Крис Пол шиг холбогч 10 жилд нэг л төрнө

335
 

Лос Анжелес Клипперс баг шилдэг хамгаалалтын эсрэг тулаад хүчин мөхөстлөө. Тэд нэг тоглолтонд дунджаар 103 оноог авч, 100 оноо алддаг байсан бол Мемфис тэднийг 107-91 харьцаатай хожлоо. Нэг ёсондоо Мемфис энэ тоглолтонд тэдний гол зэвсэг довтолгоог үгүй хийж чадлаа. Мөн нэг тоглолтонд алддагаас нь илүү оноог эсрэг нь авлаа. Хамгийн гол нь Мемфис өөрөө 99.4 оноог авч буй. Тэгэхээр Клипперсийн хамгаалалт бусад багуудын хамгаалалтаас илүү муу байсан гэсэн үг юм.

Мемфисийг аваргын төлөө өрсөлдөх жинхэнэ чадамжтай баг гэж тооцдоггүйг энд сануулъя. Харин Лос Анжелес Клипперс бол яах аргагүй энэ ярианд хамаарагдах баг. Аль нь сайн баг байна вэ гэдгийг баталгаа өнөөдрийн тоглолт.

Марк Гасол 33 минутанд 30 оноо 12 самбар.

Марк Гасол Клипперсийн хамгаалалтыг, тэр тусмаа самбарын хамгаалалтыг төгс утгаар нь эвджээ. Түүний довтогооны дийлэнх нь самбарын ойролцооноос хийгдсэн байна.

Иймээс Клипперс бодитоор харж, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх цаг болсон. Крис Пол 29 настай. Тэр дахиад хэдэн жил өндөр түвшинд тоглох билээ? Хэн ч мэдэхгүй. Магадгүй түүний оргил амжилт Нью Орлеанс Хорнетсд 2008-09 оны хооронд үлдсэн байхыг ч үгүйсгэхгүй (22.8 оноо 11.0 дамжуулалт) Гэхдээ одоо ч 18.3 оноо 9.5 дамжуулалт дундажлах, мөн сайн хамгаалалт хийдэг, хожил авчрахад 100 хувь нөлөөтэй холбогч хэвээрээ. Гэвч мөнхөд энэ хэвээрээ байхгүй учраас Полын хувьд ч хугацаа багасч л явна. Тэр лигт 10 дахь улиралдаа тоглож байна. Тиймээс Клипперсийн хувьд түүхэн улирлын амжилтуудаа аваргын цомоор дуусгах хугацаа ч адилхан багассаар.

Полд багийг удирдах чадвар, шийдвэрлэх мөчид зөв шийдвэр гаргах IQ, биеийн хүч, хурд, шийдвэрлэх мөчид шидэлт хийх зориг гээд бүгд бий. Гол нь түүнд сайн хамтрагчид хэрэгтэй. Гоё тохолт, гоё шидэлт аварга цол авчрахгүй.

Клипперс аварга авахгүй 5 шалтгаан ба түүнээс гарах гарц :

1.Де Андре Жордан байгаа нөхцөлд Клипперсийн самбарын хамгаалалт бодитоор сайн байж чадахгүй, зөвхөн цаасан дээрх үзүүлэлтүүд л тэднийг аваргын төлөө өрсөлдүүлнэ. Энэ нөхцөлд Тиаго Сплиттер тоон үзүүлэлтээр Жорданаас хэд дахин бага байх боловч талбайд байх үр ашиг илүү гэдэг нь гарцаагүй. Ядаж л Сплиттер самбар доор шахсан довтолгоо 3,4 удаа хийчих юм даа. ДеАндре Жорданг солих.

2.Крис Полоос хэт хамааралтай сагсан бөмбөг. Пол суусан үед Клипперсийн тоглолт огт өөр болдог. Энэ хамаарлыг аль болох багасгах. Нэг ёсондоо Спөрс шиг сагсан бөмбөгийн системийг суулгаж, ямар ч тоглогч хэнийгээ ч нөхөж чаддаг болгох. Үгүй юмаа гэхэд сэлгээ, гарааны хоорондох зөрүүг арилгах. Пол плейоффт 48 минут тоглохгүй нь тодорхой бөгөөд Полыг эзгүйд шидэлтүүд нь орохгүй бол оноогоор хоцрох, орвол тэнцүү явах гэсэн азандаа найдсан сонголт хийсээр байх болно.

3.Будагтай талбайгаас оноо авах чадамж бага. Нэг баг улирлын тоглолтуудад дунджаар 80 довтолгоо хийдэг гэж бодъё. Плейоффт энэ тоо бүр бага 70 байх нь гарцаагүй. Гэтэл энэ довтолгооны 18-г нь Гриффин, 13-г нь Жамал Крофорд, 13-г нь Крис Пол, 9-г нь Ж.Ж.Редик гэсэн шидэлт буюу будагтайн талбайд гаднах тоглолт сайтай тоглогчид хийхээр хожил авна гэдэг хэцүү. Самбарт илүү ойр, самбарын тоглолт ялдаг нь бичигдээгүй хууль. Харин Клипперсийн жилээс жилд авч буй оноо нь самбараас холдсоор. Гриффиний шидэлт сайжирсан нь сайн талтай ч самбарын тоглолтыг нь бүр багасгаж буй муу талтай.

4. Ж.Ж.Редикт өгч буй итгэл буюу олон минут. Клипперсийн тоглолтуудаас хараад дүгнэж болох хамгийн эхний зүйл нь Ж.Ж.Редик. Редик талбайд байх үед багийн хамгаалалт тогтмол хасах оноотой байх боловч Док Риверс түүний шидэлтийг илүүд үзэж 28 минут талбайд гаргаж байна. 2 үе нэмэх нь дөрвөн минут Клипперс хамгаалалтандаа асуудалтай байна гэсэн үг. Нэг жишээ дурдахад Даллас Маверикс Лейкерсийн 2011 онд шүүрдэхэд Пежа Стояакович чухал үүргийг гүйцэтгэсэн ч түүнээс хойших цувралуудад, ялангуяа шигшээ тоглолтонд Стояаковичийг бараг талбайд гаргаагүйг сануулъя. Зөв цагт нь зөв хүнийг ашиглана гэдэг хамгийн том давуу тал. Редик мэдээж хэрэгтэй. Гэхдээ түүнээс Батт Барнс, Режжи Буллок илүү хамгаалалттай тоглоно.

5.Хамгаалалтыг илүүд үздэг 2008-2010 оны хооронд Бостонг удирдаж байсан Док Риверсийг биш харин довтолгоог таашаадаг дасгалжуулагч Док Риверсийг бид одоо харж байна. Риверс Бостон Селтикс багийг зөвхөн дасгалжуулж түүнд тэнцвэртэй, туршлагатай, сайн багийг Дэнни Эйнж бүрдүүлж өгсөн юм. Угаас адтай, тулгамдсан үед ухаалаг шийдвэр гаргаж чаддагаараа алдартай байсан Эйнж сайн менежер байж чадсан. Харин Док Риверс Клипперст илүү эрх мэдэл буюу сагсан бөмбөгийн үйл ажиллаагааны дэд ерөнхийлөгч болон ерөнхий дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаа. Одоогийн довтолгоо зонхилсон бүрэлдэхүүн түүний хийсэн ажил юм. Эндээс харахад Риверс сайн дасгалжуулагч байж болох ч сайн менежер биш бололтой. Түүнд дасгалжуулах ажлыг даатгаад, өөр хүн сагсан бөмбөгийн шийдвэрүүдийг гаргадаг болсон цагт тэнцвэртэй багийг бүрдүүлж болох юм. Тэнцвэртэй багийг хэрхэн ашиглахаа Док Риверс хэнээр ч заалгахгүй.

Эх сурвалж: Scoreport.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.