Монголд хүүхэд биш, ямаа болж төрсөн нь хамаагүй дээр болох нь ээ

400

Хувь заяагаа өөрөө сонгож төрдөг бол Монголд хүүхэд биш, ямаа болж төрөх нь хамаагүй дээр гэж хэлэхсэн. Учир нь сонгуультай жилийн солиотой шийдвэрүүдийг эрх баригчид, төр түшилцэж яваа хүмүүс гаргасаар л байна. Тодруулбал, хүүхдийн хөгжилд хэмээн сар бүр 20 мянган төгрөгийг төрөөс олгохдоо амьдралын түвшин тогтоох судалгаа явуулж, нийт хүүхдийн 60 хувь, 80 хувь хэмээн алагчлан олгоно. Түүгээр зогсохгүй чуулганы танхимдаа түүнийгээ хэрүүлийн алим болгон хэмлэлдсээр, зарим сард нь огт өгөхгүй тасалдуулна.

Хэсэг тасалдуулж байгаад нэг хэсэг нь өгнө. Төсөв жаахан л эвгүйтвэл өнөөх хүүхдүүдээсээ л хасна, танана. Барилдахаасаа өмнө таахалзана гэгчээр их л зүйл болж үүнийгээ олгодог. Энэ мөнгийг нь хүүхдийнхээ ирээдүйд гэж хадгалж хуримтлуулдаг хүмүүсээс нь илүү хоногийн хоолондоо нэмэрлэх айл өрх Монголд олонхи нь болчихсон энэ үед 20 мянган төгрөг их мөнгө биш. Гэтэл кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгоно гэнэ. Нэг ямаанаас 250-350г ноолуур авбал гурван ямаа самнаад л 20 мянган төгрөгтэй болох нь.

Мэдээж хүүхэд мөнгөний хэмжүүр биш л дээ. Гэхдээ хүүхдүүдээ малнаасаа дор үзэж байгаа төрийн шийдвэрийг иргэд эсэргүүцэж байна. Эсэргүүцэх нь ч аргагүй. Төрийн хишгийг хүртэж байгаа нэг хүүхэд жилд 240 мянган төгрөг авдаг гэж бодоход ойролцоогоор 900 мянган хүүхэд гэж бодоход 216 тэрбум төгрөг хүүхдэд олгодог гэсэн үг.

Гэтэл 2019 оны мал тооллогоор Монгол Улсын нийт малынх нь 41.2 хувь нь ямаа буюу 29.23 сая ямаатай гэж тоологдсон. Гурван ямаа тутамд 20 мянган төгрөг гэж тооцоолбол бараг 200 гаруй сая төгрөг ноолуурын урамшуулалд авна гэсэн үг. Энэ бол зөвхөн ноолуурын кг тутмын урамшуулал. Түүн дээр худалдах үнийг мөн кг тутамд 100 мянгаас бууруулахгүй гээд тогтоочихоод УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын нэр дэвшсэн аймгуудад хэрэгжээд эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байгаа.

Ингээд бодохоор ноолуурын худалдах үнэ, урамшуулалд яаж ч бодсон хүүхдийн халамжаас хэд дахин илүү мөнгө төлж байна. Хүүхэд ямаанаас дор үзэгдэх өрөвдөлтэй, бас ичгэвтэр төрийн дүр зургийг зөвхөн Монголоос харж болохоор болоод байна. Мөн Төрийн түшээдийн олонхи нь ноолуурын бизнестэй, олон малтай болохоор ийм шийдвэрийг гаргахад хүргэж байна гэж хардах сэтгэл төрж байна. Мөн сонгуулийн солиорол үүгээр үргэлжлэх нь гэж тохуурхмаар ч юм шиг... Үнэхээр ичгэвтэр юмаа. 

Эх сурвалж: mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>