COVID-19: АНУ 16 настнуудыг вакцинжуулж, Герман Орос вакцин авахаар болов
2019 оны 12 дугаар сарын сүүлд Хятадын Ухань хотод анхлан бүртгэгдэж, 2020 оны нэгдүгээр сарын 30-нд ДЭМБ дэлхийн эрүүл мэндийн салбар дахь онц байдал гэж хүлээн зөвшөөрөн, үүнээс хоёр сар хүрэхгүй хугацааны дараа "цар тахал" хэмээн зарласан коронавирусийн халдвар дэлхий дахиныг бүрхсэн хэвээр, өвчлөлийн тоо төдийлөн буурахгүй байна. Энэ нөхцөлд олон орон коронавирусийн тархалттай тэмцэх зорилгоор хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийн дээр вакцинжуулалтаа эрчимжүүлж байгаа юм. Герман: 12 сая хүн вакцинд хамрагджээГерманд коронавирусийн тахлын гуравдахь давалгаатай тэмцэхийн тулд "ослын зогсолт" хийхийг эрх баригчид дэмжсэн байна. Тодруулбал, Хүн амыг халдварт өвчнөөс хамгаалах тухай хуульд зохих өөрчлөлтүүдийг оруулж, үүнийг бундестаг дэмжжээ. Энэ өөрчлөлтийн дагуу халдварын төвшин өндөр байгаа тойрог, хотуудад шөнөөр хөл хорих цаг тогтоох, дунд сургуулиудыг хаах, дэлгүүрүүдийн ажиллах цагийг хатуу хязгаарлах юм байна. Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер баталсны дараа энэ хууль ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх аж.
Тус улсад вакцинжуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын 22-ний өдрийн байдлаар насанд хүрсэн хүн амынх нь 21.6 хувь буюу 15.2 сая гаруй хүн вакцинд хамрагджээ. Харин вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан хүний тоо 5.7 сая буюу хүн амынх нь 6.9 хувийг эзлэж байгаа гэнэ.
Герман улс зургаа, долоо, наймдугаар саруудад тус бүр 10 сая тун гээд нийт 30 сая тун "Спутник V " вакцин захиалах төлөвлөгөөтэй байгаа гэж Саксонийн ерөнхий сайд Михаэль Кречмер Москвад айлчлан ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкотай уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар АНУ-д 200 сая тун вакцин тарьсан байна. "Өнөөдөр, би албан тушаалдаа ороод 92 дахь өдөр тохиож байгаа энэ үед АНУ-д хийсэн вакцины тун 200 саяыг давлаа. Энэ бол ард түмний хувьд гайхалтай амжилт" хэмээн Жо Байден мэдэгджээ.