Х.Янжингаажид ялсан гэсэн шийдвэр биш гэдгийг Захиргааны хэргийн шүүх тайлбарлажээ
"Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдын эхнэр давж заалдах шүүхийн шатанд ялсан хэмээн нийгмийн сүлжээнд бичсэн нь олны анхаарал татаад байна. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргаснаа тайлбар хийж сайтдаа байршуулжээ.
Тайлбарт: "Уг шийдвэрийг эс зөвшөөрч, Х.Янжингаажидаас "Улсын бүртгэлийн байцаагчийн 5686 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар, тухайн үед буюу гэрлэлт бүртгэсэн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Т.Ганболд, Х.Янжингаажид нар нь Монгол Улсад байгаагүй буюу аль аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад хүрэлцэн ирээгүй, бусад этгээдээр дамжуулан бүртгэлийг хийлгэсэн нь тогтоогдсон байна” гэжээ.
Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлт бүртгүүлсэн нь хууль бус гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогддог аж. Батлуулсан гэх өдөр тэд Монголд байгаагүй, холбогдох архивын баримт огт байдаггүй. Харин тэр дугаарт өөр иргэдийн бүртгэл байдаг нь маш ноцтой юм. Түүнээс гадна "хүний гуйлтаар” хууль бус үйлдэл хийсэн гэдгээ Улсын бүртгэгч нар нь АТГ-т мэдүүлжээ.