“Монголын Залуучуудын Холбоо”-ны хөгжил хаана хүрээд гацав?

723

“Би өөрийн үлдсэн амьдралаа ирээдүйд өнгөрүүлэх учраас өнгөрснөө бус айсуй цагаа ихэд сонирхоно” хэмээн гүн сэтгэгч Чарьлз Кеттерлинг хэлсэн байх аж. Аливаа улс орны айсуй цаг нь юу вэ? Тэр бол хүүхэд багачууд болоод залуучууд... Үнэндээ бид хүүхэд, залуучуудаа зөв чигт нь чиглүүлж, ухаалаг, боловсролтой, сэтгэлтэй, шударга иргэн бэлдэж чадвал бидний айсуй цаг баясгалантай сайхнаар гэрэлтэх болно. Үүнд олон мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын залуучуудын холбоо” маш их үүрэг рольтой. Гэвч сүүлийн хэдэн жилд тус холбоо юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй үлгэн салган явж ирсэн байх аж. Сургийг нь сонсоход тус холбооны ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат гэдэг нөхөр “Монголын залуучуудын холбоо”-г жинхэнэ завхруулж яваа юмсанж. Наад захын жишээ гэхэд л энэ нөхөр бөө болсон биш жинхэнэ “Тэнэглэх өвчтэй” болж, гэхдээ зөвхөн өөрөө тэнэглээд зогсохгүй залуучуудыг сав л хийвэл “Та нар бөө бол” гэж ятгаж дарамталдаг болжээ. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ? Монголын залуучуудыг ирээдүйн сайн сайхан руу уриалан дуудаж, дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэх томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж суух ёстой хүн аль нэгэн шашны байгууллагын тэргүүн аятай ингэж мунхаглаж сууна гэдэг бол ёстой байж боломгүй үзэгдэл. Уг чанартаа А.Мөнхбат бол аль нэгэн бөөгийн холбоог тэргүүлээд л явж байх ёстой жирийн нэгэн болж таарч байна. Түүнчлэн мань эр “Алтан дээд үнэний аялгуу”, “Алтан дээд гэрэгэ” зэрэг үндэс угсаа шашин шүтлэгтэй холбоотой сургалт судалгаануудад залуучуудыг олноор татан оролцуулж, “Үндэс угсаагаа тодорхойл. Тэгэхгүй бол хамтран ажиллах боломжгүй” хэмээн дарамтлан хууль бус тушаал шийдвэр гарган олон хүнийг халж сольж ирсэн нь ирээдүй рүү тэмүүлсэн олон арван залуусын дургүйцлийг төрүүлээд авчээ. Тиймээс зарим нь түүнийг нэн даруй огцруулахаар тэмцэлд боссон байх жишээтэй.
Ер нь сүүлийн жилүүдэд айл болгон шахуу нэг нэг бөөтэй болсон. Тэгээд Монголоор дүүрэн бөө бий боллоо гээд бидний амьдрал сайжирч, улс орон хөгжсөн юм байна уу? Харин ч бүр монголчуудын оюун санааг энэхүү бөө гээч зарим нэгэн нөхдүүд жинхэнэ завхруулсан. Боловсрол мэдлэг дорой зарим нь үр бүтээлтэй ажиллаж амьдрахын оронд “Миний амьдрал ирээдүйд ямар байх нь вэ, яаж засал хийлгэх вэ” гэсэн мунхруулганд автаж, байдаг мөнгө төгрөгөөр бариад өөрсдийгөө болсон болоогүй бөө нарт даатгах болсон. Энэ бол сүйрэл. Зарим нэг хоосон хөлдүү бөө дэндүү даварч ухаан муутай хэн нэгнийг “Чи үнэхээр л бөөгийн дуудлагатай юм бол миний нүдэн дээр өөрийгөө шатаа” гэж захиргаадаад, цаад хүн нь өөрийгөө шатааж амиа алдсан явдал гурав дөрвөн ч удаа гарсан. Яг л нөгөө эрт цагийн Хөхчү зайран шиг...
Чингис хаан хар зүгийн бөө Тив тэнгэр хэмээх Хөхчү зайранг Улсын их бөө болгож байв. Гэвч сүүлдээ Хөхчү бөөгийн нэр нөлөө өргөжин тэлсэнээр Чингис хааны эсрэг үйл ажиллагаа явуулаад эхлэх нь тэр. Чингээд Хөхчү бөө,
“Тэнгэр газарт нэг л хаан байх ёстой
Тэр нь чи юу, би юу...” гэж бөөлж байгаад нугасаа таслуулж үхсэн түүх бий.
Үнэндээ А.Мөнхбат эрт цагийн Хөхчү бөө шиг л давардаг болжээ. Мань эр өөрөө бөө учраас бусад ажилчдаа өөрийнхөө бөөгийн хичээлд суухыг шаарддаг, түүнчлэн бөөгийн хичээлд суугаагүй, хичээлд оролцоогүй хүмүүсийг бүгдийг нь ажлаас хална гэж дарамталж суудаг юм байна. Уг нь манай улсын Үндсэн хуулинд шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний өөрийн сонирхол, итгэл үнэмшлээс хамаарна, хэн ч хэнийг ч шашин шүтэхийг шаардах эрх байхгүй болохыг хуульчилсан байдаг. Тэгэхээр бөө мөргөлийг албадан шүтүүлэхээр дарамталж буй нь хүний эрхийг зөрчсөн ноцтой асуудал болж хувирна биз? Бөө гээч нь хэрэгтэй газраа хэрэгтэй л биз. Хувь хүнийхээ хувьд ухамсартай, ёс суртахуунтай бөөгийн шашиныг хүндлэн дээдэлдэг хүмүүсийг болон энэ агуу шашины талаар муулах гэсэнгүй. Харин дэлхийн соёлтой хөл нийлүүлж явах учиртай “Монголын залуучуудын холбоо”-нд бол бөө гээч нь түй ч хэрэггүй. Ийм бусармаг зүйлийг Монголын залуучуудад тулган дарамталж яваа А.Мөнхбат өөрөө ёс зүйтэй хүн мөн үү?
Мөн тэрбээр эмэгтэй ажилчдаа айлгаж, дарамталдаг, зөвшөөрөлгүйгээр биед нь халддаг, тэвэрч үнсэхээр, хүчирхийлэхээр дайрч ёс зүйн зөрчил их гаргадаг тул хамт ажиллах нөхцөлгүй болоод байна хэмээн тус холбооны эмэгтэй ажилчид мэдүүлж, зарим нь бүр хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргасан байх жишээтэй. Тухайлбал А.Мөнхбат нэгэн эмэгтэй ажилтнаа өрөөндөө дуудаж оруулаад хоол авчраад өг гэжээ. Тэгээд хоол өгөхөөр өрөөнд нь ороход Мөнхбат сандлаасаа босч ирээд, тэвэрч улмаар үнсэх гэж хүчээр дайран, хөхөнд нь хүрч, хормойг нь сөхөж хоргоогоод өрөөнөөсөө гаргахгүй бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон байна. Мунагийн халуун туссан ийм бүтэшгүй этгээд Монголын залуучуудын холбоог удирдаж байна гэж бодохоор ёстой хойч үеэсээ ичиж улаймаар...
Ингэхэд Мөнхбат нь олон нийтийн сүлжээгээр “Хамраа ухаад боовоо саагаад сууж бай” хэмээн бусдыг доромжилж байсан нь хувь хүнийхээ хувьд хэр ёс зүйтэй болохоо харуулсан юм. Мөн түүний салаавч гаргасан увиагүй, ёс зүйгүй зураг олон нийтэд гарсныг хүн бүхэн мэднэ. Монголын залуучуудын үндэсний төв байгууллагын удирдагч нь түмэн олонд салаавч өгч байхад, төрийн цагдаад нэг залуу салаавч өгөх нь энүүхэнд биз ээ. Монголын ирээдүй, эх орны залуусын оюун санааг удирдан хөгжүүлэх Залуучуудын холбоог ийм ёс зүйгүй, бүдүүлэг танхай нөхөр удирдаад сууж байгаа нь энэ цагийн нэгэн эмгэнэл болоод байна.
А.Мөнхбатын бусдад нэр нүүр олж авсан ганц том алхам гэвэл 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр “Хар цагаан жагсаалт, “Хулгайчгүй Монгол” гэсэн хөдөлгөөн өрнүүлж, улмаар өөрийн удирддаг Иргэний хөдөлгөөний намын хөтөлбөрөө “Монголын залуучуудын холбоо”-ны үйл ажиллагаа мэтээр сурталчилж, “Хар жагсаалтанд орсон этгээдэд санал биш салаавч шүү” гэсэн уриа дэвшүүлж олон хүнийг айлгасан явдал юм. Гэвч энэхүү хий хоосон хийрхэл нь ард түмэнд ямар ч хэрэг болоогүй. Харин өөрт нь бол маш ашигтай бизнес болж хувирсан байдаг. Нээрээ л чадал дорой нэр дэвшигчдийг айлгах гэсэн аятай мань эр яг сонгуулийн үеийг дайруулан сахлаа бавтайтал ургуулаад зогсохгүй “Хар жагсаалтанд багтахгүй л гэж бодож байвал надтай уулз” гэсэн бичиг барьсан, бас салаавч гаргасан зургаа олон нийтэд улайм цайм цацаж байв. Тэгээд зарим нэг чадал дорой нэр дэвшигчид хар жагсаалтанд орохгүйн тулд түүнтэй уулзаж, энд л мөнөөх авилгал хээл хахууль гэдэг нь өрнөсөн байдаг.
Ёстой л нөгөө “Чи хаан юмуу, заан юмуу” гэдэг шиг А.Мөнхбат бусдыг сонгуульд нэр дэвших эсэхийг нь ганцаараа шийдэж байдаг “Заан” болж хувирсан. Үнэн хэрэгтээ энэ бол ганцхан хүний хоосон хийрхэл, айлган сүрдүүлэлтээр бамбай хийсэн жинхэнэ завхрал байсан юм. Энэ нь монголчуудад ямар ч ашиг авчраагүй. Харин үүнийхээ хүчинд А.Мөнхбат ард түмний нүдэн дээр нэг л их шударга хүн болж харагдах болсон. Түүний хар, цагаан жагсаалттай жагсаалтгүй эрдэмтэй эрдэмгүй эсэн бусын нөхөд саарал ордонд залардагаараа заларч, эдүгээ бүгдээрээ л ард түмний хараалыг идээд сууж байна.
Цаашлаад А.Мөнхбат зарим хүнийг цагаан жагсаалтанд оруулж өгнө хэмээн амлаж, олон удаагийн үйлдлээр бусдаас их хэмжээний мөнгө нэхсэн байх бөгөөд энэ нь баримт нотолгоотойгоо сошиал орчноор дүүрэн байна.
Мөн тэрбээр Монголын Залуучуудын холбооны төв байрыг шашны ёсоор тохижуулж, бөө мөргөлийн зан үйлдээ ашиглаж ирсэн, ихэнх өрөөгөө түрээслэсэн зэрэг ёс зүйгүй үйлдэл олныг гаргажээ. Энэ бүхэн 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл болж байгаа үйл явдал бөгөөд МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат нь МЗХ-гоор дамжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилттэй холбоотой баримтуудыг байнга нууж хааж иржээ. Тиймдээ ч МЗХ-г шинэчлэх хөдөлгөөний залуус А.Мөнхбатыг үүрэгт ажлаа хийх чадамжгүйг үе үе шүүмжилж, нэн даруй огцрохыг шаардаж байв. Үндсэндээ бол Монголын залуусын эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагыг зөвхөн А.Мөнхбат гэдэг ганц хүн л өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн удирдаж байдаг юмсанж. Түүний талаарх таагүй мэдээллүүд ч хэвлэлийн хуудсаар байнга хөвөрдөг. Үнэн хэрэгтээ А.Мөнхбат МЗХ-г ашиг олох байгууллага болгоод зогсохгүй олон жилийн нэр хүндийг нь байнга улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн гэлцдэг. Өөрөөр хэлбэл залуучуудыг дэмжих, хөгжүүлэх, удирдан чиглүүлэх, сургах, заавар зөвлөгөө өгөх, зөв зүйлд уриалан дуудах, оюун санааг нь төлөвшүүлэх үндсэн үүрэг, зорилго нь алдагдаж, зүгээр л залуучуудын нэрийг барьж улс төрчдийг шантаажилдаг байгууллага болгосон гэдэг юм билээ. Мөн Монголын Залуучуудын Холбоо хэмээх дөрвөн давхар барилга тэр чигтээ түрээсийн үйл ажиллагаа явуулж, ашиг олдог хэрнээ тэрнээсээ залуучуудад зориулсан ажил хийгддэггүй, холбооны тэмдэг медалийг төлбөр аваад албан байгууллагуудад шуудай шуудайгаар нь бөөндөж ашиг олдог ч Авлигатай Тэмцэх газарт шалгагддаггүй цорын ганц байгууллага ч гэх шүүмжлэл дагуулж явдаг.
МЗХ нь санхүүгийн хувьд өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаа, өмч хөрөнгө болон төсвийн зарцуулалтын ямар ч тайлан илтгэл байдаггүй аж. Тус холбоонд жилдээ 20 мянган медалийг ширхэг бүрийг нь 33 мянгаар “зарж”, 660 сая төгрөг, холбооны байраа 1 мкв 25 мянгаар түрээсэлж жилийн 300 орчим сая төгрөг, гишүүдийн татвар гэж 339 хүний жилийн 240 мянгаар бодоход 82 сая төгрөг цутган орж ирдэг тухай зарим эх сурвалжууд нийгэмд зарлаад байгаа. Гэвч харамсалтай нь энэ их мөнгийг юунд, хэрхэн яаж зарцуулдаг нь тодорхойгүй.
Энэ шашинаар дарангуйлагч А.Мөнхбатыг огцруулах хөдөлгөөн зөвхөн өнөөдөр эхэлсэн үү? гэвэл бас үгүй. Хэдэн жилийн өмнөөс л байнгын шүүмжлэл дагуулж ажлаа хийж чаддаггүй хэмээн түүнийг огцруулах залуус нэгдэн нийлж үгээ хэлж ирсэн ч харамсалтай нь суудлаас нь буулгаж дийлсэнгүй. Өдгөө ямартай ч МЗХ нь Монголын залуучуудын төлөө юм хийдэггүй, хэн нэгний хувийн байгууллага болоод ихэд удсан тул А.Мөнхбатыг нэн яаралтай огцруулахаар залуус хөдөлж эхлэв бололтой. Уг нь тус холбоо нь 2015 онд тавдугаар их хурлаа зарлан хуралдаж, үндэсний залуучуудын төв байгууллага болохоо батлан харуулж бүтцээ тодорхойлж, олон залуучуудыг нэгтэн нийлүүлэх шинэ түвшинд гарснаа зарлаж үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Түүнчлэн МЗХ-ны үндсэн дүрмээр ерөнхийлөгч болон бүтцийн бүх шатны удирдлагууд дөрвөн жилийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан ч өнөөдрийг хүртэл аймаг орон нутаг, орон нутгийн салбар хороодтой хамтран ажилласангүй. Хамаг л эрх мэдлийг зөвхөн өөрийнхөө гарт төвлөрүүлсэн А.Мөнхбат олон мянган залуучуудын шаардлага санал хүсэлтийг хүлээж авдаггүй, харин ч үндсэн дүрмээсээ хазайж намжсан, шашинжсан, наймаалцсан олон арван бусармаг зүйл хийж, мянга мянган залуусын итгэл, сэтгэлийг хөсөрдүүлж иржээ. Мөн тэрбээр аймаг орон нутгийн салбар хороодын дарга нарыг ажлаа өг гэж шахан шаардаж, бүтэц бүрэлдэхүүнийг оюутан томилох зэргээр бүрдүүлж, хувийн компанийн ажилтнуудтай харьцаж байгаа мэт зан үйлдлүүд нь залуучуудын дургүйцлийг төрүүлэх болжээ.
20-р зууны бүхий л том бүтээн байгуулалтанд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд гар бие оролцсон түүхтэй. Цагийн сайханд Монголын залуучуудын эвлэлийг Монголын уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, нэрт эрдэмтэн, зохиолч, агуу сэтгэгч Лодонгийн Түдэв нар удирдаж ирсэн байх бөгөөд өнөө цагийн бөөчин, намчин, шантаажчин А.Мөнхбат бол энэ их хүмүүсийн хөлийн хумсан чмнээ ч байж чадахааргүй болсон нь жинхэнэ эмгэлэн гэлтэй. Тийм ч учраас хөгжлийн түүчээ болж явах учиртай залуусын эв нэгдэл, сэтгэл зүтгэлийг зангидан байдаг Монголын залуучуудын холбоог нэр цэвэр, үйлс арвин зөв хүнээр удирдуулах цаг нэгэнт болжээ.
Монголын залуучуудын холбоо нь 1921 онд байгуулагдсан аргагүй л эртний сайхан түүх улбаатай байгууллага бөгөөд 2021 он буюу ганцхан жилийн дараа 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тиймээс энэ агуу хүндэт 100 жилийн ойн баяраас өмнө залуус бидэнд ээлтэй, зөв манлайлагч болох, ирээдүй хойч үеийнхэнд минь ёс зүйтэй гэрэл гэгээтэй нийгмийн түүчээлэгч байх, цаашлаад эрхэм ахмадуудад минь сэтгэлийн гомдолгүй хүмүүнлэг хүндлэлтэй залуусын төлөөллийг таниулах шинэ удирдагчтай болох нь нийт Монгол залуусын минь хүсэл эрмэлзэл буй за гэж бодогдном.
Нийтлэлч. Жамбалын Нямаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>