Дэргэдийн бурхадаа дэмжихгүй бол хөлсний ажилчин, хөлийн алчуур л өсгөж байна даа...

351

 

Дэргэдийн бурхадаа дэмжихгүй бол хөлсний ажилчин, хөлийн алчуур л өсгөж байна даа...

 

Дэргэдийн бурхадаа дэмжихгүй бол хөлсний ажилчин, хөлийн алчуур л өсгөж байна даа…

Гурван хүүхэдтэй нутгийн ах байдаг юм. Тэдний 8-14 насны хөөрхөнүүд цахим хичээл гэхээр л царай нь хувирна. Том хүү мэдээж бүрэн эрхтэйгээр телевиз эзэмшинэ.
Мань эрийн мэдэлд цэнхэр дэлгэц бүрэн шилжинэ. Удаах охин ээжийн утсыг маажина. Бага хүү бүр хаягдана. Ээж гадуур ажилтай үед дунд охин бас хог дээр үсэрнэ. Аав бол ажил гээд алга болно, арав таван цаасаа бодохгүй бол амьдрал будаа. Телевиз "өмчилсөн” том ах яасан, өрөнд орсон.

Ээж нь түүнд "Чи л хожим дүү нараа тэжээнэ шүү, чиний төлөө бид киногоо ч үзэж чадахгүй байна” гэж яллах болсон, уг нь хүүхэд юм шүү дээ. За гэтэл сүлжээ орж гардаг Сүүжийн өвөлжөөнд нутагтай Доржийнх бүр хэцүү. Уг нь эрх ганц охинтой, эрхэм том зорилготой. Охин уулын орой бараадаж утсаа өвөртлөөд гарна. Хаврын салхинаар аав нь аргаа бараад алимны хайрцагаар салхи нөмөрлөх амбаар маягийн юм хийж өгч байж хичээлийн жил дуусгасан. Гэтэл чадалтай, чансаатай утастай байсан бол өвөлжөөнийхөө мухарт дулаан суугаад хичээллэх байсныг мэдээд аав охин хоёр арай л уйлаагүй. Өө бүр дундын ганц утсаа булаацалдаад хоорондоо зодолдоод, өдөр өдрөөр ээлжилж хичээлдээ суудаг хүүхдүүд ч байна. Үүнээс ч муу жишээ олныг дурдаж болно. Утас байхгүй, таблет бүүр байхгүй, цахилгаан ч байхгүй, телевиз бол тэртээ сансрынх учраас хичээлд хамрагдах ямар ч боломжгүй 100 мянган хүүхэд байдаг гэсэн судалгаа байна.

Нэгэн үеийнхний боловсролын сүйрэл хаалга цөм өшиглөөд, аль эрт аавын гэрийн хойморт аатайхан залрах нь энэ шүү дээ. Улс орон ухрах араандаа, удам хойч уруудах замдаа шуударсан гэж мэд. Ямартаа гурван хүүхэдтэй аав гундуухан ярьж байна. За би ч хөрөнгөтэй гадныханд хөлсний ажилчин, хөлийн алчуур өсгөж өгч байна даа, гурван муу хүүхдийг минь гудамжинд гарах тавилан хүлээж байна гэж багахан балгачихаад базлаад байдаг дотроо уудалсан нь энэ.

Айл болгонд энэ асуудал байгаа, амжиж одоо бодлого хэрэгжүүлбэл гурван жилийн дараа л боловсролын хоцрогдол боломжийн урагшлах юм. Хүүхэд зовлонгоо хүнд ярих ч биш дээ, хөөрхий тэдэнд маань юм юм л дутагдаж, юм юм л бодогдож байгаа. Өсөхийн зовлон гэж өвгөд хэлж сургадаг нь ийм учиртай. Боловсролын сүйрэл босго даваад ороод ирснийг олж харж, олуулаа шийдье хэмээн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хувийн хэвшлийнхэн түрүүлээд хөдлөөд эхэллээ. Тэр дундаа Мобиком корпораци идэвхийлэн хөдөлж, цахим хичээлд хамрагдах ямар ч боломжгүй байгаа 100 мянган хүүхдийн асуудлыг хөндөн гаргаж ирлээ.

Тэгэхдээ Мобиком өөрийн зүгээс тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьдралын боломжгүй хүүхдүүдийн асуудлыг шийдэж, орчин үеийн, бүрэн хэрэгцээ хангах утастай болгохоор ” Smart education” төсөл боловсруулан идэвхийлэн ажиллаж байна. Яг үнэндээ муу хэлүүлж модоор цохиулаад байдаг Мобиком корпораци л Үдийн цай хөтөлбөрийг 2000-аад оны эхээр эхлүүлж, хөдөөний дунд сургуулиудыг боловсон жорлонтой болгох Wash хөтөлбөрийн эхлэлийг 2014 онд тавьж, Хүүхэд бүрт цэвэр ус аяныг санаачлан хэрэгжүүлж, хожим улс даяар төрийн бодлого болон одоо ч урагшилсаар байгаа юм шүү дээ. Энэ удаа Мобиком корпораци өөрийн зүгээс тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрүүлэн, боломжгүй айлын хүүхдүүдийг цахим хичээлд хамруулахын тулд гар утас, дата, интернэт хэрэглээ талаас нь бүрэн хангах төсөл санаачиллаа, гэхдээ "Олуулаа шийдье, олон хүүхдэд боломж олгоё” хэмээн та бидэнд уриалж буй юм. Хичээлээс хаягдсан хэдэн арван мянган хүүхэд цаана нь үлдэнэ.

Тэдэндээ яаж туслах вэ, барьдаггүй, хэрэглэхээ больсон утаснуудаа хандивлах уу, эсвэл бусад хувийн хэвшлийнхнийгээ уриалах уу? Улс хэрхэн бодлогодоо багтааж, БСШУЯ хэдийд нь хаанаас нь дэмжих үү? Энэ мэтийг бодох л хэрэгтэй болж дээ. Улсаараа хөдөлбөл уг нь болохгүй гэх газаргүй. Том багагүй дэмжээд, дэргэдийн жаахан бурхаддаа гар сарвайвал дэмий алдсан жил хагасыг дэм дэмэндээ нөхөх боломжтой.

Хүүхдийн гарт хөөрхөн ирээдүйг нь атгуулахын төлөө үүнийг хийцгээе. Сайн дурынхан санаачлаад ороод ирвэл би хувьдаа дэмжинэ. Үүргэвч цүнх хандивлахаасаа илүү үүрэн хичээлд нь ойртуулъя.

Уут уутаар чихэр ундаа, чипс зайрмаг зөөж, ядарсан айлын хүүхдэд чадарсан тусламж үзүүлсэн нэрээр зураг хөргөө зурайтал татуулдаг үе одоо хоцрогдсон байна. Учир нь хүүхдүүдийн тархи оюун, таван мэдрэхүй өлсөөд байна, өлсөхөөс ч аргагүй юм даа.

Эмүжин


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>