Зам тээврийн сайдын хэвлэлд ярьж хэлж байгаа бүхэн Ж.Бат-Эрдэнийн гэхээсэээ илүүтэй Засгийн газрын байр суурь гэдэг нь тодорхой. Ингэж харвал Засгийн газраас төмөр замын талаар баримтлах бодлогын хар зураг үндсэндээ тодорхой байна.  Гэхдээ Засгийн газар зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн асуудлыг цогцоор нь шийднэ гэсэн мессэж түлхүү явж байна.  Тэр цогц шийдэл гэдэгт тээвэр ложистик, жолооч нарын амарч ажиллах цогцолбор, шинээр тавих их даацын засмал зам гэхчлэн олон зүйл багтаж байгаа. Ингэж шийдсэн цагт өдөрт хилээр нэвтрэх машины 1500 гэсэн оргил тоог жирийн  хэм хэмжээ болтлоо хэвшүүлж чадна.

 

М.Нэргүй

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>