ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

588

ХАР ТАМХИТАЙ ТЭМЦЭХЭД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ

 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ. 
 

Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн сүүлийн үеийн статистик тоон судалгаанаас үзэхэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан Мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тоо урьд оноос 78 хувиар өсчээ. Холбогдсон этгээдүүдийн 50-иас дээш хувийг 16-35 насны хүмүүс эзэлж, энэ гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, оюутан, сурагчид өртөж байгаа нь  нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байна.
 
Хар тамхи болон мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийн хор хөнөөл, түүнтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн тухай ойлголт, өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах талаар нийгэмд ойлгуулж, таниулахад прокурорын байгууллага хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа билээ.
 
Тухайлбал: Нийслэлийн прокурорын газраас “Хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодистой холбоотой зөрчил, гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр он гарснаас хойш нийт 10 гаруй их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудад  сургалт, яриа таниулгыг явуулаад байна.
 
Сургалтанд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургууль, Шинжлэх Ухаан техникийн их сургуулийн Барилга архитектурын сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Соёл Эрдэм дээд сургууль, Зохиомж дээд сургууль, Аварга дээд сургууль, Монгол-Солонгосын политехник коллеж, Шинэ Эрин, “Аварга” ахлах сургууль, Монгол Улсын Их Сургуулийн Байгаль-Эх лицей ахлах сургууль, Монгол, Оросын хамтарсан 3 дугаар сургууль, Нийслэлийн 1 дүгээр сургууль, Монгени цогцолбор сургуулийн нийт 920 орчим оюутан, сурагчид хамрагджээ.
 
Хар тамхитай тэмцэхэд хуулийн байгууллагаас гадна хүн бүрийн сэтгэл, зүтгэл, оролцоо чухал болохыг Нийслэлийн Прокурорын газраас онцолж байна.
Нийслэлийн Прокурорын газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>