Монгол Улсын “нэрийг хугалсан“ дипломатчийг хаацайлах учиргүй

74

Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэх, бусдад зарж борлуулах, насанд хүрээгүй хүүхдийг үүнд татан оролцуулах хууль бус үйлдэл нэмэгдсээр байна.Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн онд энэ төрлийн 200 орчим гэмт хэрэгт 400 гаруй хүнийг холбогдуулан шалгасан нь үүнийг батална. Энэ он гарсаар хар тамхи, мансууруулах төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой 24 хэрэгт 60 орчим хүнийг холбогдуулан шалгаж байгаа нь сэтгэл түгшээсэн мэдээлэл юм.

Гэтэл дэлхий нийтээр “цагаан тахал” хэмээн нэрлэж, бүх нийтээр тэмцдэг хар тамхи худалдан борлуулах, тээвэрлэх ажилд Монгол Улсаас Турк улсад суугаа Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолоочийн хамт биечлэн оролцсон хэрэг гарчээ.

Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх цэгээр үйлчлүүлсэн Монголын дипломат ажилтнуудын тусгай дугаар бүхий автомашиныг саатуулан шалгаж, 70 кг геройны төрлийн мансууруулах бодис тээвэрлэж явсныг илрүүлсэн байна. Уг хэргийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэхдээ “ГХЯ хэрэг гарсан даруйд мэдээллийг Берлин дэх ЭСЯ-аар дамжуулан авсан. Хилийн чинадад монгол иргэн гэмт хэрэгт холбогдох, саатуулагдах тохиолдолд Консулын харилцааны тухай Венийн конвенцын дагуу бидэнд мэдэгддэг юм” гэлээ. Мөн хэргийг шалгах ажиллагаа дуусаагүй байгаа, ар гэрийнхнийх нь хүсэлтээр хувь хүний нууцыг хамгаалах зэрэг үндэслэлээр гадаадад гэмт хэрэг үйлдсэн, холбогдсон иргэний талаар ГХЯ-наас олон нийтэд мэдээлдэггүй болохыг хэлж байсан юм.

Монголчууд “Нэр хугарахаар яс хугар” гэдэг мундаг философитой ард түмэн. Гэтэл Монгол Улсын нэр хүнд, нүүр царай болж, дипломат албанд зүтгэхдээ үнэнч шударгаар ажиллахаа амласан хүмүүс ийнхүү олон улсын тавцанд эх орон, ард түмнийхээ арай ядан өндийж байгаа нэр нүүрийг барж явааг яалтай билээ.

Энэ нь дипломат албаныхан холбогдсон анхны хэрэг биш. Гурван жилийн өмнө Унгар улсад суугаа Монголын Элчин сайдын яаманд эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Дөхөмбаяр гэгч хууль бус тамхины асуудлаар Украины хил дээр саатуулагдсан талаар хэвлэлээр гарч байлаа. Түүнчлэн А.Батсайхан 2003-2007 онд Польшид суух ЭСЯ-нд түр хамаарагчаар ажиллаж байхдаа хууль бусаар тамхины наймаа хийсэн, Г.Дашдаваа БНБУ дахь ЭСЯ-нд ажиллах хугацаандаа эхнэрийн хамт мөн л тамхины наймааны хэргээр саатуулагдаж байжээ. Франц дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхийн алба хашиж байсан Б.Санжмятав хууль бус наймаа хийсэн асуудлаар Польшид шалгагдаж байсан бол тус яаманд зөвлөхөөр ажиллаж байсан Д.Далайжаргал их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүсэн гэх хэрэгт холбогдож байжээ.

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг энэ хүмүүсийг нэр зааж хэлээгүй ч Монголын дипломат ажилтнууд Европын орнуудад хууль бусаар тамхи зөөвөрлөж байгаад баригдсан тохиолдол гарч байсныг албан мэдээндээ дурдаад “Тухай бүр манай яамнаас холбогдох арга хэмжээг авч, зохих шийтгэлийг ногдуулсаар ирсэн” гэсэн нь дээрх баримтыг үгүйсгээгүй явдал юм. Түүнчлэн Европын зарим оронд монгол иргэд тамхины хууль бус наймаа эрхэлж байж болзошгүй гэх мэдээллийн дагуу энэ оны нэгдүгээр сард ГХЯ-наас Тагнуулын ерөнхий газарт хандаж, энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авч, хамтран ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Манай улсын дипломат албаныхан хар тамхины хэрэгт холбогдсон анхны тохиолдол ч энэ биш ажээ. Өмнө нь Болгар улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны зөвлөхөөр ажиллаж байсан Д.Шатарбал их хэмжээний хар тамхийг дипломат албаны улаан дугаартай машинаар тээвэрлэж яваад баригдсан байна. Түүнд шүүхээс найман жилийн а хорих ял оноож байжээ.

ХБНГУ-ын Дрезден хотын хилийн шалган дээр саатуулагдсан. Одоогийн байдлаар манай улсын 180 орчим иргэн гадаадад ял эдэлж байгаагийн до- тор 53 нь хар тамхины хэрэгт холбогджээ. Үүнээс Хятадад 40 гаруй иргэн энэ төрлийн гэмт хэргийн улмаас эрх чөлөөгөө хасуулан хоригдож байна. Тэдгээрийн дундаас 2009 онд хар тамхины хэргээр Хятадын анхан шатны шүүхээс цаазаар авах ял сонссон Л.Байгальмаа гэх эмэгтэйн шийтгэлийг хөнгөрүүлж, 25 жил хорихоор болж байлаа.

Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас хилийн чинадад гэмт хэрэг үйлдэж, харьд ял сонссон ч монгол хүн эх орондоо шийтгэлээ эдлэх боломжтой гэж үзэж тууштай хөөцөлдсөний эцэст Л.Байгальмааг найман жилийн дараа Монголд “Ялтан солилцох гэрээ”-ний дагуу авчирсан байдаг. Энэ бол Монголын төр хувь иргэндээ хүнлэг, энэрэнгүй хандаж чаддагийн жишээ юм.

Харин Монгол Улсын нэр хүнд, дипломат албаны ёс жудгийг гутаан доромжилсон, хувийн эрх ашиг, хонжоо наймааг илүүд үзсэн дээрх хүмүүст хатуу хариуцлага тооцох нь зөв байх. Тэд улс орныхоо дипломат ёс, монгол хүний эрхэм чанар, нэр төрийг давхар “хугаллаа”. Монголын дипломатчийн холбогдсон хэрэг явдал нь хил дамнасан, их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаар зөөвөрлөсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр хүндрүүлэх шалтгаантай болж магадгүй юм байна. ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог аж.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.