Улсын онцгой комисс хэнд үйлчлээд байна вэ
Ковид-19 цар тахлаас үүдэлтэйгээр сүүлийн саруудад Улсын онцгой комисс бэлэн байдалд ажиллаж, иргэд ч ам сайтай байгаа. Гэвч сүүлийн үед магтсан хүүхэн хуримандаа унгана гэгч болж, мань нөхөд өөрсдийн эрх мэдлээ урвуугаар ашиглаад байна уу гэх хардлага төрөх боллоо.
Өмнө нь Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаадад суугаа монголчуудаа авч ирж байсан тэд сонгууль ойртох тусам хардлага төрүүлсэн үйлдэл ихээр хийж байгаа. Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-нд мэдээлэл хийхдээ 17-ны өдөр БНСУ руу чартер нислэг үйлдэж иргэдээ авна хэмээн мэдэгдсэнээ ганцхан хоногийн дараа гэнэт цуцалж, хойшлуулсан. /Тухайн үед тус улс транзит нислэг авахгүй байх тухай мэдээлэл гарч байв/ Үүнийгээ бэлтгэл ажил хангахтай холбоотой гэж мэдэгдээд өнгөрсөн.
Харин дараа нь дөрөвдүгээр сарын 21-нд тухайн сарын 30-нд БНСУ руу, 5 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэлээ хэмээн мэдэгдсэнээ хоёр хоногийн дараа БНСУ руу хоёр нислэг үйлдэнэ. Нэгээр нь тус улсад транзитаар очсон иргэдээ авна хэмээн мэдэгдсэн.
Мэдээж тэдгээр нислэгүүд үйлдэгдэж, өнгөрөгч өдрүүдэд 800 орчим иргэн эх орондоо ирсэн. Энгийнээр харахад сайн хэрэг боловч, нөгөө талдаа Улсын онцгой комиссын дээрх шийдвэрээс харахад санхүүгийн боломжит хүмүүст захиалгат “үйлчилгээ” үзүүлээд байна уу гэж хардахаас аргагүйд хүрч байгаа юм.
БНСУ-аас ирсэн транзитаар зорчин ирэгсэд дунд “Ажнай”-н гэгдэх Д.Бат-Эрдэнэ, Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар лав ирсэн гэх мэдээлэл бий. Тэд УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвших зорилготой. Тэдгээрээс гадна улстөрч, албан тушаалтнуудын ах, дүү, ойр дотныхон ч ирсэн. Транзитаар БНСУ-д очоод чартер нислэгт суух гэхээр тухайн улсад суугаа иргэд хэл ам, хэрүүл тэмцэл хийгээд байгаа учраас ийн транзитынханд зориулсан нислэг хийхээс аргагүйд хүрсэн гэх ажээ.
Мэдээж манай улсын нөхцөл байдал, боломж ч дэлхийн 57 оронд суугаа монголчуудаа нэг бүрчлэн авч чадахгүй. Тиймдээ ч Улсын онцгой комиссынхон анх мэдээлэл өгөхдөө МИАТ-ийн шууд нислэгтэй орнуудаас иргэдээ авах боломжтой гэсэн. Боломжит аргаа ч ашиглаж байна. Тухайлбал, Франкфуртын нислэгийг зуны хуваарьт шилжсэн үед үйлддэг ч хугацааг нь урагшлуулж иргэдээ авч ирлээ. Гэтэл нөгөө талд шууд нислэгтэй Туркээс ирэх хүсэлтэй иргэд хичнээн өргөдөл бичиж, ЭСЯ-ндаа хандаад ч тусыг олоогүй хүнд байдалд байна. Ажлын хөлс бага, хөл хорионд орсноос болж байрны түрээс, эмчилгээ, хоолны мөнгөгүйгээр мөн л ЭСЯ-ны гадна суулт хийх тухай ярилцаж эхэлжээ. Магадгүй Турк руу МИАТ нислэг үйлддэггүй болохоор асуудалд ингэж хойрго хандаж байж болох. Гэвч Фоанкфуртын нислэгтэй адилтгаж, Туркийн талтай харилцан тохиролцох боломж бишгүй бий. Тийм байтал хүнд байдал орсон Турк дэх иргэдээ авахгүй байгаа нь захиалгат нислэг, хүмүүсийн хэтэвчний хэмжээнд тохируулан шийдвэр гаргаж байна гэх хардлагыг улам бүр баталгаажуулах боллоо.
Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn