Орон нутгийн мэдүүлгийг хянах явцад хувийн ашиг сонирхлын дөрвөн зөрчил илэрчээ

784

 

 

Орон нутгийн мэдүүлгийг хянах явцад хувийн ашиг сонирхлын дөрвөн зөрчил илэрчээ

 

 

АТГ-аас албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн 897 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Боловсролын салбар зэрэг байгууллагуудаас ирсэн мэдүүлгүүд бусад байгууллагатай харьцуулахад өндөр дүнтэй гарсан аж.

Харин орон нутаг дахь ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахад мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн дөрвөн хүн илт ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлтэд хүрсэн байна

Тодруулбал, мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Мөнхтүвшин, Өмнөговь аймгийн мал эмнэлгийн газраас томилогдохоор нэр дэвшсэн Г.Мөнхчулуун, Дундговь аймгаас нэр дэвшсэн А.Саруулжаргал, Баян-Өлгий аймгаас нэр дэвших Х.Санигаж нарын мэдүүлгийг хянан үзэхэд илт  ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдсон.

-Нэр дэвшигч Д.Мөнхтүвшин нь өөрийн хамаарал бүхий нэгэн болох эхнэр С.Батбулганы 100 хувийн үүсгэн байгуулсан, эзэмшлийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаагаар эрхэлдэг "Мөнгөлөг амьдрал” ХХК-ийн тухай мэдүүлэгтээ тусгаж өгөөгүй.

-Г.Мөнхчулуун нь өөрийн үүсгэн байгуулсан, байгууллагынхаа 99.31 хувийг эзэмшдэг, мал эмнэлгийн зориулалтаар үйлчилгээ эрхлэх "Энхсүрэгтэн” ЗБН, түүнчлэн өөрийн хамаарал бүхий эхнэр С.Тунгалагийн хариуцан захирлаар ажилладаг, мал эмнэлгийн үйлчилгээ, дотоод үйлчилгээний чиглэлээр үйлчилгээ эрхлэх чиглэлтэй "Дэлгэрэх говь” ХХК-ын талаар мэдүүлээгүй.

-А.Саруулжаргал нь өөрийн хамаарал бүхий төрсөн дүү А.Саруулбаатар, А.Саруулсайханболон төрсөн эцэг болох Д.Амгалан болон өөрийн үүсгэн байгуулсан мал эмнэлгийн үйлчлэх эрхлэх зориулалттай "Угтаал чандмань” хоршооны талаар мэдүүлэгтээ дурдаагүй.

-Х.Санигаж болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Х.Алиша, төрсөн дүү Х.Акбота, төрсөн хүү С.Хазиретнарын үүсгэн байгуулсан Мал эмнэлэг, үржлийн үйл ажиллагаа эрхлэх "Айым” хоршоог үүсгэн, захирлаар төрсөн хүү С.Хазирет бүртгэлтэй тул хувийн ашиг сонирхолтой мэдүүлгийг "Мэдүүлэг гаргагчтай нэгдмэл сонирхолтой этгээд” хэсэгт тус тус мэдүүлээгүй учир "Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон. Иймд түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллах талаар сануулан, томилох эрх бүхий албан тушаалтанд албан бичиг хүргүүлсэн аж.

Энэ оны есдүгээр сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авилга, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 28 өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн. Тухайн өргөдөл, гомдол мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө болон бусдад давуу эрх олгосон, өөрийн албан үүргээ гүйцэтгэх явцдаа ашиг сонирхлын зөрчил үүсгэж, албан тушаалтанд тавигдах хязгаарлалтын хоригийг зөрчсөн гэх ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлж байна.

Түүнчлэн Монгол Улсын Батлан Хамгаалахын Их сургуулийн "Тэмүүжин өрлөг” сургуулийн сургалтын менежер Р.Энх-Амгалан өөрийн болон нөхрийн ажлын цалингын хэмжээг буруу мэдүүлсэн. Нөхрийн нэр дээрх тээврийн хэрэгсэл болон, үүсгэн байгуулсан хэд хэдэн компани, эзэмшлийн хувьцааны талаар мэдүүлээгүй тул "албан тушаалын цалингын хэмжээг гурван сар хүртэлх хугацаагаар 30 хүртэл хувиар бууруулах” арга хэмжээг авах тухайг тус сургуулийн захиралд албан бичигт хүргүүлэн шийдвэрлүүлсэн.

Тус сургуулийн захирал, хурандаа Э.Бямбажав эхнэрийн нэр дээр бүртгэлтэй компани, авто зогсоолыг мэдүүлээгүй тус "сануулах” хариуцлага тооцох талаар Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргад албан бичиг хүргүүлэн, хариуцлага тооцуулсан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 121 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч В.Дэлгэрмаа өөрийн төрсөн дүүгийн эхнэр болох О.Гантуяаг 2016 оны ажилд томилон бага ангийн бүлгийн туслах багшаар ажилуулан улмаар 2018 онд ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ хугацаанд үр дүнгийн урамшуулал болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн тул хариуцлага тооцох тухай Нийслэлийн газрын даргад албан бичиг хүргүүлэн ашиг сонирхлын томилгоотой хууль бус хэрэгжилтүүдийг таслан зогсоосон аж.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>