Пафф Диддигийн хохирогчийн тоо 3000 давж, прокурорууд хөдлөшгүй баримтуудыг цуглуулжээ

208

Пафф Диддигийн хохирогчийн тоо 3000 давж, прокурорууд хөдлөшгүй баримтуудыг цуглуулжээ

 

Америкийн энтертайнмент ертөнцөд продюссер, реппер гэдгээрээ танигдсан Шон Дидди Комбсийн хэрэг дэлхий дахины анхаарлыг татаж байна. 90-ээд оны эхээр хөгжмийн салбарт орж ирсэн цагаасаа бусдад бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бэлгийн дарамт үзүүлсэн, бусдыг хүчээр биеийг нь үнэлүүлсэн, бусдад хүчээр мансууруулах төрлийн эм бодис хэрэглүүлсэн, хүчээр бусадтай бэлгийн харилцаанд оруулсан гэх зэрэг олон асуудалд нэр холбогдоод байгаа билээ. Түүнийг энэ олон жилд эдгээр айшигтай гэмт хэргүүдийг үйлдэхэд нь түүний хамтран ажиллагсад, эргэн тойрны хүрээллийнхэн, бизнес, хөгжмийн салбарынхан гээд маш том хүрээг хамарсан олон хүний гар оролцсон хэмээн хууль хүчнийхэн үзэж байгаа. Нью-Йоркийн Өмнөд дүүргийн прокурорын газраас түүнийг гэмт хэргийн хуйвалдаан, бэлгийн мөлжлөг, биеийг нь үнэлүүлэх зорилгоор тээвэрлэсэн гэдэг гурван хэрэг дээр буруутгаад буй. Хэрвээ энэ ялын зүйчлэлүүд нотлох баримтаар батлагдвал тэрбээр бүх насаараа хорих ял авна. Одоогийн байдлаар 54 настай Пафф Дидди өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдүүлээд байгаа. Диддигийн өмгөөлөгч түүнийг 50 сая ам.долларын барьцаагаар батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч шүүгч Робин Тарнофски “түүнийг батлан даалтад гаргаснаар шүүхийн өмнө ирнэ гэсэн ямар ч батлагаа байхгүй” хэмээн хүсэлтийг нь түдгэлзүүлсэн байна.

Энэ оны 3-р сард түүний гэрт хууль хүчний байгууллагынхан гэнэтийн шалгалт хийж, шалгалтын үеэрээ хэрэгт холбогдолтой байж болох бүх дата файлуудыг цуглуулсан гэжээ. Ингэхдээ ганцхан түүнтэй хамааралтай бус түүний “Bad Boy” энтертайнментийн хамгаалалтын ажилтан, гэрийнх нь ажилтнууд, хувийн туслахууд, өөр нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтай холбоотой олон материалыг эд мөрийн баримтаар цуглуулсан байна. Нэг ёсондоо ирээдүйд болох шүүх хуралд ганцхан Пафф Дидди биш түүний “Freak offs” үдэшлэгт ирсэн, оролцсон болон гэмт хэргүүдэд нь нэр холбогдсон Америкийн хөгжмийн, улс төрийн, кино зах зээл, хууль хүчний гээд олон салбарыг хамарсан хүмүүсийн нэрс ил зарлагдах аж.

-Хохирогчдод хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл өгөх замаар мансууруулдаг байжээ-

Түүний эсрэг гомдол мэдүүлсэн 3000 гаруй хохирогч гарч ирсэн бөгөөд үүнээс 120 гаруй эрэгтэй, эмэгтэй хохирогчдын хөдлөшгүй нотлох баримтыг хуулийн байгууллагынхан сонгож авч Диддигийн эсрэг мэдүүлэг өгөх аж. Хохирогчдын дийлэнх нь түүнд хүчирхийлүүлсэн, биеэ хянах чадваргүй болтлоо мансууруулах бодис хэрэглэчихсэн байсан гэсэн нэг хариултыг өгцгөөсөн байна. Өөрөө бэлгийн хүчирхийлэл үйлдээд зогсохгүй ажилтнуудтайгаа бэлгийн харилцаанд орохыг удаа дараа шаардаж, дармталдаг байсан гэжээ. Мөн “Freak offs” үдэшлэг нь тэр чигтээ садар самуунаар дүүрсэн, хэргийн хохирогчдын олонх нь уг үдэшлэг дээр гэмт хэрэгт өртсөн болох нь эхний ээлжинд тогтоогтоод буй. Диддигийн ялын баримтад түүнийг бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаагаа баримтжуулсан хэдэн зуун бичлэгээ нуун дарагдуулж байсныг мөн хууль хүчнийхэн гартаа оруулсан байна. Хэрвээ уг бичлэг олон нийтэд хүрвэл хөгжмийн салбарын олон алдартнууд салбараасаа арчигдах болно хэмээн зарим мэдээллийн эх сурвалжууд бичих болсон. Хүчний байгууллагаас 3-р сард түүний Майами болон Лос Анжелес дахь гэрээс нь нэгжлэг  хийх үедээ  галт зэвсэг, сум, мансууруулах бодис, 1000 ширхэг хүүхдийн тос, бас бус хэрэгслүүдийг олсноо олон нийтэд зарласан юм. Гол нь Диддигийн хамтран ажиллагсад галт зэвсэг ашигладаг байсан бөгөөд түүнийг бусдыг айлган сүрдүүлэхэд ашигладаг байж болзошгүй гэж үзжээ. Гэрээс нь серийн дугаарыг нь зориудаар арилгасан галт зэвсэг олж хурааж авсан бөгөөд түүний өөрийн нэр дээр байгаагүй аж.

 Buzbee хуулийн фирм мягмар гаригт хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Диддигийн эсрэг иргэний шүүхэд хандахаар гомдол гаргасан 120 гаруй хүн байгаа гэдгийг албан ёсоор зарласан бөгөөд уг хэвлэлийн хурлын дараа Диддид хүчирхийлүүлсэн гэх хүмүүсийн дуудлага тасрахаа больсон гэсэн юм. Уг хуулийн фирмд хандсан хүмүүсийн зарим нь насанд хүрээгүй, хүүхэд байхдаа Диддигийн хохирогч болсон гэжээ. Хохирогчдын 55 хувь нь тухайн үедээ хууль хүчнийхэн болон эрүүл мэндийн байгууллагад хандсан гэх бөгөөд эрх мэдэлтнүүдийн нөлөөгөөр дарагдсан уг материалуудыг хуулийн багийнхан нэг бүрчлэн цуглуулахаар ажиллаж байгаа гэв. Дидди өнгөрсөн оны 11-р сараас хойш нийтдээ 12 удаа иргэний шүүхэд дуудагдсаны 11 нь бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэгт түүнийг буруутгасан шүүх хурал байжээ.

Эх сурвалж: CNN

Т.БАТСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>