“50 гуя, 26 хүзүү” хувилбарыг өөрчилнө
2020 оны сонгуулийн “тоглоомын дүрэм”-ийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Өнгөрсөн баасан гаригт УИХ-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжив. Ингээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм. Гэвч төслийг санаачлагчид нь эзгүй гээд энэ долоо хоногт лав хэлэлцэлгүй өнжөөв. Ингэхээр УИХ энэ хуулийн төслийг яаран хэлэлцэхгүй л болов уу. Учир нь энэ явдлын шалтгаан нь хуулийн гол агуулга болох тогтолцооны хувилбар дээрээ тогтож чадахгүй байгаа аж. Орж ирсэн төсөлд 50-ийг нь УИХ-аас тогтоосон тойргоос, 26 гишүүнийг нь улс нэг тойргоос сонгох сонгуулийн мажоритар тогтолцооны хувилбараар зохион байгуулна гээд байгаа.
Гэвч энэ хувилбар дээрээ МАН-ынхан ч нэгдээгүй, АН-ынхан ч дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “…Гол нь 26-г нь ямар зарчмаар сонгох вэ гэдэг асуудал хамгийн анхаарал татаж байгаа сэдэв юм. Баахан хүний нэр гаргаж уралдуулаад эхний 26 хүнийг авна гэвэл сөрөг тал бий” гэж байгаа юм.
Ер нь бол аль аль нь үүнийг “50 гуя, 26 хүзүү” гэдэг хувилбар гэж нэрлэх боллоо. Улс нэг тойрог гэдгийн ард нуугдаж орж ирэх 26 хүнийг “гуя дагасан хүзүү” гэж байгаа нь тэр.
МАН л гэхэд 26 “хүзүү” нь намдаа болоод төрд олон жил зүтгэсэн, төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан, одоо намын дээд удирдлагад ажиллаж байгаа гишүүдээ эрэмбээр нь жагсаасан гэж буй. Асуудлын гол нь тэрхүү жагсаалт болж хэн хэнийхээ ард, урд бичигдэх вэ гээд аюул болсон гэж байна. АН ч яг ийм хувилбараар хууль батлагдах юм бол их л зовж байж жагсаалт гаргах байх.
Гэхдээ Үндсэн хуулийн эцэг гэгддэг Б.Чимид “…Улс нэг тойрог гэдэг угтаа парламентад иргэдийн төлөөллийг устгаж буй хэрэг мөн” гэж 2010 оны тавдугаар сард гарч бичмэлдээ тэмдэглэн үлдээснийг “Төрийг засах ёс-эш үг” эмхэтгэлд оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг улс нэг тойрогт багтааж болохгүй л гэчихсэн байна. Үүнийг бодох ёстой юм.
Нөгөөтэйгүүр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн чуулганы хуралдаан дээр “…26 тойрог 35 намаас нэр дэвшинэ гэж тооцвол нийт 900 гаруй нэр дэвшигч саналын хуудсанд бичигдэх юм байна. 900 гаруй хүнээс 26-г сонгоно гэхээр өглөөний 07 цагаас үдшийн 22 цагийн хооронд 2.5 сая сонгогч санал өгч амжихгүй. Бид саналын хуудас дээр ажиллаж үзэхэд нэг хүнийг дугуйлах боломжтой гэж гарсан. Өөрөөр хэлбэл, 26 хүнийг саналын хуудсанд тэмдэглэхэд техник, цаг хугацааны хувьд ч боломжгүй” гэлээ. Ч.Содномцэрэнгийн “…Саналын хуудас дээр нэг хүнийг дугуйлах боломжтой” хэмээсэн нь санамсаргүй үг биш байж мэднэ. Учир нь үүнтэй зэрэгцээд “…Улс нэг тойрогт намын даргын нэрийг бичнэ. Түүнийг дугуйлсан саналын тоог хувилж үзээд тухайн намын нэр дэвшигчдийг оруулж ирнэ” гэдэг яриа яваад эхэллээ. Мэдээж хэрэг ийм санал эрх баригч МАН-аас л гарна. Яг өнөөдрийн байдлаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийн рейтинг тэнгэрт тулчихаад байгаа юм.
Гэхдээ МАН-ынхан ийм санаагаа ч бушуухан оруулаад хуулийг хурдан батлахгүй гэдгийг эх сурвалж хэлж байгаа. Учир юу гэвэл Улс нэг тойрог буюу У.Хүрэлсүхийн ард бичигдэх 26 ч юм уу, 12 ч юм уу гишүүдийг, бас жижиг тойрог дээр өрсөлдөх 50 ч юм уу, 64 ч юм уу гишүүнийхээ нэрийг зоож зарлана гэдэг МАН-ын удирдлагуудын хувьд маш хэцүү. Ядаж байхад УИХ-ын 64-ийнх нь дор хаяж тал хувь нь тойрогт гараад үзэхэд ялах магадлал маш бага. Гэсэн атлаа нөгөөдүүл нь УИХ-ын гишүүн гэдгээрээ гадна байгаа хэдээсээ давуу эрх эдэлнэ гээд гүрийчихсэн гэж байгаа. Ингэхээр МАН-ын удирдлагууд лав 76 нэр дэвшигчээ яаран зарлаж, гишүүдийнхээ дунд “зодоон” үүсгэх хүсэлгүй байна гэсэн үг.
Харин АН-ын дарга С.Эрдэнийн хувьд Ч.Содномцэрэнгийн ил хэлсэн, эрх баригчдын далд ярьж байгаа “нэг хүн”-ий ард нэр бичих хувилбарыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Иймээс “50 гуя, 26 хүзүү” хувилбар унаж таарна. Дараагийн хувилбарыг харин УИХ хэзээ ч хэлэлцэж мэдэхээр байна. Он солигдохын өмнө хэлэлцээд батална гэж ярьж байна. Гэхдээ 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн 21.4-т “…УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно” гээд оруулчихсан. Энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн дагаж мөрдөх учиртай.
Тэгэхээр УИХ-ын сонгуулиас нэг сарын өмнө ч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталж болох цоорхой энд оруулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ хуулийг батлах гэж яарахгүй байх шалтаг нь ч, хуулийн боломж ч байна гэсэн үг. Тиймээс эрх баригч МАН-ын удирдлагууд нэгмөр тогтсон хувилбараа ил болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлуулахаас өмнө 2020 оны сонгуулийн тухай ойлголт шинэ, хуучин хоёр Үндсэн хууль, шинэ хуучин хоёр сонгуулийн хууль, нийт дөрвөн хуулийн дунд эргэлдэх нээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин