Монголчууд шинэ жилтэй танилцсан нь

558

Найман зууны тэртээгээс цагаан сар тэмдэглэсэн монголчууд 90 гаруй жилийн өмнөөс гацуур чимэж эхэлжээ. Энэхүү өрнийн соёл төв Азийн нүүдэлчдэд хэрхэн ийм хурдан түгэв гэдэг сонин.

Анх 1930-аад онд Их зохиолч Д.Нацагдорж хэсэг нөхдийн хамт шинэ жилийн баяр тэмдэглэсэн гэх баримт бий. Тухайн үед Германд боловсрол эзэмшээд ирсэн монгол залуус эх нутагтаа соёлын үрийг тарьж байсан хэрэг. Тиймдээ ч тэр жижиг арга хэмжээ их зохиолчийг хэлмэгдүүлэх гол шалтгаан болсон гэх баримт бий. Харин төрийн ёслолын хэмжээнд орон даяар тэмдэглэсэн нь хожуу буюу 1947 онд байв. Х.Чойбалсан тэргүүтэй нам, төрийн удирдлагууд тус оны арванхоёрдугаар сарын 31-нд шинэ жилийн баяр тэмдэглэн их найр хийжээ.

Ингэхдээ Монголын анхны бялууг урласан гэх сонирхолтой баримт бий. Тус зоогийг “хэвтэж буй хонины хэлбэртэй” хийж, номын Их багш Б.Ренчин гуайгаас нэр хайрла хэмээхэд “торт” гэх этгээд зүйлийг идэхээр нэг сайн бялуурдаг тул “бялуу” гэвэл зохилтой гэжээ. Ингэж л хөвсгөр, амттай идээ дуудуулах нэртэй болсон түүхтэй. Ер нь шинэ жилийг тэмдэглэх болсон нь олноо өргөгдсөн тооллыг халж, аргын тооллыг ард түмэн ахуй амьдралдаа мөрдөх болсноос үүдэлтэй юм. Ингэж анх монголчууд бялуу, ёолктой давхар танилцжээ.

Мэдээж монголчууд Орос орноос их олон зүйл таниж, мэдэж, сурч авсны нэгэн жишээ нь шинэ жилийн баяр юм. Оросууд шинэ жилийг гэр бүлийн баяр хэмээн тэмдэглэж, ширээ тойрон суугаад, он солигдох мөчид оргилуун дарс буудуулан, хундага тулган угтдаг. Мөн улсынх нь төрийн тэргүүн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар хуучин оны нийгэм, улс төрийн амжилт бүтээлийг дүгнэн сайн бүхнийг ерөөдөг байна. Энэхүү баярыг Монгол даяар тэмдэглэхэд Оросын соёл, боловсролын довтолгоо ч нэлээдгүй нөлөлсөн хэрэг юм.

Айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлөгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг бол албан байгууллагууд албан газрынхаа дотор эсвэл ойролцоо сүлд модоо засдаг. Мөн нийслэлийн захиргаанаас жил бүр Сүхбаатарын талбайд томоохон сүлд мод засдаг байна.

Мөн 12 сарын 31-ний орой гэр бүлээрээ баярын ширээгээ тойрч суун хуучин оныхоо баяр хөөрийг хэлэлцэж шинэ ондоо амжилттай сайхан байхыг хүсэн он солигдох цагаар оргилуун дарс оргилуулан шинэ оноо угтдаг. Шинэ жилийн баярын салшгүй нэгэн хэсэг нь цас мөсний орноос цан хүүргээ татуулан, цасан охидоо дагуулан ирж улирч буй ондоо сайн үйлс хийсэн хүүхэд багачуудад бэлэг өгдөг өвлийн өвгөн юм.

Г.Тэмүүлэн

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>