"Сүр хүчгүй, сүлд хийморьгүй” Монгол хэвээрээ...

239

 

"Сүр хүчгүй, сүлд хийморьгүй” Монгол хэвээрээ...


Том гүрний том дарга гэж цаанаасаа л өөр юм байна. Найрамдалт харилцаандаа сэв суулгах вий гэсэн дээ урдуур, хойгуур нь "бөхөлзөж”, юухан ийхнээ өргөж, бариад ч нэмэр алга. "Танай улсыг УЦС барихыг зөвшөөрөхгүй, оронд нь эрчим хүчээр хангаад өгье” гээд их гүрний сүрийг үзүүлж, бяраа гайхуулчихаад яваад өгөв өө, Виктория Абрамченко.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко Орос, Монголын Засгийн газрын хоорондын комиссын хуралдаанд дарга, цэрэггүй бүгдийг нь эгнүүлж суулгаж байгаад "нүүр, нүдгүй загнаж” байсан талаар гадна, дотнын хэвлэлүүд ч бичиж байна. Нөгөөтээгүүр Тусгаар тогтнолын тэмдэглэлт баяраар нь ирж, "Монголын судсыг нь барьсан” асуудлуудыг хөндсөн нь өөрөө "том сануулга” болов.

Ван Игийн айлчлал

Ван Игийн айлчлал

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченкогийн айлчлал нэг л "танил” байсан нь өнгөрсөн жил БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И ирж байх үеийг эрхгүй санагдуулав. БНХАУ-ын Ван И "бэрс” айлчлал нь эхэлж, Монгол Улсад ирэхээсээ ч өмнө "шаглах” эхний нүүдлээ хийсэн байсныг санаж байгаа болов уу.

Ван И айлчлалынхаа өмнөх өдөр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруйгаар монголчуудад сэтгэл зүйн дайралт хийлгэсэн ярилцлага өгүүлсэн. Тэрбээр "БНХАУ-ын Үндсэн хуулиар иргэн бүр улсын нийтээр хэрэглэдэг хэл бичгийг сурах, хэрэглэх эрх үүрэгтэй. Холбогдох шийдвэр, арга барил маань хуульд нийцсэн бөгөөд энэ нь Хятад Улсын дотоод хэрэг”, "Манай гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр Монгол Улсад 700 сая юанийн буцалтгүй тусламж олгох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зурна”,  "Цар тахлаас шалтгаалж манай улсын эдийн засаг хумигдаж байна. Нүүрсний хэрэгцээ багасаж байна. Бараг нүүрсний хэрэгцээ байхгүй. Ний нуугүй хэлэхэд, та бүхний ашиг сонирхлыг харгалзан ажиллаж байна” гэх мэт зүйлсийг онцлон ярьсан байдаг.

Чухамдаа "Монгол Улсад 280 тэрбум төгрөг өгнө, Хэл бичгийн асуудалд чимээгүй байгаарай, эс бөгөөс нүүрс авахгүй байж чадна шүү” гэсэн санааг Элчин сайд Цай Вэньруйгаар хэлүүлж, айлчлалынхаа гол зорилгыг танилцуулсан хэрэг л дээ. Улмаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд тусгай онгоцоор газардахад Монголын талын төлөөлөгчид хүлээж авч, үндэсний хувцасны дүүриймаагаар хадаг, мөнгөн аятай сүү өгүүлсэн ч, Ван И сүү уухгүй гэж гараараа зангаад  ярвайсхийгээд алхаж одсон.

Виктория Абрамченкогийн айлчлал

Виктория Абрамченкогийн айлчлал

Монгол, ОХУ хоёр орон нэгнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, тодорхой хэмжээний зарчмыг баривтлах нь зөв. Харин нөгөө талаас Монгол Улсын дотоод асуудалд хөндлөнгөөс үл оролцох зарчмыг баримтлах байсан ч тийм зүйл болсонгүй.

ОХУ-ын талаас Байгаль нуурт цутгадаг Сэлэнгэ мөрний дээр УЦС байгуулах асуудалд сөрөг байр суурьтай байгаа. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченкогийн тайлбарласнаар "Сэлэнгэ мөрний дээр УЦС байгуулах нь ай сав газарт ноцтой аюул учруулж болзошгүй” гэнэ. Тэгвэл ОХУ-ын нутаг дэвсгэр дэх Байгаль нуураас эх авдаг Ангар мөрний дээр гэхэд дөрвөн УЦС байдаг юм байна.

Үүнээс харахад ОХУ-ын сөрөг байр суурьт зөвхөн Байгаль нуурын ай савд эрсдэл учруулах асуудалд бус "Монгол Улсыг дотооддоо эрчим хүч үйлдвэрлэхийг нь хязгаарласан юм биш биз” гэсэн асуулт гарч ирнэ. Энэ талаар ч мөн Виктория Абрамченко сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ "ОХУ-ын талаас Монгол Улсад УЦС барихыг зөвшөөрөхгүй. Харин үүнээс үүдэх Монгол Улсын эрчим хүчний алдагдлыг ОХУ-ын нөхнө” хэмээсэн юм.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Виктория Абрамченко "Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал хангалтгүй байгаа учир ОХУ-ын талаас шаардлагатай тусламжийг үзүүлэхэд бэлэн. Гусиноозёрскийн ДЦС-аас шаардлагатай хүчин чадлыг үзүүлнэ” гэжээ. Мөн 2022 онд Казаньд ЮНЕСКО-гийн комиссын хурлыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа тухайгаа мэдэгдсэн. Энэ тухайд зарим судлаач "ОХУ-ын талаас Монголын УЦС-ын асуудлыг нэг тийш нь болгож, төслийг цуцлуулахаар хөдөлсний шинж” гэж үзэн байр сууриа илэрхийлж байна.

ERGELT.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>