“Монголд ирснээр өөрийгөө нээсэн”

475

Энэ удаагийн “Монголын тухай” булангийн зочноор Куба улсын иргэн, Анагаахын шинжлэх ухааны сургуулийн нүүр ам судлалын их сургуулийн нүүр амны их эмч Освалдо Кабрера Рочег урьсан юм.
-Та Монголд ажиллаж, амьдраад дөрвөн жил болж байна. Энд ирэхээсээ өмнө Монголын талаар хэр мэддэг байв?
–Намайг Кубын Матанзас хотын их сургуульд стоматологийн мэргэжлээр хамт суралцаж байсан нэг монгол оюутан Монголд ажиллахыг урьсан юм. Түүнээс өмнө үнэндээ Монголын талаар бараг мэддэггүй байсан. Тиймээс ирэхээсээ өмнө хайж олсон википедиад бичсэн мэдээлэл нь их бага. Чингис хааны үеийн түүх, хүн ам, шарын шашны талаар бичсэн байснаас гадна оруулсан зураг нь миний энд ирээд харсан орчин үеийн Монгол орны бодит байдлын дүр зурагтай авцалдахгүй байсан. Соёл, ёс заншил, амьдралыг үзэх үзэл, шашин  гээд бүх юм нь миний өсч хүмүүжсэн орчноос ялгаатай байлаа.
-Өөр орчин, соёлтой оронд дасах ямар байсан бэ?
-Дээр хэлсэн шиг википедиад Монголын эртний түүх, голлох шашин нь шарын шашны талаар бичсэнээс биш нийгэм, хүний амьдралын талаар бичсэн зүйл огт байгаагүй. Гэхдээ өөр соёл, заншилтай оронд ажиллахаар шийдээд ирсэн учраас монгол ёс заншил, цаг агаар, хоол, монгол хүмүүстэй харилцахын тулд энэ бүхэнд дасах хэрэгтэй болсон. Дасахгүй бол хийж байгаа ажил чинь амжилтад хүрэхгүй гэсэн үг. Түүнээс биш цаг агаар, хүмүүс, шашин гээд үргэлж санаа зовоод байвал мэдлэг, ур чадвараа яаж хөгжүүлж чадах вэ. Очсон орондоо дасан зохицох нь өөр оронд амьдарч байгаа бүх гадаад хүн даван туулдаг үйл явц байх.
-Дулаан орноос  эрс тэс амьсгалтай хүйтэн оронд ирэхэд ямар санагдав?
-Монголд ирсэн эхний саруудад өвлийн хүйтнээс айж байсан. Гэхдээ дараа нь хүйтэн сэрүүний улиралд зохих ёсоор нь хувцаслаад, таарч тохирох хоол хүнсийг хэрэглээд явбал ямар ч асуудалгүй гэдгийг ойлгож авсан. Цаг агаарт магадгүй хоёр, гурван сар болоод дасдаг байх. Харин дасан зохицоход их хугацаа шаардсан зүйл нь Монголын нийгэм, ёс заншил хүрээлэн байгаа орчинд дасан зохицох явдал байлаа. 
Амьдарч байгаа орчиндоо дасахгүй бол чамайг Монголын нийгэм, монголчууд хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ миний хувьд энэ бүхэнд дасч эхэлснээр хүмүүс намайг хүлээн зөвшөөрч, ажил дээр минь хүртэл дэмжин, тусалж эхэлсэн. Түүнээс гадна ганц хоёр монгол үг, дүрэм сурахыг оролдож эхэлсэн.
–Ямар ч хүнд хаана ч очсон хамгийн чухал зүйл бол хэл байдаг. Хэлний хувьд ямар нэгэн бэрхшээл байсан уу?
-Миний хувьд энэ тал дээр өөр байсан. Учир нь хоёр орны гэрээгээр Кубад сурсан испани хэлээр ярьдаг олон монгол оюутан байсан учраас харилцааны тал дээр хэцүү байгаагүй. Түүнээс гадна өнөөдөр дэлхийн хүн амын ихэнх нь ярьдаг хэл бол англи. Миний очсон газар болгон энэ хэлээр ярьдаг хүн байхыг зөвшөөрсөн бурхандаа баярладаг. Тиймээс надад  хүмүүстэй харилцах тал дээр хэцүү байгаагүй. Гэхдээ энэ нь би монгол хэл сурахаас татгалзсан гэсэн үг биш. Би сурахыг хичээж байна. Дөрвөн жил энд амьдарсны дараа хүмүүсийн ярьсныг арай илүү ойлгож, бага зэрэг ярьдаг болсон. Харин ажил ихтэй учраас монгол хэлийг сайн сурахын тулд цаг зав гаргаж чадахгүй л байна. Эхэндээ надад монгол хэл заах багш хэрэгтэй гэж боддог байсан. Гэхдээ надаар эмчлүүлэхээр ирсэн хүмүүсийн ярианаас  дөрөв таван үгээр  хэлэх гэсэн санааг нь ойлгодог болсон.
-Монголд амьдарч байгаа хүний хувьд ярьж хэлмээр зүйл байдаг уу?
-Монголд  анх ирээд өглөө эрт согтуу хүн явах, гудамжинд хүн унтаж байхыг хараад эхэндээ балмагддаг байсан. Дараа нь энэ хүн яагаад ийм байдалд хүрэв, юу болоо вэ гэж боддог болсон. Хөдөөнөөс хотод ирээд хийх ажил олдоогүй гэх шалтгаан байгааг ойлгож эхэлсэн. Мөн үндсэрхэг үзэлтэй гадаад хүмүүст дургүй олон хүн байдаг гэж сонсч байсан. Гэхдээ надад ийм зүйл тохиолдож байгаагүй. Магадгүй ажил, гэр гэж явдаг учраас надад тийм зүйл тохиолдож байгаагүй байх.
-Энэ зүйлийг нь засч сайжруулчих  юмсан гэж боддог зүйл байдаг уу?
-Замын түгжрэл байна. Жолооч нар нэгнийгээ хүндэтгэнэ гэж байдаггүй. Нэгнийхээ урдуур орохоор дайрах явдал ажиглагддаг. Явган хүн гарцаар гарч явахад тулж ирээд зогсдог. Замын хөдөлгөөний дүрмийг сахиж биелүүлнэ гэж байдаггүй. Ногоон гэрэл асвал явган зорчигчдоо гаргачих хэрэгтэй. Тэгэхгүй дуут дохиогоо дарж гарцаар түргэн гарахыг шаарддаг. Энэ бол нийгэмд байгаа асуудал.
-Эмзэглэдэг зүйл байдаг уу?
-Өөр нэг ажигласан зүйл бол залуучууд согтууруулах ундаа их хэрэглэж байна. Согтууруулах ундааг согтох гэж хэрэглэх биш цагийг сайхан өнгөрүүлж, зугаацахын тулд тохируулан хэрэглэх нь зөв. Кино театрт кино үзэж, ном уншиж, спортоор хичээллэж цагийг зөв өнгөрүүлж болно шүү дээ. Өөр нэг анхаарал татсан зүйл нь баяр тэмдэглэж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг. Гэхдээ энэ бүхнийг хүндлэх хэрэгтэй. Энд ирснээр надад бүх зүйл тэнгэрээс унаад ирээгүй. 
Надад энд байгаа бүхнийг би өөрийн хүчин зүтгэл, шаргуу ажилласнаар бий болгосон. Тиймээс надад ажиллах, өөрийгөө шинээр нээж бусдаас дутахгүй мэргэжлээрээ хүчээ дайчлан ажиллах боломж олгосон Монгол оронд баярлаж явдаг.
Энд ирснээр Перу, Австрали, хүнтэй танилцсан. Гэр бүлээсээ хол ажиллаж, амьдарна гэж хэзээ ч бодож байгаагүй. Би ажил, амьдралын шаардлага, гэр бүлдээ туслахын тулд ажиллаж байна.
-Тэгвэл таалагдсан ямар зүйл байна?
-Монголын байгаль. Учир нь Куба бол бараг борооны, зуны гэсэн улиралтай орон. Тиймээс дөрвөн улирлын байгалийг харах таалагддаг. Түүнээс гадна миний хамгийн дуртай монгол хоол гэвэл цуйван. Монгол эмэгтэйчүүд надад монгол эрэгтэйчүүдийн идэх дуртай хоол цуйван гэж хэлж байсан. Мөн монголчуудын гадаад хэл сурах авьяастай нь таалагддаг юм. Энд хоёр гурван гадаад хэлээр ярьдаг монгол хүнтэй тааралдаж болно. Энэ нь миний анхаарлыг их татсан шүү. Ямар ч нөхцөлд Монгол хүн дасан зохицох чадвартай нь бас гайхалтай санагдсан. Магадгүй энэ нь нүүдэлчин амьдралтай холбоотой байх. Миний эх орноос хол байдаг оронд хүмүүс салса, кариб бүжиг бүжиглэж байгаа нь намайг гайхшруулсан. Сайн ч бүжиглэж байна. Монголд олон орны соёл, хоолны газрыг харж болно. Солонгост олон жил амьдарсан хүн солонгос хоолны газар ажиллуулж байна. Мексик, араб, хятад, япон хоолны газар байна. Тиймээс Улаанбаатар хотыг олон орны соёл зэрэгцэн оршдог газар гэж хэлж болно. Уламжлалт баяр цагаан сар, наадам бас надад таалагддаг. Өөр нэг зүйл нь үндэсний соёлоо хадгалж ирсэн. Дээлээ цагаан сар, наадмаар өмсч баярладаг. Мөн хэлсэндээ хүрдэг. Үнэнч, тэвчээртэй, нэг зангаараа хүмүүс. Гэхдээ Солонгос, Хятад, Японы соёл нөлөөлсөн монгол хүмүүс ч бий. Би Монголын түүх, соёлоор бахархдаг. Түүнээс гадна Монголын эдийн засаг сайжирч, хамаг хөрөнгө нь битгий гадагшаа яваасай л гэж боддог.
Х.Оюунболд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>