МАН, АН байгаа цагт шударга ёс хэзээ ч тогтож, хэн ч хэзээ ч хариуцлага хүлээхгүй
"Эв нэгдлийн төлөө" улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн тавьсан илтгэлийг хүргэж байна.
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр. Баярын өдөр. 95 жилийн өмнө Бүгд Найрамдах улсаа тунхаглан шинэ Үндсэн хуулиа баталж социалист хөгжлийн замыг сонгосон. Алдаа, оноотой ч 70 орчим жилд энэ системийн ололтыг бусад социалист системийн орнуудаас хамгийн их хүртэж, хамгийн их дэвшсэн нь Монгол Улс билээ. Гэвч өнөөдөр бидэнд баярлах шалтгаан бий билүү.
Авлигыг нуун дарагдуулж, нууц казино, хар тамхи, лицензийн наймаа, алтны хулгай, хууль бусаар гадаадынхныг орогнуулах ажлыг цэцэглүүлсэн хууль бусын ертөнцийн хамгаалагч, далд эдийн засгийн ил эзэн "МАНАН”-ын архагуудын үед шударга ёс хэзээ ч тогтож хэн ч хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Харин дээрх эрхэмүүд мэдээлэл, хэлхээ холбоо, нээнтэгээ ашиглан дахин сонгогдоно.
Олон намын тогтолцоог зөвшөөрдөг ч "МАНАН”-ыг сэлгээнд суулгаж чадах улс төрийн хүчнийг бойжуулж чадсангүй. Намуудыг сөрж тэнцвэржүүлж чадах, Монгол төрийг улс төрчдийн довтолгооноос хамгаалж чадах, намаас хараат бусаар хөгжиж чадах бизнесийн орчныг өмгөөлөх иргэний нийгмийн байгууллагуудыг төрүүлж чадсангүй.
Үр дүнд нь бид 30 жилд 30 гаруй станцын төсөл ярьсан ч нэгийг ч барьж чадсангүй, олон чиглэлд төмөр зам ярьсан ч нэг ч тн ачаа тээх замгүй л байсаар.Харин чаддаг байсан олон зүйлээ устгажээ. 1989 онд 30 жилийн өмнө бүс нутаг, аймаг, хотууд төлөвлөлттэйгээр жигд хөгжиж, үйлдвэр, аж ахуйн газрууд, соёл үйлчилгээний цогцолборууд, урлаг үзвэрийн газрууд, эмнэлэг, сургууль нарийн тооцоо уялдаатай барьж байгуулагдаж байлаа. Одоо Улсынхаа түүхийн музейг ч барьж дийлэхгүй 10 гаруй жилийг үзэж байна. Нэг ч театр, соёл үйлчилгээний төв баригдсангүй. Боловсролын стандарт маш өндөр байж, шатлан сурах, сурлага, сахилга бат, сонирхол, ур чадвараараа дэвшин суралцдаг, дэгжин хөгждөг системт тогтолцоотой байв. Одоо зөв бичиж сураагүй, хүрд цээжлээгүй хүүхдүүд дээд сургууль төгсөж байна.
Хөдөө орон нутгийн 400 гаруй чиглэлд онгоц нисдэг байлаа. Одоо 40 гаруй чиглэлд хагас дутуу нисч байх шиг байна. Энэ бүгдийг бид үгүй хийжээ."МАНАН”-д найдаж, горьдож, саймширч хандив өгөөгүй компани, дэмжээгүй өрх айл, хүмүүс үгүй л болов уу. Тэдэнд дарамтлуулж, шахуулж авлига, хахууль өгөөгүй бизнес эрхлэгч үлдээгүй. Тэд чухамдаа бидний Монголчуудын 3 жил цуглуулсан, бий болгосон баялгийг 4 дэх жилд нь үрэн таран хийж сонгуульдаж, төрийн эрхийг авч ирсэн. Гэвч бидний хүсэн хүлээсэн бүхэн талаар болжээ.