Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр сонгуулийн шоу хийх нэр, нүүр С.Эрдэнэд үлдсэн үү?

327

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр сонгуулийн шоу хийх нэр, нүүр С.Эрдэнэд үлдсэн үү?

 

АН-ын дарга С.Эрдэнэ дахин нэг удаа УИХ-ын гишүүн болохын тулд юу эсийг хийж явна. Тэрбээр иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ дохионы хэлмэрч дагуулан явж, сонгуулийн сурталчилгаандаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ашиглаж байх аж. С.Эрдэнэ хэд хэдэн удаагийн уулзалт дээрээ тэргэнцэртэй хүнээр үг хэлүүлж, өөрийгөө дэмжүүлж, эмзэг бүлгийнхнийг хайрлаж хамгаалдаг, дэмжиж тэтгэдэг дүр эсгэв.
 
Түүнийг өөрт нь хэрэгтэй, ашигтай гэвэл юу ч хийхээс буцдаггүй улстөрч гэдгийг олон нийт мэднэ. Гэтэл С.Эрдэнэ хэлж ярьж байгаа шигээ бодит байдал дээр эмзэг бүлгийнхнийг хайрлаж чаддаг хүн мөн үү?
 
АН-ын дарга С.Эрдэнэ 2012-2016 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайдаар ажилласан. Тэр Монгол Улсын хамгийн чухал салбарыг удирдаж байсан ч хэзээ ч хүн амаа ялангуяа төрийн бодлого дэмжлэг нэн шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдээ хамгаалж, дэмжиж байгаагүй. Хамгаалах нь бүү хэл нийгмийн хамгийн эмзэг бүлгийн нэрээр гадна, дотноос орж ирсэн мөнгийг хувьдаа завшсан хэл ам өнөө ч түүнийг сүүдэр шиг дагасаар байдаг. Тэр бол С.Эрдэнэ 2015 онд Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд байхдаа"Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” барих нэрийдлээр хотын А зэрэглэлийн бүсэд газар авч, эцэст нь "Шонхор тауэр” гэсэн оффисоо сүндэрлүүлсэн хэрэг билээ. Одоо "Шонхор тауэр”-т С.Эрдэнээр овоглосон бүх газрууд байдаг. АН-ын Хэрэг эрхлэх газар ч байрладаг. Гэхдээ С.Эрдэнэ АН-ын даргаас буух л юм бол АН түүний хувийн "Шонхор тауэр”-аас хөөгдөх нь тодорхой. С.Эрдэнэ хувийн байшиндаа АН-ын ХЭГ-ыг оруулаад тэр байшингаа "Ардчиллын өргөө" нэртэй болгосон ч АН-аа ардчилсан биш болгож байгаа билээ.
 
 
 
С.Эрдэнийг Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд байхад одоо "Шонхор тауэр” байгаа газарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ, сургалт, бусад тусламж авах боломжтой том цогцолбор барихаар зураг төслийг нь гаргачихсан, тэр ч бүү хэл барилгын хашаан дээр нь "Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гээд биччихсэн барилгын ажил эхэлж байв. Гэвч удалгүй С.Эрдэнийн мэдлийн өргөө болох нь тэр. Ингэж С.Эрдэнэ сайдын эрх мэдлээ ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр хотын А зэрэглэлийн газарт хувийн байшингаа сүндэрлүүлсэн.
 
 
 
Эгэл жирийн иргэний хөлс хүчээ урсган байж олсон орлогоосоо төлсөн шимтгэл буюу улсын нийгмийн даатгалын мөнгө, Баянгол дүүргийн төсөв хөрөнгийг хувийн компани шигээ захиран зарцуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр цагдаа шүүхэд шалгагдан шоронгийн хаалга татаж явсан түүх С.Эрдэнэд бий. Тэрбээр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Даргаар ажиллаж байхдаа өөрийн үүсгэн байгуулсан "Төгс эрдэм” төрийн бус байгууллагынхаа машиныг нийслэлийн Нийгмийн Даатгалын Газарт 18 сая төгрөгөөр шахсан, өөрийгөө өмгөөлүүлэхээр нийгмийн даатгалын хөрөнгөөс 1.9 сая төгрөг завшсан, Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд байдаг 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн "Гэрэл” зочид буудлыг улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газарт 95 сая төгрөгөөр шахсан, 2008 оны УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн дүнг будилаантуулсан гэсэн дөрвөн зүйлээр буруутгагдан 2009 онд шүүхээс зургаан жилийн ял сонссон ч гурван сар суугаад л гарч байв.
Эдгээр хэрэгт буруутгагдан Эрүүгийн хуульд заасны дагуу эд хөрөнгө завшсан гэсэн үндэслэлээр С.Эрдэнийг зургаа, Д.Үүрийнтуяа, Б.Лувсандагва нарыг таван жил хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргаж байв. Мөн нас барсан хүмүүсийн даатгалын мөнгийг завшсан хэрэгтэй ч тэрбээр холбоотой. Ийм зүй бус хэрэг үйлдэж явсан С.Эрдэнэ, түүнтэй хамт ял сонсч байсан, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн Д.Үүрийнтуяа зэрэг "Шонхор” фракцынхан УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нь нэгэн цагт улс төрийн томоохон хүчин гэгдэж явсан АН ямар хэмжээнд очсон бэ гэдгийг харуулж байна.
С.Эрдэнийн үг, үйлдэл хоёр зөрдгийг батлах бас нэгэн жишээ бол АН-ын мөрийн хөтөлбөр. Наанаа нийгмийн хамгаалал, төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай эмзэг бүлгийнхэнд хайртай дүр эсгэж яваа С.Эрдэнэ хачир дээрээ мөрийн хөтөлбөрийнхөө "Таны хүүхдэд” гэсэн бүлгийн 10 гаруй зорилт дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн нэг ч үг, өгүүлбэр багтаасангүй.
 
 
 
Харин "Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ” гэсэн бүлэгтээ зургаан зорилтыг дэвшүүлсэн ч түүн дотор нийтийн эзэмшлийн барилга талбайд зориулалтын зам, шат бүхий хэрэгсэл суурилуулна, оновчтой бодлого хэрэгжүүлнэ, хувьсах зардлыг нэмэгдүүлнэ гэх мэт ерөнхий зүйлүүдийг бичсэнээс тодорхой судалгаа шинжилгээнд үндэслэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, том хүн нийлсэн 106.4 мянган иргэний хүсэл шаардлагад нийцсэн бодит зорилт алга.
 
 
 
С.Эрдэнэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр шоу хийх нэр, нүүр үлдсэн үү?
 
 
С.Аз
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>