МҮИС-ийн будлианы учгийг Л.Энх-Амгалан сайд атгаад авчээ
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан МУИС-ийн МҮИС-тай “андуурагддаг”-ийг засахаа өмнө нь мэдэгдэж байв. Тэрбээр хэлсэндээ хүрч буй бололтой. Уржигдар “...Уг маргаан олон жил үргэлжилж, сүүлд шүүхийн маргаан дээр ялсан” гэж мэдэгдэв. Мөн “...Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. АИХ-ын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг МҮИС гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой” гэлээ.
Харин МУИС-ийнхан нэрээ алдсанаасаа хойш энэ байдлыг залруулахаар ШӨХТГ, УБЕГ, Оюуны өмчийн газар, бас шүүхэд хандаж иржээ. Тухайлбал, МҮИС-ийг МУИС-тай андуурагдахуйц төөрөгдөл үүсч, хэрэглэгчид хохирч байгааг арилгуулахаар ШӨХТГ-т хандсан байна. Тус газраас “...МУИС-ийн шаардлага үндэслэлтэй” хэмээгээд хүлээн авчээ. Ингээд зөрчлийг арилгуулахаар УБЕГ-т мэдэгдэл хүргүүлжээ. Үүний зэрэгцээ МУИС нь англи нэршлийн “Mongolian National University”,“MNU” хувилбарыг Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулжээ. МУИС өнөөдөр дээрх нэршлүүдийг 12278, 12279 дугаартайгаар хууль ёсоор эзэмшиж байгаа аж.