Хуучин бүхэн "ул" болох учиргүй ээ
Сүүлийн 30-аад жилд төрийн зарим алдаатай бодлогоос болж, гадна дотнын пүүс, компаниудад газрын лиценз гээчийг хэдэн мянгаар нь хяналтгүй олгож, Монгол хэмээх их сайхан үзэмж төгс орноо дэндэнэ дэндэнэ гэхэд арай ч дэндүү самарсныг энэ эх орондоо азаар Монгол хүн болж төрснөөрөө бахархан, бардамнаж явдаг жирийн иргэн бүхэн харамсан харж, өөр хоорондоо ярилцахаас цаашгүй байна. Уул уурхайгаас эрдэнэ баялгаа зохих ёсоор нь зөв зүйтэй хүртэлгүй л яахав, харин хөрсөөр нь эргүүлээд хаясан говь, хангайгаа харахад нүд халтирмаар болсон.
Дээр үед хочины ноосыг “цагаан алт” гэж аян хүртэл зарлаж малчин ардууд Харганы ноосыг хүртэл түүх, хээр хаягдсан бутны ноосыг хүртэл түүж хоршоонд тушааж, төлөвлөгөө нормоо биелүүлдэг их аж ахуйч байсан юм.
Н.Шоопор өөрийн даасан анги хамт олонтойгоо ид ажиллан, хийсэн бүтээснээрээ мандаж телевиз, радио, сонин хэвлэлд нийтлэгдэж байх цэцэглэлтийн үед Ардчилал гэдэг шинэ нийгэм гарч нэгдэл тарж, зорьсон ажил бутарваа. Мөнөөх багш Н.Шоопор одоо Дархан хотод бичиж, туурвиж буй зохиолч бөлгөө.
Үеэ өнгөрөөж яваа өвгөн бичээч би бээр эрэмбэ, дараалал, муутайхан, сэтгэлдээ орсныг системгүй нурших шиг боллоо. Улс, нийгэмд болохгүй бүтэхгүй зүйлүүд ундарч гараад байхаар өндөр настан бид бүхэн бухимдаж, уур хилэн ундарч, урам зориг мохох юм.