Ломбардаас дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад нуусан байжээ

573

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг, Цахлайн тойрог дахь “Сайн” хэмээх барьцаалан зээлдүүлэх газар (ломбард)-т өнгөрсөн долоо хоногийн даваа гараг буюу гуравдугаар сарын 30-ны 14.45 цагийн үед нүүрээ халхалсан хүмүүс дайран орж, мөнгө, үнэт эдлэл дээрэмдсэн хэрэг гарсан юм. Хутгаар зэвсэглэсэн, багтай хоёр залуу ломбардын ажилтныг сүрдүүлж бэлэн 11.5 сая гаруй төгрөг, 1087 хүний барьцаанд тавьсан, 303 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх алт, мөнгөн эдлэлийг дээрэмдэж, хэргийн газраас зугтсан аж. Дээрэмчид нүүрээ битүүлж, баг өмсөн, өөрсдийгөө танигдуулахгүйг оролдсон ч НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийнхэн гэмт хэргийн мөрөөр шуурхай ажиллаж, 96 цагийн дотор гэмт этгээдүүдийг тогтоон, өнгөрсөн баасан гаргийн 04.00 цагийн үед баривчилж дээрэмдсэн эд зүйл, бэлэн мөнгийг нь хураан авч өдгөө мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Гэмт этгээдүүд дээрэмдсэн үнэт эдлэлээ Дэнжийн мянгад хүний хөлөөс зайдуу газарт булсныг нь эд мөрийн баримтаар хураан аваад буй. 

Тэд зөвхөн “Сайн” ломбардыг дээрэмдээд зогсохгүй Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Бан бан” хэмээх барьцаалан зээлдүүлэх газарт зэвсэглэн халдсан нь тодорхой болсон гэнэ. Эдгээр хэргийг эрхэлсэн ажилгүй 35 настай Э, 34 настай Д, 31 настай М нар эртнээс төлөвлөн үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд тэдний хоёр нь өмнө хүний амь бүрэлгэсэн, бусдыг дээрэмдсэн, эд зүйл хулгайлсан хэрэгт ял шийтгүүлж байсан аж. “Сайн” ломбардын удирдлага аюулгүй байдлаа хангах “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага”-ыг дагаж мөрдөөгүйгээс гэмт хэрэг гарсан байх магадлалтай бөгөөд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас мэдэгдэл хүргүүлж, үүний мөрөөр ямар ажил зохион байгуулсныг нь шалгахаар төлөвлөжээ.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>