Коронавирусийн дэгдэлт Монголын гадаад худалдаанд нөлөөлж эхэллээ

634

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэй Азийн улсуудын эдийн засгийн үзүүлэлтүүд унасаар байна. Энэ нь Монголыг ч тойрохгүй дайрсаар байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн дэгдэлт Монголын гадаад худалдаанд сөргөөр нөлөөлж эхэллээ. Тодруулбал, Улсын гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын экспорт, импорт энэ оны нэгдүгээр сард буурсан байна. Экспорт 459 сая ам.доллар болж өнгөрсөн оноос 148.3 сая ам.доллар буюу 24.4 хувиар буурчээ. Тэгвэл импорт 473.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оноос 30.7 сая ам.доллараар буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Хэдий ингээд харахад экспорт, импорт хоёул буурсан боловч импортын дүн экспортоос давж, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарсан байна. Үүнтэй холбогдуулан экпорт, импортын голлох бүтээгдэхүүний мэдээллийг хүргэе.

Монголын экспортын орлогод эрдэсийн бүтээгдэхүүн голлодог буюу 87.1 хувийг эзэлж байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард Монгол Улс 2.4 сая тонн нүүрс экспортод гаргасан байна. Мөн 101.6 мянган тонн зэсийн баяжмал, 815.5 мян тн төмрийн хүдэр, 12.8 мян тн цайрын баяжмал, 287.0 мян баррель газрын тосыг экспортолжээ. Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийт экспортод 4.7 хувийг эзэлдэг бол бусад төрлийн экспорт 8.2 хувийг эзэлж байна.

Импортын бүтээгдэхүүний хувьд нефть, автомашин, түүний сэлбэг хэрэгсэл эд анги голлодог. Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд ойролцоогоор тэрбум ам.долларын авто машин болон тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ оны нэгдүгээр сард нийт дүнгээрээ импорт буурсан ч нефтийн бүтээгдэхүүний импорт өссөн байна. Тодруулбал, оны эхний сард Монгол Улс 136.7 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материал авсан нь өнгөрсөн оноос 16.3 сая ам доллараар өссөн байна.
Хүнс болон ахуйн барааны импортын тухайд Монгол Улс гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр гэх мэт жин дардаг. Он гарснаар Монгол Улс 1200 тонн тахианы мах БНХАУ-аас авсан бол  13.8 сая ширхэг өндөг ОХУ-аас импортолжээ.

 

Эх сурвалж: eagle.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>