ХҮҮХДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ШИЙДВЭР ГАРГАХ УУ, УИХ-ЫН ГИШҮҮД ЭЭ?

670

ХҮҮХДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХСАН ШИЙДВЭР ГАРГАХ УУ, УИХ-ЫН ГИШҮҮД ЭЭ?

Хууль тогтоогчид хүүхдийн мөнгөөр цэц булаалдсаар цэг тавьж чадалгүй хоёр сарын нүүр үзлээ. Хүссэнд нь ус агаар шиг хэрэгтэй, хүсээгүйд нь харин дуслын төдий ч нэмэргүй хүүхдийн мөнгө улс төрчдийн дунд жинхэнэ "гал өрдөж" байна. Төрийн тэргүүн "...хүүхдийн мөнгийг 100 хувь олго" хэмээн зүтгэж байхад Засгийн газар 80 хувьд нь олгохоос цааш найраагүй гэж гүрийж байна. 

Эрх барьж байхдаа хүүхдийн мөнгийг хасах төсөл оруулж ирж байсан АН-ынхан ой санамжаа алдсан солонгос киноны баатрууд шиг авирлах нь гайхмаар. Аман дээрээ тэд хүүхэд бүрт хүүхдийн мөнгө гэж орилолдож байгаа ч ачир дээрээ бол МАН-ын Засгийн газар амлалтаа биелүүлж чадахгүй ацан шалаанд орохыг харин ч хамгийн ихээр хүсэмжилж буй. Төрийн тэргүүн ч бас энэ боломжийг ашиглаж масст таалагдах "магадлалын онол"-оо туршиж үзэж байх шиг. 

Хүүхдийн мөнгөний асуудлыг шийдэх ажлын хэсгийн ахлагч болохын төлөөнөө О.Баасанхүү С.Эрдэнэ нар байдаг муухай доромж үгсээр дуудалцан байнгын хороон дээр хэрүүл уруул хийсэн нь  хүүхдэд хайртайдаа биш л болов уу.     Оюуны өмч улсын бүртгэлийн газраас 2018 оны 03 сард гаргасан тоогоор Монгол улсад нийт 1.140.000 хүүхэд байна. "Хүн нэмбэл хүнс нэмнэ" гэж манайхан ярьдаг. Гэхдээ олон хүүхэд өсгөж, хүмүүжүүлнэ гэдэг аав ээжүүд, айл өрхөд хүндхэн ачаа. Төр энэ ачааг нь хөнгөлөх, улс гэртээ бүл нэмж буйг нь урамшуулах үүднээс цагийн цагт, үеийн үед хүүхдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлж байсан түүхтэй. 

Бүр соц нийгмийн үед л гэхэд "Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд улсаас олгох Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль” батлаж, 3 хүүхэд төрүүлэн өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 4, 5, 6 дахь хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил тутам 300 төгрөг, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 7, 8, 9 дэх хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил тутам 600 төгрөг; 9 хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийн дараагийн төрүүлсэн 10 ба түүнээс дээш хүүхэд тус бүрд 8 нас хүртэл нь жил тутам 800 төгрөг олгож байжээ. Мөн 1971 оны АИХ-ын тэргүүлэгчдийн 7 дугаар сарын 5-ны өдрийн 140 дүгээр зарлигаар Олон хүүхэдтэй эхчүүдэд улсын тэтгэвэр олгох журамд өөрчлөлт оруулж, төрүүлж өсгөсөн 4 ба түүнээс дээш тооны бага насны олон хүүхэдтэй эхэд 16 хүртэл насны хүүхдийн тоог харгалзан 4-9 хүүхэдтэй бол 400-3150 төгрөг, 10-аас дээш хүүхэдтэй бол хүүхэд бүрт 400 төгрөгийн тэтгэмжийг жилд 1 удаа олгож байв. 

Тэгвэл 2012 оноос хойш Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг бүх хүүхдэд хэрэгжүүлж, хүүхэд бүрт 20000 төгрөг олгох болсон юм. Харамсалтай нь эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан 2016 оноос хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн буюу нийт хүүхдийн 60 хувьд нь олгох болсон билээ. 
    Одоо харин өеөдсөн эдийн засаг өндийж, унасан улс орон тэнхэрч буй энэ цаг үед МАН Мөрийн хөтөлбөртөө тусгасан "Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө" олгох амлалтаа биелүүлэх түүхэн цаг үе тулж ирлээ. Гэвч одоохондоо бүх хүүхдэд мөнгө өгье гэхээр бүрэн бололцоо хараахан бүрдээгүй тул нийт хүүхдийн 80 хувьд олгох бодлого Засгийн газраас оруулсан ч Ерөнхийлөгчийн 100 хувь олго гэсэн зуултад оров. 

Дундын хувилбар байхгүй дур дурын энэ гөжүүдлээс болж хүүхдийн мөнгө монголын төрд "хүндхэн дөнгө" болов. Уг нь ингэж удаж хугацаа алдах, улс төржиж хүндээ алдахын оронд Засгийн газар ч, Ерөнхийлөгч ч тус тусын байр сууриндаа буулт хийж дундын хувилбараар асуудлыг шийдчихвэл болмоор санагдах. 

Хэрэгтэй хүндээ бол хүүхдийн мөнгө амьжиргаанд нь том дэм болдогийг хэцүүхэн амьдралтай хүн бүхэн захаас аван замаар дүүрэн хэлээд л байгаа. Харин чинээлэг амьдралтай, боломжтой өрхүүдэд бол хүүхдийн мөнгө нэмэр байтугай дусал ч болохгүй. Хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэр гарлаа ч угаасаа 100 хувь авч байсан түүх байхгүй юм билээ. Үсрээд л нийт хүүхдийн 90 хувь нь хүүхдийн мөнгө авдаг нь олон жилийн судалгаанаас тов тодорхой харагдана. 

Ийм болохоор С.Бямбацогт гишүүний хэлээд байгаа шиг хүсэлт гаргасан хүүхэд бүрт л хүүхдийн мөнгийг нь олгочихъё л доо. Өөрөөр хэлбэл өнөөдөр хүүхдийн мөнгө авч буй 60 хувь нь угаасаа авдагаараа авч л таараа. Харин хүүхдийн мөнгө авалгүй үлдсэн 40 хувиас хэн хүүхдийн мөнгө авах хүсэлтэй байгаад нь нэмээд өгчихөд л асуудал аяндаа шийдэгдчих бус уу. 

Ирц хүрсэнгүй, санал нэгдсэнгүй гэж баахан удаж удаж сая л нэг юм хуралдсан Төсвийн байнгын хорооны гишүүдийн олонхи нь нийт хүүхдийн 80 хувьд олгоно гэдэг дээр кноп дарж орхив. Энэ хэвээрээ цааш явбал их л олон хүүхэд гомдоох шинжтэй. Төр хүүхдүүдэд "хойт эх"-ийн царай үзүүлэхгүй гэвэл, түшээд амласандаа байж хүүхдийн мөнгийг хүсч байгаа болгонд нь өгчихвөл төрийн шийдвэр нүдээ олно. "Тугалыг нь турааж, эхийг нь эцээхгүй" зөв бодлого энэ л байна. 

Хүүхдийн мөнгөө хүлээсэн хүүхдүүдийн хүслийг гишүүд хясах уу, биелүүлэх үү гэдгийг чуулганы хуралдаанаас харж байя. Хүүхдийн баяраар нь тэдэнд гишүүд ямархан бэлэг барихыг бултаараа харцгаая. Бэлэг болсон шийдвэр гаргах нь уу, элэг барьсан бодлого барих нь уу гэдгийг цөмөөрөө ажицгаая. 

Хүссэнд нь дэмтэй, хүсээгүйд нь дом төдий хүүхдийн мөнгөн дээр хэн ямар байр суурьтай байхыг сайн харж авцгаая. 

Хүүхдийн мөнгөөр хийрхэн хэрэлдэж байх хооронд чинь энэ мөнгө хэрэгтэй хэсгийнхэн хоног тоолон хүлээсээр л суугаа шүү. Зуу ная хоёроос өөр тоо мэдэхгүй л гэж битгий хэлээрэй дээ.  Хүссэн хүүхэд бүрт алагчилж ялгалгүй авдаг мөнгийг нь өгч хайрла төр минь. Аавын хүү ээжийн охиныг бүү ялга. 

ЭХ СУРВАЛЖ: 24TSAG.MN

http://www.24tsag.mn/a/162578


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>