ХАКУХО ДАВААЖАРГАЛ ХАА ХОЛДОХ ВЭ ДЭЭ

67

"Сумогийн их аварга Хакухо Даваажаргал Япон улсын иргэн болжээ" гэсэн мэдээлэл интернэтийн хурдаар тархаж амтай болгон муу хэлэв.Энэ залуу төрөөс хулгай хийв үү, авлига авсан уу, хүний амь хөнөөж хүчирхийлэл үйлдэв гэж бодтол муулав.
Миний хувьд их ухаантай аваргын хүү алсын харсан, улсаа бодсон шийдвэр гаргалаа гэж харав. Хувийн эрх ашгийн хувьд Япон улсын иргэн болсноор бизнес хийх, монголчууд яваад очих дэвжээ байгуулах (Хичнээн олон залуусын амьдрал сайжрах бол. Сумогоор шүргээд гарсан залуу ирээд л компани байгуулдаг юм даа), татвар шимтгэлээ бага төлөх бололцоо бүрдэнэ. Хоёрдугаарт Монгол Улсын нэр хүндийг 2020 оны олимпод ихэд өргөж Япон-Монголын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулна.(Монгол Улсад хамгийн их зээл тусламж, хандив Япончууд л өгдөг)
М.Даваажаргал сэтгэл буруу байсан бол эртнээсээ Монгол Улсад бизнес хийхгүй байв. Түүний барилга байгууламж, дэлгүүр, рестрон, цагаан будааны талбай, мал аж ахуй нь хүртэл байна. Дахиад бүр банк санхүүгийн байгууллагад хүч үзэхээр явж байгаа юм билээ.
Чингис хаан "Сэтгэлийг нь хураасан байхад бие нь хаа холдох вэ" гэдэг шиг Мөнхбатын Даваажаргал нас явах цагтаа эх орон руугаа гүйнэ. Аавынхаа нутагт хөшөө дурсгал, хөрөнгө оруулалт хийх юм билээ. Энэ залууд Монте Кристо гүн шиг баян болох эх орноо хөгжүүлэх мөрөөдөл бий. Тийм зүйл ярьдаг их аваргын алсын хараатай хүүг бүү муул. 
Монголын харьяатаас гарах гэж эх орондоо багтаж шингэхээ байлаа, хавчаад байна, би тэмцэгч, эх оронч гэсэн худлаа өргөдөл барьсан залуус Элчин сайдын яамны үүдээр зөндөө байгаа. Тэд нарын дэргэд байгуулсан гавьяатай Даваажаргал улам урагшаа зүтгэж байгааг анзаарах ухаан алга уу та нарт.. Эргээд ирэх сэтгэлийг нь бүү бууруул. Эрдэнэсантын хүүхдүүд цаанаа шөрмөстэй дамшигнууд шүү. Итгэлт гуай нь хэлсэн билээ.

Б.Жаргалсайхан

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.