ЕГИПЕТИЙН ДОМГИЙГ САНАГДУУЛАМ ШОРООН БУМБАГАРЫН НУУЦ
Монголчууд бид баялаг түүхтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой, олон нууцыг өөртөө агуулсан түүхийн өлгий нутагт амьдардаг билээ. Монголын тал нутагт тайлагдаагүй нууц, судлагдаагүй археологийн олдвор олон бий. Үүний нэг нь Улаанбаатар хотоос баруун зүгт 200 гаруй км зайд, Булган аймгийн Баяннуур сумын нутаг, Майхан уулын бэлд хятаны үеийн Улаан хэрмийн ойролцоо орших нэгэн үл мэдэгдэх булш байжээ.
Энэ булшийг 2011 онд Монгол, Казахстаны хамтарсан археологийн судалгааны баг малтан шинжилсэн юм. Шинжилгээгээр энэ нь МЭӨ VI зуун болон МЭӨ VII зууны эхэн үед хамрагдах, Уйгурын язгууртны булш гэж үзжээ. Малтлагын явцад бунхан нь үүдэвч, хөмөг, дөрвөн өрх, хүзүүвч, бунхан, бунхны дээрх шороон овоолго гэсэн бүтэцтэй болохыг тогтоосон байна. Мөн шороон овоолгыг зуурсан шавраар үелүүлэн хийж, дагтаршуулах аргаар бүтээсэн байжээ.
Дурсгалын гадаад байдал нь дөрвөн метр өндөр, 36 метр голч бүхий суурьтай, шороон дов. Тэгш өнцөгт хэлбэрийн шороон хэрэмтэй, өмнө талдаа үүдтэй аж. Хэрэв энэ булшийг хайрлан хамгаалж, Булган аймгийн Баяннуур орчмыг аялал жуулчлалын төв болговол жуулчдын сонирхлыг татна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм.
170 ГАРУЙ АЛТАН ЭДЛЭЛ ОЛДСОН
Уг булш.нь гадны нөлөөтэй эвдрэл, сүйрэлд автаагүй байсан тул оршуулгын эд зүйлс бүтэн хэвээр үлджээ. Нарийн шавраар хийж, сайтар шатаасан 100 гаруй хүн, амьтны дүрс болон алт, мөнгө, хүрэл, төмөр, шавар, мод, торго, даавуугаар үйлдсэн 500 орчим олдвор олдсон байна. Мөн модон авс, түүний доторх араг яснууд хадгалагдан үлдсэн байж.
Энэ тухай Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа "Бунхант булшнаас содон олдвор их гарсан. 500 олдворын 170 гаруй нь алтан эдлэл байсан. Булш голдоо бумбагар хэлбэртэй. Энэ хавийн нутгийг Шороон бумбагар гэж нэрлэдэг. Шороон бумбагар бунхант булш нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон ханын зураг бүхий анхны дурсгал юм. Ханын зургууд нь тэр үеийн дүрслэх урлагийг харуулснаараа онцлог юм. Зургуудад янз бүрийн өмсгөл, үйл хөдлөл бүхий 24 хүний дүрс, цагаан бар, хөх луу, эмээл хазаартай морь, эртний туг далбаа, домогт амьтдын дүрс болон модыг дүрсэлсэн байсан. Луу, түшмэлүүд, морь мал, нохой, шувуу байснаас гадна сүмээс долоон шувуу нисч байгаа дүрс байсан. Египетийн пирамид дээр л төрөл бүрийн домгийн шинжтэй зүйлс дүрслэгдсэн дээ. Түүнтэй яг адил” гэсэн юм. Түүнээс малтлагын үед өөр содон зүйл олдов уу гэж асуухад "Нэг хүн нохойтойгоо ороод дарагдаж үхсэн байдалтай ул мөр олдсон” гэв.
ШИНЭЭР 250 ГАРУЙ ДУРСГАЛ ИЛРҮҮЛЖЭЭ
Энэ булш нь Монгол нутагт оршиж байсан эртний овог аймгуудын соёлын өв, уламжлалын үнэт зүйлсийг дэлгэн үзүүлснээрээ онцгой ач холбогдолтой гэж Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтнүүд болон археологичид үзэж байгаа юм. Бунхныг хадгалж, хамгаалах зорилгоор Соёлын өвийн үндэсний жагсаалтад бүртгэсэн байна.
Тухайн үед манай улс ЮНЕСКО-д хандсан байна. Үүний үр дүнд 2012, 2013 онд олон улсын мэргэжилтнүүд техникийн үнэлгээ хийж, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газарт хандан "Улаан хэрмийн Шороон Бумбагар археологийн дурсгалыг хадгалж, хамгаалах, тогтвортой менежмент бий болгоход боловсон хүчнийг чадавхижуулах, олон нийтийн ухамсрыг нэмэгдүүлэх нь” төслийг 2015-2017 онд хэрэгжүүлж дуусаад байна.
Төслийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сард дахин малтлага хийжээ. Эрдэмтэн, судлаачид өмнө нь судлагдсан дурсгалуудыг баримтжуулахын зэрэгцээ шинээр эртний хоёр хэрэм, нэг Шороон Бумбагар болон хүрлийн үеийн 46 дөрвөлжин булш, 31 хиргисүүр, Хүннү гүрний үеийн гурван оршуулгын газарт 180 гаруй булш, 60 гаруй монгол булш, найман газраас хадны зураг, Түрэгийн үеийн нэг тахилын онгон, он цаг нь тодорхой бус 80 жижиг булш гэсэн 250 гаруй дурсгалыг шинээр илрүүлсэн байна.
Энэ тухай Соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа "Бид дахин хоёр туйр нэмж илрүүлсэн. Үүнээс гадна Хүннүгийн үеийн гурван оршуулгын газар олдсон. Мөн тэр газрын ойролцоо Хүннүгийн гар урлал хийдэг, суурин газрын эздийнх байж болохуйц оршуулгын газар байна лээ. Оршуулга, суурин, тахилга тайлгын газар цогцоороо олдсон нь тэр үеийн хүмүүсийн ахуй амьдралыг судлахад нэн чухал ач холбогдолтой" гэсэн юм.
БУНХНЫГ ТОНОХ, ЭВДЭХ АЮУЛ ТУЛГАРЧ БАЙНА
Жуулчид гэдэг сонин, содон зүйлд дуртай улс. Тиймээс эх орны минь тал нутагт буй тэдгээр бунхан, булшийг хамгаалж, сэргээгээд хүмүүсийг татах нэгэн цогцолбор болговол аялал жуулчлалын сал-барт тустай байж болох юм. Манай мэргэжилтнүүдийн хувьд олдвороо бүртгэж, зургийг нь авч хадгалдаг байсан бол энэ удаад Италийн ханын зургийн мэргэжилтнүүдэд ханджээ. Гурван жил сургалт явуулсны эцэст бунхнаа сэргээн засварлах болон цаашид ижил төрлийн дурсгал дахин олдвол хэрхэн хамгаалах, ямар бодис ашиглахыг судалж, туршилт хийжээ. Мөн булш тонох, эвдлэх аюул учирч болзошгүй байгаа тухай мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Учир нь дотроос нь дурсгалын зүйлийг нь авах, худалдаалах зэрэг үйлдэл гарч болзошгүй тул Монголын түүх, соёлын өвийг яаралтай хамгаалах шаардлагатай болж байна.
Зууны мэдээ
Ч.Гантулга