У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах эхний хүн нь Г.ЗАНДАНШАТАР

634

У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах эхний хүн нь Г.ЗАНДАНШАТАР

 

У.Хүрэлсүхийн Зас­гийн газар "хэлбэлзэл”-тэй байна. АТГ-т танхи­мынх нь сайд нарын гу­рав­ны нэг нь лав шал­гуулж байгаа дуулдаж байна. Эхнээсээ нэр нь ил болчихлоо.

Гэхдээ авлигын хэрэг гэж нотлогдвол тухайлсан сайд дээр хувь улстөрчийн хариуцлага яригдаад өнгөрөх биз.

Харин энэ Засгийн газрыг хааш нь ч гаргахгүй гацаанд хийж орхисон нэг асуудал бий. Тэр нь хэд хоногийн өмнө, энэ сарын 12-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн явдал юм.

Ингэхдээ Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчөөд Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлчихсөн байдаг. Хуулиараа бол Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж аваад, УИХ-д уламжлан шинээр сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр байлгаж байх ёстой юм.

Яаран сандран хуралдаж ийм шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийтэд танил­цуулж, Ж.Бат-Эрдэнийн ажлыг аваад хоцорчихсон.

Ингээд У.Хүрэл­сүхийн Засгийн газар хэн нэгэн Үндсэн хуу­лийн цэцэд хандахад л "онхолд­чихоор” болоод байна.

Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм гоомой шийдвэр гаргахгүй байх нөхцөлийг Засгийн газрын тухай хуульд тодорхой хийгээд өгчихсөн байдаг бай­на. Хуульд зааснаар "аюул­гүй” шийдвэр гаргах асуу­дал шууд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хамаарна.

Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 3-т "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т заасан ажлыг хариуцна”, 20.5.2-т нь "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас УИХ-тай харилцах асуудал, төрийн албаны хүний нөөцийн асуудлыг хариуцна” гэж заажээ.

Түүнчлэн уг хуулийн 33.1-т "Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйл­чилгээний удирд­лагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:

1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;

5/Ерөнхий сайд, Зас­гийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана;

6/Танхимын хурал­даанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна;

8/Засгийн газрын шийд­вэрийг хэлбэр­жүү­лэн гаргаж нийтэлж мэ­дээлнэ” гэсэн байгаа юм.

Өөрөө хэлбэл, үү­гээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай 2018 оны наймдугаар сарын 12-ны ээлжит бус хурлаас гарсан шийдвэр шууд хамаатай болж байна.

Тэр шийдвэрийн та­лаар Ерөнхий сайд У.Хүрэл­сүхтэй хамт сууж байгаад мэдээлэл хийсэн Г.Занданшатар энэ бүхнийг анзааралгүй өнгөрсөн гэхээр бас хачин. Юутай ч Засгийн газраа онхолдуулах хэмжээнд хүртэл хариуцлага алдсан нь бараг л тодорхой юм.

Ингэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуудалд холбогдсон сайд нараас өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай ха­риуц­лага тооцох хэрэгтэй болж байгаа юм.

Учир нь түүний ал­даа­наас болж танхи­маа­раа уначих аюул нүүрлэ­сэн. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газраас хамгийн түрүүнд явах хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болчихсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>