ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ангийн багш дурьдатгал: Дуундаа муу авдаг жаалхүү 4 ангиас 5 анги руу арайхийн дэвшсэн

60

-Өнөөдөр Оросын төрийн тэргүүн Владимир Путины 67 насны төрсөн өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Владимир Путины герман хэлний багш, анги даасан багш Вера Гурвевичийн дурсамж номын хэсгээс хүргэж байна. Энд зураг, дуундаа муу авдаг жаалхүү 4а ангиас 5а анги руу арайхийн дэвшсэн тухай хүргэх болно-

Вера Дмитриевна Оросын төрийн тэргүүнийг Володя хэмээн урьдын адил дууддаг хүмүүсийн нэг. Путин ч энгийн хэрнээ тун гайхалтай, Оросын ахмад сурган хүмүүжүүлэгч эмэгтэйд хэрхэн хүндэтгэлтэй ханддаг нь илт. Дэлхийн багш нарын баяр, Оросын төрийн тэргүүний төрсөн өдөр тохиож буй энэ өдрийг тохиолдуулан багшийнх нь дурьдатгалыг хүргэж байна.

Нэгдүгээр ангитай савтай шимтэглэй бариад ирсэн

…Володягийн сурах цаг боллоо. (Путин 1960 онд сургуульд орсон юм). Сургуулиа ч (№193) сонгох шаардлага байсангүй. Гэрийнх нь ойролцоо, 5 минут алхаад л орчих сургуульд түүнийг оруулав. Володягийн нэгдүгээр ангид орж байгаа зураг байдаг. Нэг гартаа цүнхээ, нөгөө гартаа савтай шимтэглэй барьчихсан зогсож байдаг юм.

Түүнээс нэгдүгээр ангидаа яагаад баглаа цэцэг бариагүй талаар хүмүүс олон удаа асууж байсан. Тэр тоолонд Путин эцэг эх нь яагаад тэгж сургуульд явуулсныг мэдэхгүй гэж хариулдаг байсан юм. Гэхдээ би үүнийг нь мэднэ ээ. Асуудлын гол учир нь нэгдүгээр ангийн багш нар сурагчидтайгаа уулзахаас өмнө, есдүгээр сарын 1-нээс 2-3 хоногйн өмнө хүүхдүүдийн эцэг эхийг дуудаж хуралдан уулзалт хийдэг байсан. Энэ хурал дээр л зарим хүүхдийг есдүгээр сарын 1-нд ирэхдээ баглаатай биш, савтай цэцэгтэй ирүүлээрэй гэсэн. Баглаа цэцэг амархан гандчихдаг бол савтай цэцэг цонхны тавцан дээр удаан байна шүү дээ.

Гомдоосон нэгэнд шанг нь хүртээчихдэг, ноцолдчихдог хүү байсан

… Ингээд миний герман хэлний дугуйланд 15-17 хүүхэд ирсэн юм. … Тэдний дунд цөөхөн хөвгүүд байсны нэг нь Володя Путин байв. Энэ дугуйланд л би түүнтэй анх танилцсан юм.

Жижигхэн биетэй, цагаан царайтай, гүн саарал нүдтэй, тод хар хөмсөгтэй хүү байв… Маш сэргэлэн, хөдөлгөөнтэй, эрч хүч нь байнга гарч ирдэг болохоор хичээл дээр хэд хэд эргэлдчихнэ. Хажуугийнхаа, баруун, зүүн, тэр ч бүү хэл ар талд суугаа хүүхдүүдийнхээ дэвтрийг гялс харж амжчихна, үзэг, харандаагаа унаган байн байн ширээн доогуур орно. Хичээл дээрээ огт төвлөрөхгүй, зүгээр суудаггүй сурагч байлаа. Мэдээж энэ нь хичээлдээ анхаарахад нь саад болж, үйлдэл нь багшийг цухалдуулна. Дугуйлан дээр болохоор огт өөр. Түүнд ихэнх зүйл нь сонирхолтой байв. Тэр ч миний Германы тухай, энэ улсын агуу хүмүүсийн тухай яриаг анхааралтай сонсдог байлаа.

wx1080-1 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ангийн багш дурьдатгал: Дуундаа муу авдаг жаалхүү 4 ангиас 5 анги руу арайхийн дэвшсэн

… Яг л порлон ус шингээн авдаг шиг тэр бүхэл бүтэн хэллэгийг амархан тогтоож, тогтоосон үгээ огт мартдаггүй байсан. Хэлний гайхалтай чадвартай хүү манай дугуйланд ингэж орж ирсэн юмдаг!

Володя завсарлагаанаар хэзээ ч (бага ангидаа болон тавдугаар ангийн эхний хагас жил) заалаар тайван явж, найзуудтайгаа цонхны дэргэд зогсоно, хичээлээ давтана гэж байхгүй. Ёстой л 5-10-хан минутын дотор сургуулийн бүх давхар, гуанзаар орж, шатаар хэд хэдэн удаа өгсөж уруудаж, том хүүхдүүдтэй коридорт ноцолдож, зодоон цохион хийж амжсан байдаг байж билээ.

Гаднаас нь харахад сулавтар, бусад хөвгүүдтэй харьцуулахад турьхан гэмээр энэ хүү үнэндээ шөрмөслөг, тэсвэртэй, гомдоосон ямар ч нөхөрт шанг нь барьчихаар нэгэн байсан сан.

“Германчууд эмээг маань алсан… Би герман хэл сурмааргүй байна”

Нэг удаа дугуйлангийн хичээл тарсны дараа тэр над дээр ирээд хэдэн асуултад нь хариулаад өгөхийг хүссэнийг сайн санаж байна. Нэг асуулт нь “Герман хүн бүр фашист уу?” гэсэн асуулт байлаа. Дараа нь герман хэл сурахгүй бол намайг гомдох уу гэж асуулаа. Яагаад гэвэл германчууд аавыг нь хүнд шархдуулж, эмээ, хоёр авга ахыг нь хөнөөсөн гэв. Ингээд л би Володяд удаан тайлбарлах хэрэг гарсан юм… Тэр ч миний хэлснийг зөвшөөрсөн байх, эцэст нь “Тэгвэл би ямар ч байсан герман хэл суръя” гээд л салсан. Яг л надад герман хэл сурна гэсэн агуу их үүрэг амлалт өгч байгаа мэт хэлээд, миний ангид үлдэхээр болсон.

inx960x640 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ангийн багш дурьдатгал: Дуундаа муу авдаг жаалхүү 4 ангиас 5 анги руу арайхийн дэвшсэн

Хүүгийн толгойд саад болох зүйл багагүй байсан болохоор мэдээж өөрт нь онцгойлон хандахыг шаарддаг байжээ. Гайхалтай нь герман хэл сурна гэсэн ангиас нэг сурагчаас өөр хэн ч яваагүй юм. Ингээд л би 47 сурагчтай 5а ангийг хүлээн авч билээ. Бид дөрвийн дөрвөн жил хамт явах хэрэгтэй болсон доо.

…Володя Путины хувьд тавдугаар ангидаа гэрийн даалгавартаа анхаарахгүй, хичээлээ дөнгөн данган хийсээр байв. Дөрөвдүгээр ангиа зураг, дуу хөгжим гээд хоёр хичээлдээ муу дүнтэй төгссөн түүнийг арайхийн тавдугаар ангид нь дэвшүүлсэн боловч Володя үүндээ огтхон ч эмзэглэхгүй байлаа. Ангийн нэг хүүхэд л Володяг гадааны найзуудынхаа нэгийнх нь нөлөөнд автах гээд байна, тэдэнтэй хэтэрхий ойртон дотносоод байна гэж хэлсэн юм. Товчхон хэлэхэд энэ “нийгэм”-д цагийг хий дэмий удаан өнгөрүүлснээр таагүй үр дагавар учирна гэдгийг би маш сайн ойлгож байлаа.

“… Тэгээд л би Путины гэрт очсон юм”

1964 оны есдүгээр сарын сүүлчээр санагдана, би Путины гэрт очиж билээ. Володя бол миний очиж уулзахаар товлосон айлуудын нэг байлаа.

Оройн 6 цаг орчмын үед би төмөр бариулаас нь барин харанхуй шахам шатаар өгсөв. Шат нь үнэхээр том, зарим гишгүүр нь  дэгэн догон болсон байв.

Хаалганы хонхыг дартал үүд нээгдэж, Володя намайг хараад маш ихээр гайхсан юм. Нэг л ойлгомжгүй юм амандаа бувтнаад гэрийнхэн нь амьдардаг өрөөндөө оруулах нь тэр. (Нийтийн байр байсан) Ингээд өөрөө коридорт гараад “Ээж ээ, хурдан хүрээд ир” гээд хашхирав.

Өрөөнд намхавтар, шар үстэй нэгэн эмэгтэй орж ирэхэд түүний жижигхэн гар, гэрийн цэмбэн шаахайтай хөл анхаарал татав… Володягийн ээжийг Мария Ивановна гэдэг байлаа. Тэр гараа сэгсрээд намайг өрөвдсөн байдлаар харснаа “Дахиад л сургууль дээрээ хэрэг тарьчихаа юу?” гэж асуулаа. Би түүнийг тайвшруулаад Володя ямар ч буруу зүйл хийгээгүй гэж тайлбарлалаа. Би бүх сурагчийнхаа гэрээр орж, амьдарч байгаа нөхцөлтэй нь танилцах, хичээл сургуулийнх нь талаар дэлгэрэнгүй ярих, гэрийн даалгавар, хичээл дээр биеэ авч яваа байдал, хүүхдүүд нь чөлөөт цагаа хэнтэй хаана өнгөрөөж байгаа талаар ярилцахаар ирлээ гэв.

Мария Ивановна ч энэ асуудлаар эцэгтэй нь ярьсан нь дээр гээд 15-20 минут л хүлээчихвэл ажлаасаа ирнэ гэлээ. Ингээд уучлалт хүсээд өрөөнөөс гарч явсан юм… Би Володягаас хийсэн гэрийн даалгавраа үзүүлээч гэхэд огт хийгээгүй байлаа. Бичгийн ширээ нь эмх замбараагүй, дээр дороо орчихсон, сурах бичиг, дэвтэр, сонин, цүнх шалан дээр тараан шидсэн байдалтай байв.

“Манай дүрсгүй толгой юу хийчихэв?” – хэмээн Путины эцэг асуув

… Ингээд Володягийн эцэг Владимир Спиридонович ирлээ. Эцэж ядарсан, ууртай, ямар нэгэн зүйлд санаа зовсон харагдана.

Тэр намайг хармагцаа л шууд “Хүндэт багш минь, та бидэнд ямар гомдолтой ирэв? Манай дүрсгүй толгой юу хийчихэв?” гэж асуулаа.

Би ч хүүг нь сургууль дээрээ ямар нэгэн буруу зүйл хийгээгүй, гэхдээ түүний хичээлдээ хандах хандлагад маш их санаа зовж байна, хүү хэтэрхий их цагийг гадаа дэмий нөхөдтэй өнгөрөөж байна, энэ нь түүнд ямар ч сайн үлгэр авчрахгүй гэдгийг хэллээ. Тэр ч бүү хэл Володя хүмүүнлэгийн хичээлүүд, тэр дундаа гадаад хэлэндээ онцгой авьяастай гэдгийг нь эцэг нь сануулав. Толгой хэдий сайн боловч огт хөдөлмөрлөдөггүй, ямар ч хичээлээ сонирхдоггүй. Тиймээс ихэвчлэн дунд дүн авдаг гэв. Володя сайн, онц ч сурах чадвартай болохоор маш харамсалтай байна гэчихлээ.

wx1080 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ангийн багш дурьдатгал: Дуундаа муу авдаг жаалхүү 4 ангиас 5 анги руу арайхийн дэвшсэн

Ингээд л бид маргаашаас эхлэн Володягийн биеэ авч яваа байдал, сурлагад нь хатуу хяналт тавихаар тохиролцсон юм. Аав нь хүүгийнхээ өдрийн тэмдэглэлээс дүнг нь өдөр бүр шалгаж, гэрийн даалгавраа хийсэн эсэхийг нь орой хянана. Харин би хичээл болон завсарлагааны үеэр биеэ авч яваа байдлыг нь хянахаар тохиролцов. Ингээд Володя хүссэн ч, эс хүссэн ч би тэдний гэрт байнга зочлохоор боллоо. 12 настай эрэгтэй хүүхдийн хувьд ийм давхар хяналттай байх нь хүсэх юм биш байсан нь ойлгомжтой. Биднийг ярилцаж байх хооронд Володя бичгийн ширээндээ суугаад даалгавраа хийж байгаа мэт болж байв.

Оройн найман цаг болох гэж байхад манай сурагч нэг ч хичээлдээ бэлтгээгүй байгааг ч би энэ үеэр дуулгалаа. Хүү аман дор “Бэлдэх гэж байсан юм. Хүсвэл би цагийн дотор л хийчихнэ л дээ” гээд бувтнаж байв. Эцэг нь түүнийг анхааралтай харж байснаа захирангуй дуугаар “Хүсэх гэдэг нэг хэрэг. Чадаад хийнэ гэдэг өөр хэрэг” гэлээ. Би ч дээрээс нь “Урсгалаараа амьдармаар, боловсролтой хүн болмооргүй байвал дэмий сэлгүүцээд, залхуураад л бай. Бусдын хүндлэлийг хүлээсэн, мундаг хүн болъё гэвэл маргаашнаас хичээл номондоо шамд. Цагийг бүү алд” гэчихлээ.

… Ингээд түүний өдрийн тэмдэглэлийн дэвтэрт үе үе онц тавигддаг боллоо

Амласныхаа дагуу би Путины гэрээр долоо хоногт, үгүй юм аа гэхэд 10 хоногт нэг удаа хяналтаар очдог боллоо… Өдрийн тэмдэглэл дээр нь ч “Зургийн дэвтрээ мартсан, хөгжмийн хичээл дээрээ анхааралтай байгаагүй, ботаникийн хичээл дээр хоцорсон” гэсэн тэмдэглэл ховорхон тавигдах болов.

Харин олон сайн, харамсалтай нь төдий хэмжээний дунд дүн тавигдаж байсан ч ганц нэг онц үзэгдэх боллоо. Ялангуяа түүх, герман хэл, уран зохиол дээрээ онц авдаг болов. Гэхдээ хамгийн том амжилт нь өдрийн тэмдэглэлийн дэвтрийн хуудас, дэвтрээс нь хоёрын тоо арилсан юм даа…

d34df748c1be189da5db34864cfe2a96__1440x ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины ангийн багш дурьдатгал: Дуундаа муу авдаг жаалхүү 4 ангиас 5 анги руу арайхийн дэвшсэн

Эх сурвалж: kp.ru/daily

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.