Зодсон, зодуулсан хоёрын авлига албан тушаалын хэргийг удахгүй шийднэ

46

Төрийн том жижиг дарга нарын зодоон цохион голцуу авлига, албан тушаалын шуналаас болдог ажээ. Тэдний нэг хэсэг нь улсын төсвөөс хулгайлах мөнгөө булаацалдан зодолдож байхад зарим нь авлигаар олсон мөнгөндөө аархаж баярхан бусдыгаа дээрэлхээд зодож гэмтээдэг юм байна. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сард Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүх, Архангай аймгийн Засаг ноён Ц.Мөнхнасан нарын дунд сүрхий зодоон болж Т.Батсүх нь нүүрээ эрээн цоохор болтол балбуулахдаа эгээтэй л хамраа цааш чихүүлж, нүдээ  сохлуулчилгүй арай ядан салсан байлаа.

Ц.Мөнхнасан нь хотын төвийн нэгэн зоогийн газарт архи ууж нэлээд согтож, шөнө дөлөөр багын найз Т.Батсүхийнхээ гэрт давхиж очмогцоо шууд л “Чи муу ажлаа бушуухан өг” хэмээн баахан агсарч байснаа тийнхүү нүүр нүдгүй зоджээ. Маргаашаас нь харин Т.Батсүх нь харъяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гарган шалгуулж эхэлсэн бөгөөд Ц.Мөнхнасан нь анх мэдүүлэг өгөхдөө “Тэгж ярих юм бол би түүнийг ерөөсөө зодоогүй. Өөр хүнд зодуулсан биз” хэмээн тас мэлзэж байсан байна.  Т.Батсүх нь цагдаад гаргасан гомдолдоо “Ц.Мөнхнасан манай гэрт ирэхдээ согтуу байсан. Тэр намайг зодоод салахгүй болохоор нь би арга буюу цагдааг дуудсан. Цагдаа нарыг ирэхэд сандарч зугтаахдаа хоёр гар утас, ажлын газрын үнэмлэх, гадуур хувцас зэрэг зүйлүүдээ манайд орхиод явсан байсан” гэжээ. Тэгтэл тус дүүргийн цагдаагийхан тэрхүү зодооны хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгох санал гаргасан боловч дүүргийн прокурор нь зөвшөөрөөгүй байна. Тэгээд сүүлдээ Нийслэлийн прокуророос Ц.Мөнхнасангийн бусдын биед санаатайгаар хохирол учруулсан гэх уг хэргийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлжээ. Учир нь гэвэл согтуу найзынхаа гарын чилээг гарган навсайтлаа зодуулсан Т.Батсүх болон багын найзыгаа тийнхүү зодож танхайрсан Ц.Мөнхнасан хоёрын авлига, албан тушаалын хэд хэдэн хэрэг илэрсэн юмсанж. Ухаандаа тэдний зодооны цаана авлигын олон хэрэг нуугдаж байжээ.

Найзыгаа “ажлаа өг” гээд зодсон Ц.Мөнхнасан нь эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар бусдын эрх чөлөөнд халдан гэмтээж хохироосон хэргээрээ шүүхээс ял сонсох нь нэгэнт тодорхой юм.  Мөн түүний албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч тушаал гарган Цэнхэр сумынхаа нутаг дахь Шоронгийн ам гэдэг газарт таван га талбайг бичил уурхай нэрээр бусдад хууль бусаар ашиглуулсан болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эко жорлон барьж өгөх төслийн мөнгөнөөс хувьдаа авч завшсан зэрэг асуудлаар Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, хэрэг нь удахгүй прокурорт шилжих ажээ. Тэгвэл зодуулсан Т.Батсүхийнх нь авлигын хэргүүд ч мөн ар араасаа цуварч нэмэгдсээр, тэр болгонд мөрдөн шалгах ажиллагаа хийгдсээр байгаа бөгөөд Ц.Мөнхнасангийнхаа идэж ууснаас хамаагүй их хөрөнгө мөнгө завшсан  нь ил болж байна. Гэсэн хэдий ч авлигын хэрэгт их багын хэмжүүр тавих нь утга учир муутай зүйл юм.

Шуналдаа дөрлүүлсэн Ц.Мөнхнасан нь лав тухайн үед Т.Батсүх найзыгаа төсвөөс багахан шиг хумсал, чадахгүй бол ажлаа өг” гээгүй нь мэдээж.   Харин Т.Батсүх нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн дээрээ хэрэгжсэн нэлээд олон төслийн мөнгөнөөс хувьдаа их хэмжээгээр ашиглаад зогсохгүй тус хүрээлэнгийнхээ аймаг орон нутаг дахь салбаруудад данстай малаас баахныг хувьдаа авсан байжээ. Тэр ч бүү хэл, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь 150 га атаршсан газрыг хашаалах шон худалдаж авах далимаар тавь орчим сая төгрөгийг хамаатан садангуудынхаа данс руу шилжүүлсэн байв. Энэ мэтээр Т.Батсүх нь  тааралдсан болгоноо хамж авсаар хүрээлэнгийнхээ ажилтнуудад хардагдаж, сүүлдээ шударга ажилтнууд нь түүний дээрх зодуулсан хэрэг шалгагдаж эхлэх үед Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж өгсөн байлаа. Зодооны хэргээс улбаатай Ц.Мөнхнасан, Т.Батсүх гэгч энэ хоёр найзын авлига албан тушаалын хэргийг шүүгч нар нь хуйвалдчихгүй бол хуулийн дагуу шийдэх биз ээ.

О.Баяр

Шуурхай.мн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.