“Жэжү эйр” компани Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хүсэлтээ өгчээ

1018

“Жэжү эйр” компани Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хүсэлтээ өгчээ

"Жэжү эйр” авиа компани Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ Иргэний нисэхийн ерөнхий газарт илэрхийлжээ. Энэ талаар өнөөдөр Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлай, Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтсийн дарга М.Эрдэнэбатмөнх болон албаны бусад хүмүүс БНСУ-ын "Жэжү эйр” авиа компанийн тээврийн асуудал хариуцсан захирал ноён Парк Ён Чол, "Ай эйч Си” ХХК-ийн Ерөнхий захирал Квон Ик Сон нарыг хүлээн авч уулзжээ.

ИНЕГ-аас дээрх авиа компанид "ИНД-129”-ийн дагуу таван шатлалтай хяналт, шалгалт хийж гэрчилгээ олгоно гэдгийг уулзалтын үеэр хэлсэн байна.

ИНЕГ-ын Дэд дарга бөгөөд Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба /НААХЗА/-ны дарга С.Манлайгийн хэлснээр, БНСУ-ын талаас Сөүл-Улаанбаатар, Бээжин-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх сонирхлоор түлхүү хандаж байгаа аж. Тэрбээр "Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлд тийзний олдоцын асуудал хүндрэлтэй байгаа учраас үүнийг мэдэрч, Солонгосын агаарын тээвэрлэгчдээс тогтмол нислэг үйлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа.

"Жэжү эйр” нь ийм хүсэлт илэрхийлсэн Солонгосын гурав дахь авиа компани. Өмнө нь "Eastar jet” компани хүсэлтээ гаргаж, "ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авч нислэг үйлдэж эхэлсэн. Одоогоор нислэг нь тогтмолжоогүй. "Жэжү эйр” компани нь дараалсан найман чартер нислэг үйлдээд, лимит нь дууссан учир тогтмол нислэг үйлдэх хүсэлтээ ийнхүү илэрхийлээд байгаа юм” гэв.

"Жэжү эйр” компаниас гаргасан хүсэлтийн дагуу одоогоор агаарын тээвэрлэгчийн бичиг, баримтуудыг нь үзэж шалгах, танилцах гэх мэт эхний 2 шатанд ажил явагдаж байгаа аж.

Тун удахгүй Астана-Улаанбаатар-Астана чиглэлд нислэг үйлдэх билээ. Энэ талаар тэрбээр "Скат” гэж авиа компани Астана-Улаанбаатар-Астана чиглэлд удахгүй нислэг үйлдэхээр бэлтгэгдэж байна. Манайхаас "ИНД-129”-ийн дагуу гэрчилгээгээ авсан. Монгол, Казакстан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа 18 жил идэвхгүй болоод байсан юм билээ. "Скат” компани дээрх чиглэлд тогтмол нислэг үйлддэг болсноор агаарын тээврийн салбарт хамтын ажиллагаа сэргэж байна гэж хэлж болно” гэв.

"Жэжү эйр” компани нь 37 агаарын хөлөгтэй, эдгээрийн 20 гаруй хөлөг нь Инчеоны нисэх буудлаас нислэг үйлддэг байна. Тус авиа компани 10 гаруй орны 50-аад чиглэлд олон улсын нислэг үйлддэг бол дотоодын 6 чиглэлд зорчигч тээвэрлэдэг. Ирэх жил парк шинэчлэлээ нэмэгдүүлж нийт 45 агаарын хөлгөөр гадаад, дотоодын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

Тус компани одоо ашиглаж буй 37 агаарын хөлгөөс 3-ыг нь худалдаж авсан бол бусад агаарын хөлгийг зээлийн нөхцөлтэйгөөр худалдан авч агаарын тээвэрт ашиглаж байгаа аж. Нисэх бүрэлдэхүүний хувьд дотооддоо бэлтгэсэн, мөн "Корийн эйр” авиа компанид ажиллаж байсан туршлагатай нисгэгчид ажилладаг байна. "Жэжү эйр” компани нь манай улсад өмнө нь найман удаа чартер нислэг үйлдсэн туршлагатай ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>