Ж.Эрдэнэбатыг суллах шийдвэр гаргалаа
Өмгөөлөгч Д.Батсүх, Г.Оюунцэцэг, Б.Баясгалан нарын гаргасан Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцлээ. Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 214 дугаартай "...хэрэг хүргэх тухай...” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.



