ТЕГ-т шалгагдаж буй Д.Банзрагч гэж хэн бэ

594

ТЕГ-т шалгагдаж буй Д.Банзрагч гэж хэн бэ

 

"Үндэсний аюулгүй байдлын сан" ТББ-ын тэргүүн Д.Банзрагчийг энэ сарын 2-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас саатуулсан. Тодруулбал, Д.Банзрагч нь энэ оны зургадугаар сараас "Тусгаар тогтнол хөдөлгөөн”-тэй хамтран Сүхбаатарын талбайд суулт хийж байсан юм. Тэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг дөрвөн үндэслэлээр Үндсэн хууль зөрчсөн хэмээн огцруулах шаардлага тавьж байсан. Мөн 5-11 насны хүүхдэд цар тахлын эсрэг вакцин хийхийг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийж байсан удаатай.

              ТЕГ-аас Д.Банзрагчийг "Тусгаар тогтнол хөдөлгөөн”-ийнхэнтэй үйл ажиллагаагаа хамтран явуулж байсан, Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх үндэслэлээр саатуулаад буй аж. Энэ тухай албан бус эх сурвалжууд "Дээрх үйл явдал БНХАУ-ын Гадаадын хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийх айлчлалын өмнө болж байна. Энэхүү айлчлалаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцын санхүүжилт болон бүтээн байгуулалтын асуудлаар шийдвэр гарна” хэмээн мэдээлж буй.

                Тагнуулын Ерөнхий газар саатуулагдаад буй Д.Банзрагч нь энэ оны зургадугаар сард өгсөн нэгэн ярилцлагадаа "Дэлхийн нөхцөл байдлыг авч үзэхийн тулд цаг хугацааны гурван мөчлөгийг харах хэрэгтэй. Эхнийх нь 1901-1906 он, хоёр дахь нь 1961-1966 оны үе. Гурав дахь нь 2021-2026 оны үе юм. Эхний мөчлөг буюу 100 жилийн эхний жаранд иргэншлийн зөрчил үүссэн. Өөрөөр хэлбэл, иргэншлийн мөргөлдөөн болсон.1961-1966 онд Карибын тэнгисийн хямрал болсон. Тэр бол  тогтолцооны мөргөлдөөн байсан. Дэлхийн II дайнаас хойш эхэндээ бүгд "Гитлерийн эсрэг” гэж байснаа дараа нь социалист, капиталист гэж хоёр хуваагдсан. Энэ хоёр тогтолцоо мөргөлдөж, бие бие рүүгээ  атомын зэвсэг хэрэглэх шахсан.

Тэгвэл 2021-2026 онд болж байгаа үйл явц бол оршихуйн хямрал юм. Бид орших уу, эс орших уу. Өөрөөр хэлбэл, бид бүх юмаа мартаад, ядаж оршихуйгаа санадаг байснаа ч больчихсон. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд эдийн засаг хямарна уу, дайн өрнөнө үү тоохоо больжээ.  Энэ нь эцэстээ орших уу, эс орших уу гэсэн массын үзэл санааны асар том зөрчил болчхож  байгаа юм. Иймээс бид оршихуйн хямралын эрин үед амьдарч байна. Өнөөдөр оросууд дэлхийн хүн төрөлхтний хувь заяа, газар шороо, хувь заяаныхаа төлөө, өөрсдийн эрх ашгаас ухрахгүй гэдгээ зарлаад шууд хөдөлчихлөө.

Нөгөө тал нь өөрсдийн  тогтолцоог алдахгүйн тулд түүнийхээ төлөө  үзэлцэнэ гэдгээ мэдэгдэж бас хөдлөөд эхэлчихлээ. Тэгэхээр нэг нь тогтолцооны, нөгөө нь оршихуйн төлөө гэсэн том зөрчлийн дунд Монгол Улс оршиж байна. Дүгнээд хэлбэл, монголчууд дэлхийн зөрчлийг үүсгэгч "Учиртай гурван толгой”-н гол цөм дээр байгаа. Дэлхий нэг нь Хятад, нөгөө нь Орос, гурав дахь нь АНУ гэсэн гурван цөмтэй болчихсон. Мэдээж Америкийг Европын холбоо болон Азийн зарим улс дагаж байна. БНХАУ бол АНУ-тай ч, Европтой ч эдийн засгаар холбогддог. Эдийн засгийн  хувьд том тоглогч. Орос  бол цэрэг, зэвсгийн хувьд том тоглогч. АНУ бодлого, удирдлагын хувьд том боссын үүрэг гүйцэтгэж байсан бол одоо энэ гурав хоорондоо зөрчилдөж байна” хэмээсэн байдаг.

Д.БАНЗРАГЧ 18 КОМПАНИД ХАМААРАЛТАЙ

                 "И ХАУС ПРОПЕРТИ МЕНЕЖМЕНТ" ХХК, "ГЛОБАЛ СИНЕРЖИ НЭТВОРК" ХХК, "ГЭГЭЭН ХҮҮХЭД, ЗАЛУУСЫН ХӨГЖЛИЙН ТӨВ", "ДИ ПЛАС КОНСАЛТИНГ" ХХК, "ПАРТНЕР ПЛАС" ХХК гэх мэт 18 компанид ерөнхий, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн дарга, гишүүн гэх мэт албан тушаалуудыг хашдаг байна. "Үндэсний аюулгүй байдлын сан" ТББ-ын тэргүүн тэрбээр систем судлаач мэргэжилтэй бөгөөд Улаанбаатар хотын унаган иргэн аж. Өнгөрсөн оноос хойш жагсаал, цуглаан хийж олны нүдэнд өртөх болсон. Харин түүнийг ТЕГ-аас Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн гэх үндэслэлээр саатуулаад буй юм.

 
 
https://ergelt.mn/news/22/single/23785

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>