МҮИС-ИЙН УДИРДЛАГУУДАА НИСЭХИЙН САЛБАРТ БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭНЭ ГЭДЭГ ТОГЛООМ БИШ
Иймээс Монгол Улс иргэний нисэхийн салбар боловсон хүчнээ хэрхэн бэлтгэдэг вэ? гэх мэдээллийг хүргэе.
ИНЕГ-ийн Нисэхийн сургалтын төв бий. Энд компаниуд болон бусад алба салбар, хэлтэс, нэгжүүдэд зориулан нисэхийн англи хэл, Нислэгийн удирдагчийн сургалт, нисэхийн аюулгүй байдал зэрэг олон сургалтыг зохион байгуулдагаас гадна зэрэглэл олгохоос бусад төрлийн анхан болон ажлын байрны, сэргээх, шилжих, онцгой тохиолдлын гэх мэт сургалтуудыг явуулдаг. Нэг үгээр нисэхийн сургалтын төв нь нисэхийн салбарт ажилладаг нарийн мэргэжлийн хүмүүсийг байнга давтан сургалтад хамруулж, шинээр улс орнууд ийм техник технологио шинэчилж байгаа болон олон улсын дүрэм журмын өөрчлөлттэй холбоотой мэдээллээр хангаж байдаг гэсэн үг.
Харин Монголдоо агаарын хөлгийн инженерийн хувьд ШУТИС-ийн Механик инженерийн анги төгссөн хүүхдүүдээс сонгон авч улмаар олон улсын давтан сургалтад хамруулж боловсон хүчнээ бэлтгэдэг аж. Нэг үгээр Механик инженерийн сургуулийг дэмжиж хамтарч ажилладаг гэсэн үг.
Тэгвэл Иргэний нисэхийн ерөнхий газар өнөөдрийн байдлаар Монголын Үндэсний сургуультай ямар нэгэн уялдаа холбоо хамтын ажиллагаа байхгүй
Нэг үгээр нисэхийн салбарт дөрвөн мэргэжлээр элсэлт авч эхэлсэн тус сургууль салбарынхантай нь ямар нэгэн уялдаа холбоогүй ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр МҮИС-тай ямар нэг хамтын ажиллагаагүй учраас тус сургуульд төгссөн хүүхдүүд Монголдоо хүлээн зөвшөөрөгдөж ИНЕГ-т ажилд орох эсэх нь эргэлзээ дагуулж байна.
Учир нь нисэхийн чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх сургууль тусгай гэрчилгээжиж, улмаар Олон улсын иргэний нисэхийн байгууллаг ИКАО-оос баталж өгсөн сургалтын программын дагуу сургалт явуулсан байх ёстой байдаг байна. Өөрөөр хэлбэл тусгай гэрчилгээжсэн сургуульд сурч төгсөх, дээр нь яг тухайн эзэмшиж байгаа мэргэжлийнхээ дагуу зайлшгүй үзэж судалсан байх ёстой зүйлүүдийг нь харгалзан үзэж ажилд авдаг байна.
Мөн Агаарын хөлгийн бүхээгийн ажилтан/онгоцны үйлчлэгч/-д хүртэл хэлний түвшингийн шаардлага тавьдаг. Гэтэл МҮИС төгсөгч хэлний шаардлага хангах уу гэдгээс эхлэн МҮИС-д эргэлзэх олон шалтгаан байна.
Нисэхийн салбарын бүх үйл ажиллагаа нарийн дэг журам, стандарт шаарддаг учраас онцгой байгууллагад тооцогдсоор ирсэн. Нисэхийн аюулгүй байдал номер нэг асуудал. Гэтэл мэргэжлийн байгууллагатай нь ямар нэг уялдаа холбоогүйгээр уг салбарыг бизнес болгон харсан МҮИС оюутнуудыг цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр нь тоглоод дэлхийд байтугай Монголд гологдох “мэргэжилтэн” бэлтгэх нь гэх хардлага төрж байгааг хэлэх нь илүүц биз.
Оллоо.мн