Г.Батсүх: Би ээжийнхээ хүрч чадаагүй өндөрт хүрч хүслийг нь биелүүлэх юм сан гэж хичээж яваа…

654

Г.Батсүх: Би ээжийнхээ хүрч чадаагүй өндөрт хүрч хүслийг нь биелүүлэх юм сан гэж хичээж яваа…

 

Төрийн хошоо шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт, БЦДБЧ-ын гоцлол дуучин, хөтлөгч СТА Г.Батсүхтэй хувь хүн болоод, уран бүтээлийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүллээ.                                    

-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Мөн дуучин болох хүсэл хэзээнээс төрөв?

-Би Завхан аймгийн Их-Уул суманд 1982 онд төрсөн. Аав минь тухайн үед сангийн аж ахуй байх үеэс эх орныхоо бүтээн байгуулалтад зүтгэж явсан тракторын жолооч хүн. Миний ээж  30 гаран жил боловсролын байгууллагад ажилласан дуу хөгжмийн багш байдаг. Миний хувьд арван жилийн 8-р ангид байхдаа "blue sky” гэж хамтлаг байгуулан тэмцээн уралдаанд оролцдог байсан. Тэр үеэс  урлагийн замналд орох хүсэл бадарч эхэлсэн. Түүнээс би эмч болохыг хүсдэг байлаа.

-Та багын мөрөөдлөө биелүүлээд эмч болсон бол гэж боддог уу?

-Бодолгүй яахав. Би багын л их өрөвч сэтгэлтэй хүүхэд байсан. Өвчиндөө зовж, шаналж байгаа хүмүүсийг хараад би энэ хүмүүсийг анагаадаг, өвчин зовлонгоос нь салгадаг хүн болно гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ одоо бол дуучин болсондоо харамсдаггүй. Учир нь дуучин, эмч гэсэн хоёр мэргэжил хоёулаа хүнийг анагаадаг гэж боддог. Дуугаар хүнийг анагаахын тулд сайн уран бүтээлч л байх ёстой. Сайхан дуулаад сонсогчиддоо аз жаргал бэлэглэх, сэтгэлийнх нь зовинол, шаналалыг мартуулна гэдэг нэг ёсондоо эмчилгээ болж байна гэж ойлгодог доо.

-Анх ХЦДБЧ-т хэдэн онд  орсон бэ?

-Анх ХЦДБЧ-т 2004 онд ямарч урлагийн сургууль төгсөөгүй хэрнээ олон жилийн түүхтэй ийм сайхан хамт олны дунд гишүүн болж орсондоо баяртай байдаг.  Тухайн үед Од кино театрын ерөнхий менежер хийж байсан Үржинбадам эгчийн урилгаар Монгол киноны дууны уралдаанд орж тусгай байрын шагнал авсан. Энэ үед кино жүжигчин, хөгжмийн зохиолч МУУГЗ Т.Эрдэнэ-Очир гэж хүн ХЦДБЧ-ын уран сайхны удирдаач байхдаа миний авьяасыг үнэлж ХЦДБЧ-т орох санал тавьж байсан. ХЦДБЧ-т дагалдан дуучнаар ажиллаж байхдаа СУИС-ын дуулаачин ангийг төгсөж ХЦДБЧ-ийн гоцлол дуучин болтлоо хичээсэн дээ. Энэ хугацаандаа хөтлөгч хийх авьяасаа нээсэн. Хөтлөгч хийнэ гэдэг их мэдрэмж шаардсан ажил. Манай чуулгын үе үеийн хөтлөгчийг дандаа дуучид нь хийж ирсэн түүхтэй байдаг. СТА Г.Мөнхжаргал гэж мундаг яруу найрагч, дуучин хүн намайг хөтлөгч хийхээс өмнө манай чуулагад хөлөгч хийдэг байсан. Тухайн хүний бий болгосон мундаг их  хөдөлмөр зүтгэл, алдар гавьяаны араас надад нилээн хичээл зүтгэл хэрэгтэй байсан. Тиймээс өөрийгөө бүрэн дайчилсны үндсэнд энэ цагийн мэргэжлийн хөтлөгч нарын эгнээнд элсэж чадсан гэж боддог. Найман жил тасралтгүй хөтлөгч хийж,  чуулгынхаа хамт олонтой 16 жилийн түүхийг бүтээсэн байна.

-Дуулах, хөтлөгч хийх хоёрын аль нь таньд илүү таалагддаг вэ?

-Аль аль нь надад их сайхан мэдрэмж төрүүлдэг мэргэжил. Тиймээс  дуучин хүнийхээ хувьд дуугаа дуулаад хажуугаар нь мэргэжлийн хөтлөгчийн хэмээнд хөтлөгчийн ажлыг давхар хийнэ гэдэг тухайн хүнээс маш их чадвар шаарддаг. Тэхээр би дуулах болоод хөтлөгч хийхийн аль алинаас нь адилхан таашаал авч чаддаг их азтай хүн. Би энэ хоёр зүйлийг өөрийнхөө хэмжээнд өндөрт авч явахыг хичээж ирсэн. Цаашдаа ч энэ авьяасаа илүү их хөгжүүлэхийг хичээж байгаа.

-Таны хувьд чөлөөт уран бүтээлчээс илүү ХЦДБЧ-ын дуучин байхын давуу тал болоод ялгаа нь юу байна.

-Өнөөдрийн нийгэмд хөдөлмөрч хүний хийсэн бүтээсэн зүйл хүмүүст илүү хүрдэг болсон. Чөлөөт уран бүтээлчдээс онцлогтой тал нь мэргэжлийн байгууллагад, мэргэшсэн хамт олон дунд ажиллаж байгаа нь онцлог болж байна. Түүнчлэн эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй. Тэр үүргийнхээ төлөө хязгаар нутагт байгаа ард түмэн, хилчдэд үнэ төлбөргүй уран бүтээлээрээ хүрч очдог. Энэ бол уран бүтээлч хүний хувьд их том хөдөлмөр зүтгэл, бахархах бахдал нь юм.  Үүгээрээ чөлөөт уран бүтээлчдээ үгүйсгэх гэсэнгүй. Чөлөөт уран бүтээлчид болоод манай байгууллагын хооронд маш том ялгаа бий. Бидэнд маш том зорилго, хүлээсэн үүрэг байна. Зарим  уран бүтээлчдэд шүүмжлэлтэй хандмаар зүйл байдаг. Эх орноо тойрон аялан тоглолт хийсэн гэдэг ч дархан хилээ хамгаалж байгаа хилчиддээ уран бүтээлээрээ хүрч очсон дуучид цөөхөн байдаг. Эх орон гэдэг зүйл торгон хилийн шугамнаас эхлэлтэй гэж ойлгож явдаг. Үнэхээр уран бүтээлч хүн түүнийхээ төлөө зүтгээд эх орноо тойрлоо гэж байгаа бол хилийн застав, харуул дээр очиж тоглолтоо хийх хэрэгтэй байна. Бидэнд юун түрүүнд эх орон гэсэн үзэл байх ёстой.

-Та өөрийгөө хэр амжилттай яваа уран бүтээлч гэж боддог вэ?

-Би өөрийгөө зүгээр суудаггүй уран бүтээлчдийн нэг гэж боддог.  Манай чуулга  жилд 3-4 удаа улсынхаа дархан хилээр тойрч, хилчиддээ уран бүтээлээ хүргэдэг. Үүний хажуугаар 2013 онд анхны цомгоо гаргаж "Тэнгэр нь цэлмэг эх орон” тоглолтоо Монгол бөхийн өргөөнд зохион байгуулсан. Түүнчлэн "Санаж зорих ижий”, "Тэнгэр нь цэлмэг эх орон” CD гаргасан байдаг. 2017 онд миний өөрийн 20 клип, кино концертоос бүрдсэн "Тэнгэр нь цэлмэг эх орон” DVD гарж баярын тоглолтыг  Улаанбаатар паласт үзэгч, сонсогч дүүрэн сайхан хийсэн. Энэ хөдөлмөр зүтгэлийг минь үнэлж монголын хилчид олон гавьяа шагналыг өгсөн. Энэ завшааныг ашиглаад намайг дэмжиж байдаг, хилчид, уран бүтээлчид, удирдлагууддаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Таны хувийн уран бүтээлийн голлох сэдэв юу вэ?

-Миний уран бүтээлд цэрэг эх орны сэдэвтэй дуу голчлон байдаг. Тиймээс хоёр удаагийн тоглолтоо  "Тэнгэр нь цэлмэг эх орон” гэж нэрлэсэн байдаг. Учир нь намайг бүх хилчид энэ дуугаар минь мэддэг. Үүнээс гадна надад олон сайхан дуу бий. Аав ээж, ханьдаа зориулсан, хайрыг магтсан гээд ярьвал олон сэдвээс бүрдсэн 60 гаран дуу байна даа.

-Ээжийг тань их сайхан дуулдаг гэж сонссон?

-Миний ээж цагтаа Монгол Улсын Ардын жүжигчин Цэмцээ гуайтай тэмцээнд хамт оролцон өрсөлдөж байсан гэж бодохоор их сайхан хоолойтой, авьяаслаг хүн гэдэг нь илэрхий юм. Өнөөдөр ээжийн минь хөгжмийг нь зохиосон олон сайхан дуу бий. Миний ээж тууштай дуулсан бол Монголын урдаа барьдаг сайхан уран бүтээлчдийн нэг байх байсан болов уу. Гэвч олон сайхан шавь нараа хөгжмийн ертөнцөд хөтөлж гавьяандаа гарсан хэрнээ одоо ч урлагаа орхилгүй олон олон хүүхдүүдэд хөгжим заасаар байгаа. Би ээжийнхээ хүрч чадаагүй өндөрт хүрч хүслийг нь биелүүлэх юм сан гэж хичээж яваа…

-Таны эх орон гэх омогшил хэр вэ?

-Нилээн дээгүүр гэж үздэг. Тийм ч утгаараа ХЦДБЧ гэдэг их айлд 16 жил ажиллаж байна. Намайг чөлөөт уран бүтээлч болооч гэж олон найзууд минь хэлдэг ч энэ сайхан айлаас гарч чадахгүй байгаа хамгийн том шалтгаан бол миний эх оронч үзэл их байгаагийн илэрэл юм. Улсынхаа хил, хилчидрүүгээ тоглолтын томилолт авахдаа хэзээ ч татгалзаж үзээгүй. Алс хязгаарт сүлдэт баганыхаа дэргэд зогсход өөрийн эрхгүй нулимс цийлэгнэж, би ийм сайхан эх орны хүү шүү гэж өөртөө урам өгдөг. Ганц хил дээр гэлтгүй тайзан дээр эх орны тухай шүлэг уншхад сэтгэл минь гэгэлзээд өөрийн эрхгүй омогшдог.

-Та яагаад бусад уран бүтээлчид шиг өөрийгөө олон нийтийн хэрэгслээр сурталчилдаггүй юм бэ?

-Миний багын хүмүүжил болоод анх чуулагат ороход миний багш МУСТА Жанцангийн Батхүлэг уран бүтээлч болохын өмнө хүн байх тухай зааж сургадаг байсантай их холбоотой ч байж мэднэ. Хүн өөрийгөө тоогоод эхэлбэл та хүн байхаас хазайж байгаа хэрэг. Зүгээр хийх ёстой зүйлээ хийгээд явж байхад аяндаа ард түмэнд танигдаад эхэлнэ. Түүнээс биш өөрийгөө сурталчлах гэж хичээх нь эх орны өмнө үүрэг хүлээсэн уран бүтээлчийн хувьд нэгт тавих ажил биш байхаа. Надад олонд сурталчлая гэвэл олон сайхан уран бүтээл бий. Дуунд дуртай ард түмэн минь сонсох цаг ойрхон байна.

-Цаашдийн уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцаач.

-Хүмүүс намайг ихэвчлэн хөтлөгч  гэж боддог байх. Тэхээр өөрийгөө дуучин гэдэг талаас нь олон түмэнд таниулахын тулд энэ намар мэргэжлийн түвшний тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Монголын теноруудын дуулж амилуулсан олон сайхан дуунаас алтан тайзан дээрээ дуулах юмсан гэсэн чин хүсэл минь энэ тоглолтыг хийх шалтгаан болж байгаа юм. Одоо хийж байгаа уран бүтээлүүд гэвэл яруу найрагч Н.Баянмөнхийн үг, МУСТА Анхбаярын ая "Морьд ирлээ” гээд шинэ дуугаа наадмаас өмнө гаргана. Мөн МУСТА дуучин Бат-Ундрахын үг, аяаар бүтсэн "Аав минь” дуугаа олон нийтэд хүргэхэд бэлэн болсон байгаа. МУСТА Н.Даваасүрэнийг хөгжмөөр бүтсэн "Чинийхээ үгүйд” дууг ХЦДБЧ-ийн гоцлол дуучин М.Отгонжаргалтай хамтарч дуулахаар төлөвлөөд  байна. Өөрийгөө гэхээсээ илүүтэй өөрийн үүсгэн байгуулсан "Column pictures”-ээрээ дамжуулан олон найз нөхөд, уран бүтээлчдээ дэмжиж ирсэн. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөсөн ажил их байгаа.

Дашрамд Монголын нийтийн дууны урлагт өөрийн гэсэн нэгэн өнгө төрхийг бүрдүүлж яваа авьяаслаг залуу энэ сарын 16-ны 19.00 цагт UB паласын концертын их танхимд "ТЭНГЭР НЬ ЦЭЛМЭГ ЭХ ОРОН-3” тоглолтоо хийх гэж байна.

Энэхүү тоглолтоо жил бүр уламжлал болгон хийдэг бөгөөд энэ жил гурав дахь удаагаа хийж байгаа ажээ. Энэ жилийн тоглолтын онцлог нь үзэгчид дундаас азтан шалгаруулах ба супер азтан нь “Nissan Liaf” машины эзэн болох юм.  Тоглолтонд МУГЖ Б.Ганчимэг, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ М.Бямбажав, МУСТА Б.Батболд тэргүүтэй олон уран бүтээлчид ая дуугаа өргөн Монгол эрчүүдтэйгээ эх орон юугаан магтан дуулна.

 Тасалбар захиалах болон дэлгэрэнгүй мэдээллийг 99195408, 88045408, 91769999, 90892222 дугаараар холбогдож аваарай.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд нь  амжилт хүсье!

-Баярлалаа. Танай ажлын хамт олонд бас ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Ярилцсан: М.Март

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>