Төрийн банкныхан шоронд орлоо, Б.Чойжилсүрэнд хууль үйлчилдэггүй ээ!

531

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг биелүүлсэн Төрийн банкны удирдлагууд шоронд орсон. Харин сайдад нь хууль үйлчилдэггүй ээ!!! Яасан ханаж цаддаггүй шунал вэ? Энэ үгийг Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хаягласан.

Хувьдаа 36 компанитай Б.Чойжилсүрэн

1. Засгийн газрын гишүүний эрх мэдлээр далайлган Говийн сүүлчийн баянбүрд Тост, Тосонбумбыг ухаж сүйтгэсэн,
2. Сангийн сайд байхдаа хувийн компанидаа 18 тэрбумын НӨАТ-ын буцаан олголт авсан,
3. УИХ-ын гишүүний эрх мэдлээр далайлган “Нарны хороолол”-д хувийн компанийнхаа барьсан сургууль, цэцэрлэгийг төсөвт өндөр үнээр “шахсан”,
4. Ах дүүсээрээ нийлж, цайр,нүүрсний томоохон ордуудыг ухдаг...

Энэ удаа Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг гүйцэтгэсэн Төрийн банкны удирдлагууд “шоронд орсон түүх”-ийг дэлгэж байна.

...2017.06.23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Төрийн банкнаас БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгож, мөнгө нь сонгуульд зарцуулагдсан гэх хэрэг юм. “Шинжиан Шинфа ” компани Дашинчилэн-Өлзийт- Мөрөн чиглэлийн 120 км зам барих төсөлд 20 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Төрийн банкнаас нэг компанид олгох зээлийн дээд хэмжээ 5 тэрбумаас хэтрэхгүй байх журмыг 2016 оны 11 сард Сангийн сайд Б.Чойжилсүрэн гаргасан байлаа. Гэвч тэрээр өөрийн гаргасан энэ журмаа зөрчиж, уг хязгаарлалтад хамааруулахгүйгээр “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн албан бичгийг Төрийн банкинд илгээжээ. Сайдын албан бичгээр өгсөн энэ үүрэг даалгаврыг биелүүлсэн

1.Төрийн банкны захирал Д.Баярсайхан 2 жил
2.Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн 3 жил
3.Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Тогтохбаатар 1,6 жил
4.“Шинжиан шинфа” компанийн захирал Сун Гунчен 2 жил
5.“Шинжиан Шинфа“ компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтунгалаг 1,6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, өнөөдөр ялаа эдэлж байна.

Тэднийг “Нэг компанид олгох зээлийн дээд хязгаар 5 тэрбум төгрөг байна” гэснийг зөрчиж, “Шинжиан Шинфа”-д 20 тэрбум төгрөг олгон, хууль зөрчсөн гэж буруутгажээ.

Гэтэл 20 тэрбумыг олго гэж үүрэгдсэн хүн нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн. Сайдын тушаалыг гүйцэтгэсэн хүмүүс нь буруудаж буй бол сайдын тушаал бас хууль зөрчсөн байж таарна. Хууль зөрчсөн сайд нь буруудаагүй байхад өгсөн үүргийг нь ёсчлон биелүүлсэн гүйцэтгэгчид нь буруудсан нь хуулийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдсан явдал биш гэж үү!!!

Шүүх хурлын үеэр яллагдагчдын өгсөн МЭДҮҮЛЭГ-т энэ тухай тодорхой дурджээ.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Банкны тухай хуулиар Сангийн сайд манай Төрийн банкны абсолют ганц эрхтэй хүн. Сангийн сайдаас энэ зээлийг олгож болох уу гэж асуухад албан бичгээр зөвшөөрсөн. Мөн Төрийн банкны ТУЗ-ын дарга Б.Нямаа нь “Шинжиан Шинфа” компани нийт төсвөөс 88 тэрбумын авлагатай гэсэн баталгааг өгч, энэ баталгааг барьцаанд авч болно гэж хэлсэн учраас зээл олгосон” гэж мэдүүлжээ.

Төрийн банкны тэргүүн дэд захирал Д.Ганбаатар “Зээл 5 тэрбум төгрөгөөс хэтэрсэн асуудлаа яах юм бэ гэж асуухад Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс 5 тэрбумаас дээш зээл олгож болно гэсэн бичиг ирснийг үндэслэж зээл олгосон” гэж мэдүүлжээ

Төрийн банкны Эрсдэл хариуцсан дэд захирал Г.Тогтохбаатар “Сүүлд нь төсөвтөө суулгаж төсөв хувиарлах нь Сангийн яам өөрөө байсан. Бид 5 тэрбум төгрөгөөс дээш зээл олгохдоо зөвшөөрөл авна гэж эрсдлийн шинжээчийн дүгнэлтэд байгаа. Зөвшөөрсөн Сангийн сайдын бичиг байгаа” гэж мэдүүлжээ

Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн “Энэ зээлийг олгох үед Сангийн яам Төрийн банкны цорын ганц хувьцаа эзэмшигч нь байсан. Сангийн сайд нэг компанид 20 тэрбум төгрөг олгохыг зөвшөөрөх бичиг өгөх эрхтэй хүн мөн үү гэвэл тийм. Компаний тухай хуульд тухайн компаний цорын ганц хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэр нь хурлын шийдвэрээр хүчин төгөлдөр баримт бичиг мөн гэж бичсэн байдаг.Банкны захирлууд тэр зээлийг сонгуульд зарцуулахыг мэдэж байсан бол мэдээж бид зээл гаргахгүй байсан” гэж мэдүүлжээ

“Шинжиан Шинфа” компанийн захирал Сун Гуанчен “2017.06.23-ны өдөр Сангийн яамнаас “Шинжиан Шинфа” компанид 3886 дугаартай батлан даах тухай албан бичиг өгсөн. Би уг албан бичгийг тэр өдөр нь Төрийн банкинд өгсний дагуу зээл гарсан” гэж мэдүүлжээ. Харин Мөрдөн байцаалтын явцад Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “Уг зээлийг олгохдоо 5 тэрбум гэсэн зээлийн хязгаарлалтад хамааруулахгүйгээр холбогдох дүрэм, журамд заасны дагуу судлан үзэхийг зөвшөөрсөн“ гэдгээ хэлжээ. Төрийн сайд тэр дундаа Сангийн сайдын оролцож Хятадын компанид олгосон энэ зээл 2017.06.23-нд ганцхан өдрийн дотор бүтэж, бүр эхний санхүүжилтээ тэр өдөрт нь багтаан бэлнээр авсан байдаг.

Ганцхан өдрийн дотор
 

  • Төрийн банкны Сангийн яамнаас чиглэл хүссэн албан бичиг
  • Сангийн яамны хариу
  • Зээлийн Ерөнхий хорооны шийдвэр
  • Зээлийн гэрээ
  • Барьцааны гэрээ.... бүгдийг гаргажээ.

Ажлын цаг дууссны дараа эхний 12 тэрбум 290 сая төгрөгийг шууд доллар болгуулж авсан. Төрийн банкны долларын нөөц хүрэлцэхгүй байсан учраас Монголбанкнаас зузаатгал хийж, уг мөнгийг олгожээ.

Ингээд “Шинжиан Шинфа” компани

2017.06.23-ны өдөр 12 тэрбум 290 сая төгрөг
2017.06.28-ны өдөр 5 тэрбум төгрөг
2017.07.6-ны өдөр 2 тэрбум долоон зуун сая төгрөг гэх мэтээр 3 хувааж ,нийт 20 тэрбум төгрөг Төрийн банкнаас гаргуулан авчээ Тус компани энэ зээлийг төсвөөс гарах орлогыг барьцаалж, 25,2%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар авсан ч өнөөдөр зээл эргэн төлөгдсөнгүй. Хагас жилийн хугацаатай зээлийн хугацаа хэтрээд 2 жил болж байна. Хүү нь бодогдсоор 2019 оны байдлаар 33,4 тэрбумын зээлийн өр төлбөр болж нэмэгджээ.Энэ бол татвар төлөгч та бидний талх худалдан авах тоолондоо төлдөг татварын мөнгө. Эрх мэдэлтнүүдийн сонгуульд зарцуулах ганцхан өдрийн өртөг нь ийм үнэтэй. Хууль бус шийдвэр гаргасан сайд нь УИХ-д заларч, тэдний тушаалыг биелүүлсэн гүйцэтгэгчид нь шоронд заларч буй нь шударга уу!!
Ханаж цаддаггүй шуналтнуудын золиосыг бид хэдэн үеэрээ эдэлж туулах вэ? Ийм хүмүүсээр төрөө удирдуулснаар магадгүй маргаашийн золиос нь та би ч болоход ойрхон байна.

Б.Чойжилсүрэнгийн өөрийн гаргасан журмаа зөрчиж зээл гаргахыг Төрийн банкны удирдлагуудад зөвшөөрсөн баримтыг хавсаргалаа
 

Сэтгүүлч Б.Отгон

2020.03.14

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>