“Бид чинь сонирхолтой цаг үеийн бүтээгдэхүүн бас амьд гэрчүүд шүү дээ”

62

“Бид чинь сонирхолтой цаг үеийн бүтээгдэхүүн бас амьд гэрчүүд шүү дээ”МАХН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын намын хорооны болоод нийслэлийн анхны ИТХТ-ийн даргаар ажиллаж байсан Жигжидсүрэнгийн Ядамсүрэнтэй Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Т.Баасансүрэнгийн хийсэн дэлгэрэнгүй ярилцлагын эхний хэсгийг “Зууны мэдээ” сонин өнгөрсөн баасан гарагийн дугаартаа нийтэлсэн билээ. Ярилцлагын төгсгөлийн хэсгийг хүргэж байна.

 

-Хоттой амьдралаа холбож явсан хүнд олон дурсамж байж таарна, заримаас нь уншигчидтайгаа хуваалцаач, сонин содон үйл явдал цөөнгүй тохиолдож байсан байлгүй дээ. Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны дарга нь өөрөө биз дээ?

 

-Хотын намын хорооны даргын хувьд орон нутгийн сонгуулийг удирдан оролцож, хуралд намаа олонх болгосон учир миний бие Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн холбогдох заалтын дагуу байгуулагдсан Нийслэл Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн анхны даргаар сонгогдож дөрвөн жил ажилласан. Тэр үед хуралд 72 төлөөлөгч сонгогдож, дөрвөн намын төлөөлөл нийслэлийн иргэдийн хуралд ажиллласан санагдана.

 

Бидний хийсэн гол ажил Улаанбаатар хотын амьдралыг шинэ зарчимд оруулах эх үндсийг тавьсанд орших байх. Мөн л хүнд байсан. Манай нийслэлийнхэн чинь картын системд орчихсон, өдөр тутмын хоол хүнсээ картаар зохицуулж байсан үе. Та бидний үеийнхэн бүгд мэднэ, өнөө үеийнхэн мэдэхгүй байхаа.

 

Дэлгүүрийн лангууд юу ч байхгүй үе Улаанбаатар хотынхонд эхлээд тохиосон шүү. 1995 он гэхэд ерөнхийдээ картын системээс гаргаж чадсан билээ. Манай хурал нийслэлийн нутаг дэвсгэрийг өргөжүүлэн тэлэх хүнд хэцүү ажлыг анх хийсэн. 1957 онд тогтоосон газар нутаг нийслэлийн амьдралд хүрэлцэхгүй болсон байсан. Төв аймгийнхантай зохицох гэж мөн ч их юм болсны эцэст хэд хэдэн сумын нутгаас нийслэлд шилжүүлэн Их хурлаар шийдвэр гаргуулсан. Нийслэлийн 12 дүүргийг шинээр байгуулсан.

 

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-аар батлуулж амжсан нь том дэвшил авчирсан юм. Нийслэлийн амьдралыг зохицуулах эрх зүйн анхны актуудыг батлан гаргасан. Нийслэлийнхээ ойг 300 гаруй жилээр ургашлуулах шийдвэр гаргаж хэрэгжүүлсэндээ сэтгэл хангалуун явдаг шүү.

 

Үүнээс бусад ажлыг нийслэлийн эрх зүйн байдлын хууль дүрэмдээ тохируулан өөрсдөө батлан хэрэгжүүлсэн юм. Анхдагчдын хувьд нийслэлээ бэлгэ тэмдэгтэй болгосон. Нийслэлийн сүлдээ Хангарьдаар дүрслэх гэж их л юм болж байлаа. Нийслэлийн туг далбаа, шагналыг анхлан бий болгосон гээд л хэлэх ярих, хийж гүйцэтгэсэн ажлууд бий л дээ. Энэ бүхнийг бид хуралдаанаараа хэлэлцэх явцад зарим үед инээд, зарим үед ханиад гэхээр олон сонин содон үг яриа сонсогдож байсаан. Аль болох эелдэг нөхөрсгөөр залж чиглүүлж ажиллах гэж чармайдаг байлаа. Анхны юм бүхэн ер нь хүнд хэцүү бэрхшээлтэй замыг туулж хэрэгждэг л дээ.

 

-Өөрөө эрдэмтэн судлаач хүн шүү дээ. Үнэнийг, түүхийн баримтыг эх сурвалжаас эрэх, бас судалгааны ажилд хоббитойг чинь мэдэх хүний нэг би. Судалгааны ажлаас гадна бас 10 гаруй сонин содон нэртэй ном хэвлүүлсэн байна. Зарим номынх нь утга агуулгыг би гадарлаж байгаа. Шууд асууя, Та баяжуулаад үргэлжлүүлээрэй. Жишээ нь, Нийслэл хүрээ хэмээх нэрийг 1920-иод онд хэн хэний санал санаачилгаар Улаанбаатар гэж өөрчилсөн юм бэ, Та номондоо сонин баримтын талаар өгүүлсэн байсан. Хүмүүс янз янзаар л хэлж ярих юм, аль нь зөв юм бол?

 

-Энэ онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой тохионо. Миний бие нэгэн чухал баримт олж үзсэн юм. Эхлээд түүхийн гэрч болсон хүний тухайд товч дурьдвал, Ж.Цэдэндамба (1906-1994) гэдэг эрхэм 1924 онд цэргийн яаманд алба хашиж, тус яамны ХЗЭ-ийн үүрийн даргын сонгуульт ажлыг давхар хүлээж байжээ. Ж.Цэдэндамба гуай Улсын анхдугаар их хурлын ажлын хэсэгт бас ажилласан цөөхөн хүний нэг бөгөөд түүний дуртгал 1992, 1995 онд “Нийслэлийн сонин бичиг”, “Улаанбаатар” сонинд хэвлэгдэж байсан юм.

 

Цэргийн яамны дэргэдэх ХЗЭ-ийн “Жавхланг бадруулагч” үүрийн дарга, хожмын хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн болсон хүн. 1924 оны энэ ХЗЭ-ийн үүрийн ханын сонины нэгэн дугаар түүнд хадгалагдаж байжээ.

 

Энэ ханын сонинг “Жавхланг бадруулагч” ХЗЭ-ийн үүрээс 1924 оны Улсын анхдугаар хурлын өмнө гаргажээ. “Уриа” хэмээх нэртэй тэр бичмэл ханын сонинд тус үүрийн гишүүдээс Үндсэн хууль батлагдсаны дараа Нийслэл хүрээнд утга төгөлдөр, оновчтой тусгай алдар нэр хүртээх нь зүйтэй хэмээн үзэж, ихийг туулж үзсэн дарга, сайд нар, тэр үеийн эрдмийг эзэмдсэн сэхээтнүүдээс санал асуулга авч гаргасан байгаа юм. Ханын сонинд хүмүүсээс авсан саналаа гараар бичиж нийтэлжээ. Би санал өгсөн хүмүүсийг тэр үеийн эрхэлж байсан албан ажлаар нь бичсэнийг яг хэвээр нь энд хэлье. Ерөнхий сайд Б.Цэрэндорж “Чандмань өргөө”, жанжин С.Магсаржав “Ялгуулсан”, жанжин Х.Чойбалсан “Хатан Туул”, дарга С.Буяннэмэх “Монголжин”, бичээч түшмэл Д.Нацагдорж “Хан-Уул”, сайд Б.Эрдэнэбат “Мандал”, эрдэмтэн Онход Жамъян “Энхжин”, эрдэмтэн Цэвээн Жамсранов “Мөнхжин”, өвгөн бичээч Г.Навааннамжил “Хангарьд”, түүхч түшмэл А.Амар “Өргөө”, Төв Хорооны Ц.Дамбадорж “Хүрээ”, Төв Хорооны Н.Жадамба “Баатар”, комиссар Насанбат “Дарханбаатар” гэх мэтээр саналаа өгснийг бичсэн. Х.Чойбалсан үүн дээр нэмж Д.Сүхбаатар нийслэл хүрээнд “Хасбат хот” гэх нэр өгөх саналтай байсныг тэмдэглүүлсэн байна. Сонирхолтой баримт байгаа биз?

 

Ж.Цэдэндамба гуайн хуучилснаар “Жавхланг бадруулагч” үүр албан ёсоор “Дарханбаатар” хэмээхүй саналаа Улсын анхдугаар Их Хуралд хүргүүлжээ. Улсын анхдугаар их хуралд 90 төлөөлгч сонгогдож 1924 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр 77 төлөөлөгч ирснээр асуудлаа хэлэлцэж эхэлсэн байдаг.

 

Төлөөлөгчдийн 71 нь ардын төлөөлөгчид, зургаа нь язгууртны төлөөлөгчид, 46 нь МАХН-ын гишүүн, зургаа нь ХЗЭ-ийн гишүүн байсан нь түүхэнд бичээстэй буй. Хурлын дарга Н.Жадамба Үндсэн хуулиа баталсны дараагаар Нийслэл хүрээг “Баатар хот” гэж нэрлэх саналыг төлөөлөгчдөөр хэлэлцүүлсэн. Энэ хэлэлцүүлгийн явцад Улаанбаатар гэж нэрлэе гэх санал гарч, эрдэмтэн Цэвээн Жамсранов “Монгол баатарлаг туулийн нэр байна” гэж сайшаан дэмжсэнээр нэг мөр тогтож шийдвэрлэсэн гэдэг билээ. Ингэж нийслэл маань Улаанбаатар нэртэй болж жилээс жилд өргөжин хөгжиж өнөөг хүргэжээ.

 

-Нийслэл Улаанбаатарын 385 жилийн ойгоор олон сонирхолтой мэдээ мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдлаа. Улаанбаатар гэж нэрлэсний 100 жилийн ойг ч хамтад нь тэмдэглэчих шиг болно лээ. Хотын дарга нар, зарим түүхч эрдэмтэд Улаанбаатар гэсэн нэрийг Коминтерний Рискуловын саналаар өгсөн юм. Үзэл сурталжсан энэ нэрийг өөрчилсөн ч болохгүй зүйлгүй гэж ярьж байсан. 1992 онд шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх үед энэ маргаан бас дэгдсэн гэж сонссон юм байна. Өөрөө тэгэхэд АИХ-ын депутатаар чуулганд оролцоо биз дээ, юү гэж ярилцсан юм бэ?

 

-Их мэдэмхийрэгчид манайд цөөнгүй бий. 1924 оны Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг би сая танд танилцууллаа шүү дээ. Төлөөлөгчөөр сонгогдоогүй Коминтерний Рискулов анхдугаар их хурлын хэлэлцсэн асуудлаар санал гаргах боломж байх уу? Сүүлд бичигдсэн зарим түүхийн ном зохиолд ийм зохиомол зүйл байдаг юм, түүнээс л будаа идээд буруу зөрүү ярьж байгаа нь тэр. Ганц энэ ч биш, янз янзын юм ярьдаг юм. Улаан-Үүд хоттой холбож байгаад тайлбарласан нь ч бас бий.

 

Анхдугаар Үндсэн хууль чинь 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр батлагдаа биз дээ, нийслэлийг Улаанбаатар гэж өөрчилж шинэчилсний 100 жилийн ой арваннэгдүгээр сард болно. Дээрх яриаг би гоомой яриа гэж бодож байна. Их, дээд сургуулийн зарим багш нарын тараасан яриа байж мэднэ.

 

Миний бие МУИС-д сурч байхдаа тийм лекц сонсож байсан. Энэ тухайд албан ёсны баримт үзээгүй л явна. 1969 онд хэвлэгдсэн БНМАУ-ын түүхийн III боть, 2003 онд хэвлэгдсэн Монгол Улсын түүхийн V ботид ч ийм юм ороогүй. Улаанбаатар гэдэг нэрийн үүслийн талаар өөр хувилбарууд ч бас байдаг. Тэр ч байтугай Өмнөговийн нэгэн төлөөлөгч Ар Монголын Бээжин гэж нэрлэе гэж санал гаргасан тухай, бас Герман гаралтай оросын нэрт зураач эрдэмтэн Николай Рерих нарийн судалж үзвэл Улаанбаатар хэмээх нэр нь Шамбалын догшин хүрдэт Ригдэндагва хааны ёгт нэр ба Гэрлийн хүч харанхуйг ялахын бэлгэдэл гэж бичсэн байдаг юм. Ер нь Улаанбаатар гэдэг нэрийг солье. Улаан гэдэг нь коммунист нэр, Зөвлөлтийн, Коминтерний төлөөлөгчийн өгсөн нэр гэх зэрэг яриа хөөрөө олны дунд бий л даа. Нарийн сайн судлаагүй хүмүүс үүнийг сонсчихоод л албан ёсны юм шиг хэлж, Нийслэлийнхээ нэрийг өөрчлөх тухай ярьдааг. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 онд хэлэлцэж байхад чуулганы депутатууд дунд ч ийм яриа үүсэж 2-3 хоног маргалдсан юмдаг.

 

Их хурлын чуулганы хэлэлцүүлгийн тэмдэглэл нь нэгэнт эмхэтгэл болж хэвлэгдээд гарчихсан учраас тэндээс үзэж болно л доо. Нэрэндээ улаан гэх үгтэй депутат босож санал гаргахад бусад нь Та эхлээд өөрийнхээ нэрийг сольчих гэж хүртэл хажуугаас нь хэлж хүмүүсийг инээлгэж байсныг санаж байна.

 

Аль эрт 100 жилийн өмнө 1924 онд эхэс дээдсүүд минь хэлэлцэж байж оноож хуульчилсан энэ сайхан нэрийг өнөөгийн бид оролдож орооцолдоод дэмий л гэж боддог. Миний бие шинэ Үндсэн хууль батлалцсан депутатын хувьд уг нэрийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, саналаа хэлж байсаан. Ингээд 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:35 цагт санал нэгтэй батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн “Монгол Улсын Бүрэн эрхэт байдал” хэмээх 1 дүгээр бүлгийн 13 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улаанбаатар гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн” гэж тунхаглан зарлаж ахин баталгаажуулсан түүхтэй билээ.

 

-Намын Төв Хорооны нууцын тасагт Мишиг гэдэг хүн таны удирдлага дор ажилладаг байсан. Эхнэр нь ХБДС-д эвлэл пионерийн ажил хийдэг байсныг би мэдэх юмаа. Бид арван жилийн нэг сургуулийнхан. Түүний нөхөр Мишиг танд тухайн цаг үедээ улсын нууцын зэрэглэлд хамаарагдахуйц бичиг баримт өгсөн гэж сонссон юм байна. Энэ үнэн үү. Үнэн бол яагаад өөрт чинь тэгж итгэж хандсан юм бол. Өнөөдөр жирийн зүйл мэт санагдав ч тухайн цаг үедээ бол тун эрсдэлтэй алхам шүү дээ. Хэрийн хүн зориглохгүй дээ.

 

-Намайг МАХН-ын Төв Хорооны Намын байгууллалтын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байхуйд манай хэлтсийн ажилтан Ж.Мишиг агсан та юм бичдэг хүн, Танд алсдаа болон улсын түүхэнд хэрэг болж мэднэ хэмээн хэлээд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны болон Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний хийгээд дээд удирдлагын хамтарсан хуралдаанаанаар тэр үеийн УТТ огцрох үйл явцыг хэлэлцсэн хуралдааны бүх тэмдэглэлийг хувилж хавтаслаад өгсөн юм. Гучин хэдэн жилийн өмнөх төрийн эрх баригч намын удирдлагын хуралдааны эдгээр тэмдэглэл тухайн цаг үед маш нууцын зэрэглэлд хамаарагдаж байсан нь үнээн (инээв).

 

-Эдгээр тэмдэглэлийг үндэс болгон Та “Улс Төрийн Товчоо огцрох үйл явц: ийм л юм болсон” хэмээх ном бичсэн байна. Зарим хүн мэднэ. Уншаагүй хүн олон байгаа. Ахин нэгэнтээ товч боловч сануулахад илүүдэх нь юун билээ.

 

-1990 оны эхээр болж өнгөрсөн үйл явдал. НТХ-ны Улс Төрийн Товчоо огцрох үйл явцыг дээрх эх баримтад тулгуурлан цаг хугацааны дарааллаар нь авч үзсэн. Эх үүсвэрт тулгуурлан авч үзсэн учир тухайн үед хэн ямар байр сууртай байсан, ямар санал гаргасан, юун тухай ярьж хэлсэн нь маш тодорхой харагдана. Миний бие хэвлэл мэдээллээр гардаг шиг эдгээр хүмүүсийг тэр нь ардчилагч, энэ нь хүнд сурталтан гэхгүйгээр болсон үйл явдлыг л харуулсан.

 

Уншигчид эх баримттай танилцах учраас тэр үеийн эгзэгтэй мөчид удирдлагад байсан хүмүүсийн байр суурийн талаар өөрсдөө дүгнэлт хийх бололцоог өөрсдөд нь үлдээсэн, түүхэнд үлдээсэн гэсэн үг. Надад болж байсан үйл явц, зарим дүгнэлт хийж болохоор зүйл ажиглагдаж байсан ч энд өөрийнхээ санааг оруулаагүй ээ.

 

Зөвхөн түүх бичлэгт тус хүргэх, хойчийн бодлого боловсруулан хэрэгжүүлэгчдэд сургамж болгох үүднээс хандахыг хичээсэн хэрэг. Ийм л юм болж өнгөрсөн гэх үүднээс. Яг үйл явдалд оролцоогүй, мэдэх мэдэхгүй хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйл, хүмүүсийн дунд яригддаг золбин яриаг үндэслэн үнэн худлыг ялгалгүй ярвигтай үеийн үйл явдлыг янз бүрээр л бичдэг шүү дээ. Ингэх нь түүх судлалд хортой, үнэнийг баллуурдаж бүрхэгдүүлдэг. Түүхэн чухал үеийн зарим хүмүүсийн ам ажил, үйл хэрэг, хурал зөвлөлгөөн, албан ёсны яриа, түүн дээр шийдвэр гаргагч удирдах хүмүүсийн хэлсэн үг, гаргасан шийдвэр энэ бяцхан номын үндэс суурь болсон юм. Бас тэр үед дотроос нь харж суусан, зарим хуралд оролцсон минь ч ном гаргахад тус нэмэр болсон.

 

Архивын эдгээр баримт бичгүүд 2008 онд МАХН-ын Төв байр шатсан харамсалтай үйл явдлын үеэр түймэрт өртөж байхгүй болсныг хожим архивын эрхлэгчээс асууж мэдсэн.

 

Эдгээр тэмдэглэлүүд түүхэнд үлдсэн нь сайн хэрэг болсоон. Харин надад протокол болгож хавсаргасан баримт бичгүүдийг хуулбарлаж өгөөгүй бол би танилцахгүй л өнгөрөх байсан. Залгуулаад МАХН-ыг дотроос нь шинэчлэхээр ажилласан, МАХН-ын баримт бичгийг цоо шинээр боловсруулж Онц их хурлаар батлуулсан эрдэмтдийн хийсэн ажлын талаар энэ номондоо бичиж оруулсан. Энэ нь миний хувьд идэвхтэй оролцсон ажил учир түүхэнд үлдээх нь өөрийн үүргээ гэж үзсэн хэрэг. Нөгөөтэйгүүр бас яг энэ цаг үе дороос миний бие МАХН-ын удирдах албанд ажиллаж таарсан учир эрхэлсэн ажлыхаа болон хамтран ажилласан нөхдийнхээ талаарх товч дурсамжийг бичиж хавсаргасан юм. Энэ ном Монгол оронд 1990 онд чухам юу болсон, өмнөх 70 жилд улс орныг ганцаар удирдсан МАХН хэрхэн тогтож, үлдэж хоцорсон түүхийг л харуулсан хэрэг.

 

-2008 оны түймэрт МАХН-ын нууцын зэрэглэлд хамаарах баримт бичгүүд шатаж устаагүй ээ. Намын цагаан байр шатсаны маргааш нэг ч хүнийг дотогш нэвтрүүлээгүй юм. Цагаан байшин хүн орохын аргагүй, улайссан халуун тогоо шиг л юм байсан. Хоёр дахь өдөр нь би UBS телевизийн нэг зураглаач, МОНЦАМЭ агентлагийн нэг гэрэл зурагчинтай орж агуулах хонгилын нэг давхраас хамгийн дээд давхрыг хүртэл нэгд нэгэнгүй нэгжиж, болж өнгөрсөн ул мөрийг баримт болгож теле болоод гэрэл зурагт буулгаж үлдээсэн. Манай намын архивын хэдэн эмэгтэйчүүд нус нулимс болчихсон архивын материалаа зөөж байв. Нууцын зэрэглэлийн материалууд Архивын үндсэн бичиг баримтаас арай өөр давхарт төмөр өрлөг бүхий саванд хадгалагдаж байсан тул шатаагүй үлдсэн байх. Хавтаст материалууд бүхий зузаан цаасууд захаасаа бага зэрэг хайрагдаж умайгаад үлдсэн байж билээ. Тэглээ ч гэсэн би Ж.Мишигийн санаачилгыг ирээдүйг бодсон зоримог зөв зүйтэй алхам, түүнийг нь бодит баримт болгож бичиж үлдээсэн Таны номыг зөв зүйтэй ажил болжээ гэж үзэж үнэлж байна. Түүхэн чухал баримтууд ямар ч нөхцөлд үлдэж хоцрох учиртай. Үрэгдэж алга болох ёсгүй. Өнгөрсөн зууны наяад онд “Хэвлэл утга зохиол хянах газар” татан буугдаад, тэдний байрлаж байсан давхарт Монголын сэтгүүлчдийн холбоог нүүлгэж оруулсан юм. Тэндхийн дунд шатны дарга, нас сүүдэр тогтож, ажлын туршлага суусан буурь суурьтай нэгэн хүн надад тус газарт урьд өмнөх он жилүүдэд хураагдаж байсан зохиол бүтээлүүдийн жагсаалтыг хэн хэн гэдэг хүний саналаар хэвлүүлэхийг хорьж байсан албан ёсны мэдээллийн хамт итгэмжлэн өгч билээ. Хожим судалгааны ажилд чинь хэрэг болно, сонирхож үзээрэй гэсэн юмдаг. Өөр юм хэлээгүй. Эдгээр баримтыг би сүүлд судалгааны өгүүлэл бичихдээ ашигласан. Яг түүн шиг юм болжээ.

 

-Харин тэгсээн. Ж.Мишиг минь мэргэшсэн сайн стенографист байсан. Төв Хорооны УТТ-ны хуралдааны бүх тэмдэглэлийг ганцаараа сууж бичдэг байсныг Та ч сайн мэдэх байх. Тэрээр амьдралынхаа сүүлчийн үед Ерөнхийлөгч асан П.Очирбат гуайн хүсэлтээр намаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжиж, мэргэжлээрээ ажилласан шүү дээ. Мишиг хүнд үеийн үнэнийг үлдээе гэж бодож, энэ протоколууд нууцын нууц хэвээрээ байгаа ч цаг нь болохоор нэг юм хийж нийтийн хүртээл болгох байх гэж найдан надад уг тэмдэглэлүүдийг өгсөн байх аа. Тухайн үед би юу ч бодоогүй л авсан. Харин миний бие ном тэрлэж байхдаа МАН-ын Төв архивын эрхлэгч, одоо ч ажиллаж байгаа Аюушаас энэ протоколуудыг бий юу гэж асуусан. Тэрээр надад байхгүй гэж хариулсан л даа. Тэгээд би энэ номынхоо нэг хувийг намын Төв архивт өгсөн, тэдэнд хэрэг болох буй заа.

 

-Манай сэтгүүл зүйд эрэн сурвалжлах чиглэл гэж нэг сүрхий салбар байдаг. Өнгөрсөн зуунд АНУ-д Бүгд Найрамдах ба Ардчилсан намынхны хооронд болж өнгөрсөн “Уйтергейтийн хэрэг” гэгчээс үүдэлтэй, нууцаар нэг нэгнийгээ тагнасан чагнасан гэх хэргээс анх үүсч буй болсон бичлэгийн шинэ чиглэл. Түүнийг олж мэдэж ашигласан сэтгүүлч нь эх сурвалжаа шүүх хуралд ч задлаагүй таг дарсан. Алдар суут бичлэг нь өнөөдөр ч “Вашингтон пост” сонины хүндэтгэлийн танхимд дэлгээстэй байдаг юм гэнэ лээ. АНУ-ын Ерөнхийлөгчийг суудлаас нь унагасан бичлэг шүү дээ. Намайг тухайн цаг үед, ХУЗХГ-ын талаарх дээрх мэдээллийг хэнээс олж авснаа хэлж аль гэж нэг нөхөр их шахаж шаардсан, би юу гэж хэлэх билээ. Хэрэв хэлчих л юм бол хэн ч сэтгүүлчдэд итгэмжилж нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгөхөө болчихно шүү дээ. Тун эмзэг нарийн асуудал. Америкийн тэр сэтгүүлч бүр сүүлд олон арван жилийн дараа сая эх сурвалжаа нийтэд дэлгэсэн байдаг юм.

 

-Тэр нээрээ үнэн шүү. Ж.Мишигийнхээ нэрийг дөнгөж одоо л би хэлж байна. Гуч гаруй жил өнгөрч дээ. Одоо бол болсон явдлын талаар ярьж, нөхрөө дурсан нэрлэж болно гэж бодож байна.

 

-Ном дэвтэртэй холбоотой ахиулаад нэг зүйл асууя. “Алаг хорвоогийн ааш”, “Алаг хорвоод үлдэх нэр минь, мөр минь” гэх содон нэртэй хоёр ном Та хэвлүүлсэн байна. Эдгээр номыг судлаачийн хувьд бичсэн үү, эсвэл өөр учир шалтгаан байна уу?

 

-Энэ хоёр ном миний дуртгал, дурсамж, бодол эргэцүүллээ тэрлэж бичсэн ном гэх үү дээ. Би чинь монголын нийгмийн хөгжлийн онцлог үед удирдах албанд нөхдийн шахалт шаардлагаар томилолтоор болон сонгуулиар ажилласан хүн. Эрхэлж байсан албан ажлын шугмаар, Монголын ард түмний буянаар бас ч багагүй газар орноор явж үзсэн хүн. Бусад улсын сайн мууг ч харсан.

 

Миний номондоо хэлэх гэсэн гол санаа бол хүн бүр хичээвэл тухайн хүний амьдралд төдийгүй, улс орны хөгжилд их нөлөөтэй шүү гэх л санаа л даа. Эзэн хичээвэл заяа түшнэ гэж монголчууд ярьж сургаж ирсэн. Үүнийг хүн бүр, тэр бүр ухамсарладаггүй нь харагддаг.

 

Хүн бүр хичээх ёсонд суралцан амьдрах учиртай гэх санааг номынхоо эхнээс нь дуустал хэлэхийг оролдсон л доо. Нэмээд хэлэхэд хүмүүс маш энгийн л зүйл хүсдэг шүү дээ. Жирийн хүмүүс өөрийн боломжид тохирох ажилтай байхыг хүсдэг. Авдаг цалингаа амьдралдаа хүрэлцэхүйц байлгахыг хүсдэг. Насны намар ирэхэд боломжийн тэтгэвэр авахыг хүсдэг. Орон байртай, боломжийн үнэтэй эрүүл хүнс бараа, ундаалах устай, хүүхэддээ чанартай боловсрол, мэргэжил олгохыг хүсдэг. Эрүүл амьдрахыг хүсдэг. Эх орноо аюулгүй байлгах, дайн байлдаанд оролцохгүй байхыг хүсдэг. Аюулгүй амьдрах орчин бүрдүүлэхийг хүсдэг. Нийгмийн идэвхтэй хэсэг татвараар хуримтлуулсан хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулах, авилгагүй орчин бүрдүүлэх, санал хүсэлтдээ шуурхай хандаж хариу авахыг, хүнд суртлыг багасгахыг хүсдэг. Ингээд л бараг болдог шүү дээ. Манай зарим дарга нар үүнийг ойлгодоггүй юм шиг санагддаг.

 

Монголчууд аль болох талцахгүйгээр үнэт зүйл дээрээ нэгдэж чаддаг байх учиртай. Хүр бүр хариуцсан ажилдаа хариуцлагатай, эзэн нь болж ажилладаг, өөрөө өөрийгээ аваад явдаг, амьдралаа өөрөө даадаг болох учиртай. Тэгээ л болоо шүү дээ ер нь.

 

Монголын ирээдүйн түүхэнд холбогдох ажиллаж байх үеийн зарим баримтыг үлдээх зорилгыг мөн агуулж бичсэн. Миний хувь хүний эзэмшсэн боловсрол, хашсан алба олон нийтийн анхаарал татах зүйл төдийлэн биш л дээ. Харин улс орны хэмжээнд удирдлагын шийдвэр гаргахад зарим хүмүүсийн нөлөөлөл, сургамж авахуйц зүйл намайг ажиллаж байхад нэлээд тохиолдсон л доо. Номыг минь өнөө үеийнхэн төдийгүй хойч үеийнхэн уншихыг хэн байг гэхэв. Нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжсэн Монгол Улсын шилжилтийн түүхийг ирээдүйн түүхчид бичих болно.

 

Үнэнийг эрэхэд хялбар байх, гол зүйлээ олоход судлаачдын ажлыг хөнгөвчлөх, энэ үеийн нийгмийн нүүр царайг улс төр, үзэл суртлын гадна, элдэв хуурмаг дүр зураггүй үнэн мөнөөр харахад туслах, хаанаас ямар баримт үзэхийг хөнгөвчлөх, бас энэ үеийн хүмүүсийн үзэл бодол, зан ариншин, ажил үйл, амьдрал тэмцэл рүү өнгийх бололцоог олгох зорилго агуулж гаргасан л даа. Их юм бодож бичсэн байгаа биз?

 

Бидний үеийнхний нэгэн насны амьдралын хугацаанд Монголын нийгмийн дүр төрх яаж өөрчлөгдөж, хэрхэн шинэчлэгдэж, түүнийг дагаад хувь хүний үзэл бодол, авьяас чадвар, зан араншин хэрхэн өөрчлөгдсөнийг номоос минь ямар нэгэн хэмжээгээр хойч үеийнхэн харах болов уу гэж найдаж байна. Бид чинь сонирхолтой цаг үеийн бүтээгдэхүүн бас амьд гэрчүүд шүү дээ. Энэ үеийн түүх бол Монголын нийгмийн огцом эргэлтийн ээдрээ түвэгтэй үеийн түүх. Ийм түүхийг бүтээлцээгүй хүмүүс хожим түүнийг нөхөж бичихэд амаргүй. Огцом эргэлтийн донсолгоот он жилүүдэд монголчууд жинхэнэ Дорнын гүн ухаантай ард түмэн гэдгээ дэлхий дахинд харуулж чадсан юм шүү. Үүнийг мартаж болохгүй.

 

-Жигжидсүрэнгийн Ядамсүрэн Архангайн Тариатын унаган хөвгүүн. Тариатынхаа тухай ч хэд хэдэн ном гаргажээ. Орон нутаг, Тариатынхны тухай дуртгал, дурсамж уу? Тариат сумынхан ч үүх түүх арвинтай байх шүү. “Танк хүлдэг Тариатынхан” гээд л хүмүүс хошигнон ярьдаг. Энэ яриа үнэн биз? “Тариат сумын түүхийн хураангуй: эрт эдүүгээ” гэсэн ном бичсэн учраас асууж байгаа юм?

 

-Тиймээ, тэр сайхан нутагт, тэр үеийн олонхийн жишгээр цармын нэгэн өвөлжөөнд төрсөн хүн би. Нутаг орон, ард түмнийхээ тухай бичсэн номууд минь дуртгал, дурсамжийн ном биш судалгааны чанартай гэх үү дээ. Сум орон нутгууд энэ шинэ цаг дор үүсэн байгуулагдсаны тэгш ойгоо тэмдэглэдэг болсон. Манай сумынхан бусдын адил анх 80 жилийнхээ ойг 2003 онд тэмдэглэх болж, тэр үеийнх нь удирдлагад байсан нөхөд надад сумынхаа тухай ойд зориулж ном бичих даалгавар өгсөн. Санаанд багтамгүй байсан ч “Алдраа дуурсгасан Тариатынхан” гэх нэртэй нэг юм хэвлүүлсэн.

 

Нутаг орныхоо байдал, уул усныхны дунд яригддаг домог, ард олныхоо ёс заншил, онцлогийг түлхүү гаргахад чиглэсэн ухаантай юм. Энэ явцдаа сумынхаа түүхийг бүтээх нь чухал болохыг ойлгож, хойч үеийн дүү нартаа өмнөх үгэндээ зориуд сануулж дурьдаж үлдээсэн.

 

Өдий болтол түүхчид Тариат сумын түүхийн ном гаргасангүй. Миний бичсэн, таны нэрлэдэг ном бол сүүлийн 20 жилд цуглуулсан баримтыг зав чөлөө гарсан үедээ эмхлээд сумынхаа 100 жилийн ойд зориулж гаргасан ном. Тус сумын түүхийг газар нутаг, хүн ард, нийгэмтэй нь хамтруулаад гаргасан анхны ном болсон. Ирээдүйд түүхчид улам сайжруулаад бичээд явна биз дээ. Тариатынхан танк хүлдэг гэдэг таны хэлсэн хошигнол бол үнэн явдал биш, худал зохиомол яриа. Манай сумын хүн ард 1930-аад оны эхээр бусдын турхираанд өртөж, бүтээсэн баялаг, түүх соёл, эрдэм номт хүн ардаа устгуулсан ард түмэн. Энэ эмгэнэлт явдал бол манайханд нөхөж болшгүй гай зовлон учруулсан. Ярьвал их юм бий. Монголын нэгэн том хот сууринг тэр үед Тариатад бүтээн босгож чадсан байжээ. Үнсэн товрог болтол нь газрын хөрснөөс арчсан юм шүү дээ.

 

Манай алдарт эрдэмтэн, археологич Дамдины Пэрлээ гуайн дурсамж яриа үлдсэн байдаг юм. Энэ эрдэмтэн тэр үед сургууль төгсөөд манай суманд холбоочин, сургуульд багшаар ажиллаж байжээ.

 

1930-аад оны үйл явдалд биеэр оролцсон хүн. Тариатынхан танк хүлээгүй юм уу гэж түүнээс хожим асуухад үгүй ээ, бүр өнгөрсөн зууны 20-иод онд Оросын иргэний дайны үед улаан армийнхны дунд хаант засгийн үеийн цэргийн дарга нарыг орчин үеийн зэвсэг техник мэддэггүй болгох гэж зориудаар зохиосон шог яриаг тухайн цаг үед Орост сурч байсан манай цэргийн дарга нар сонсоод Тариатад болсон мэт болгож ярьсан яриа гэж хэлсэн байдаг юм. Энэ талаар эх сурвалжтайгаа номонд минь дэлгэрэнгүй бий. Тэгээд ч 1932 онд Монголд жинхэнэ танк ирээгүй байсныг олон баримт нотолддог. Муу муухай тэр дундаа хошин шог яриа, хөгжилтэй онигоонууд олон түмний дунд дорхноо тарж олон жилийн турш оршин тогтнож чаддагийн нэг баримт энэ.

 

-Бид хоёр сүрхий улстөржлөө, улс төрийн эрх баригч намын үйл ажиллагааг гол төлөв хөндөж ярилцсанаас тэр байх. Одоо сэдвээ өөрчилье. Эхнэр хүүхдүүдийнхээ тухай, анд нөхдийнхөө талаар санал бодлоо хуваалцахаас татгалзахгүй биз дээ.

 

-Бид хоёр тэгж их улстөржлөө гэж үү, 30-аад жилийн өмнөх өнгөрсөн үе рүүгээ эргэж орж сэргээн ярилцлаа л гэж бодож байна шүү би (инээв). Манайх Монголын жирийн л нэг сэхээтэн гэр бүл. Сурган хүмүүжүүлэгч нутгийн бүсгүйтэй ханилаад 50 гаруй жил өнгөрсөн байна. Хоёр хүүхдийн эцэг, эх болсоон, бид хоёр. Насны бөгсөнд ач, зээ нараа л харж сууна даа. Анд нөхөд гэвэл уулзаж учраад салаад явахдаа дахиад л эргэж уулзмаар, яриа хөөрөө өрнүүлмээр санагддаг хэдэн сайхан найз нөхөр бий. Тэд ихэвчлэн багш мэргэжлийн номын хүмүүс л дээ. Намайг янз бүрийн ажил төрөл эрхэлж байхад бараг харцаар минь миний санааг ойлгодог хэдэн сайн мэргэжилтэн, төрийн мэргэшсэн албан хаагчид надтай хамтран ажилласан шүү. Тэдэнгүй байсан бол би яаж өөдтэй ажиллах вэ дээ. Хамтран ажиллаж тусалж байсан бүх хүнд баярлалаа гэх үг багадах л байх даа.

 

-Та бидний үеийнхэн нас сүүдэр дал гараад явчихлаа. Социализм, капитализм гэх хоёр нийгмийг дамжин аж төрж, бүтээж туурвилаа. Энэ бол ховорхон бөгөөд сонирхолтой хувь заяа. Орчлон хорвоог далан насны өндөрлөгөөс харахад юу бодогдож байх юм. Өсвөр хойч үеийн залуустаа захиасалж гэрээсэлж хэлмээр зүйл байна уу?

 

-Нээрээн, та бидний амьдарсан, амьдарч буй үе үнэхээр сонирхолтой, хүн бүр нэгэн насандаа үзээд байхааргүй хоёр өөр нийгэмд амьдарч үзлээ шүү дээ. Аль алинд нь бүтээж туурвиж амьдарлаа, Та бид хоёр. Одоо юу ч бодогдох вэ дээ. Цаг үе өөрийн хүмүүсээ төрүүлдэг шүү дээ. Монгол хүн бүр би монгол хүн гэдгээ бүү мартаасай, цаг үргэлж бодож амьдраасай л гэж бодох юм даа.

 

Ген, экологи, соёлын хөгжлийн гол өлгий нутгийн нэг бол яах аргагүй монгол орон юм шүү. Дэлхийн амьдралын үүсэл хөгжлийн нэг том өлгий нутаг Монгол байж ч мэдэшгүй юм.

 

Монгол гэдэг эртний бөгөөд аугаа түүхтэй үндэстэн, монголчууд түүхээ газрын хөрсөн дороо үлдээсэн эртний улс, гарваль үүслээр нь дэлхий хүлээн зөвшөөрч байгаа анхдагчийн нэг, монгол хүн дэлхийн бусад хүнээс эрс ялгаатай, байгаль, нийгэм, мал, хүнийг “уншиж” ирсэн, “уншдаг” хүмүүс байсан юм шүү. Өнгөрсөн гучаадхан жилд монголчууд бид хэчнээн их юм үзэж өнгөрөв өө. Энэ бол бидний үеийнхний хувьд тохиосон нэг өвөрмөц мөчлөг, хорвоо ертөнц, цаг үе өөрчлөгдөж ачаалал ихтэй байж таарсных. Нийгмийн дүр төрх өөрчлөгдөх нь амаргүй даваа байдаг юм байна. Олон зүйл бидний бодсоноос өөрөөр эргэж байна. Түүхийн үйл явц ард түмний хүсэл зоригоос гажиж, хүлээж төсөөлж байснаас өөр замаар явж, бодож төлөвлөж байгаагүй үр дагаварт ч хүрч байна. Энэ нь нийгмийг бухимдалд оруулж, түүх бүтээгч ард түмнийг алмайруулахад хүргэж байна шүү дээ.

 

Түүхээс сургамж авахгүй аашилж, дэлхий дахины нийтлэг хөгжлөөс олон жил тусгаарлагдаж байсны харгайгаар мэдэхгүй, чадахгүй цөөнгүй асуудалтай нүүр тулж, энэ завсар нэг бус удаа сүрхий туйлширч, зарим зүйлийг мэдэхгүй орхигдуулж, дутуу бодож, гүйцээх гэж зовж, заримыг ташаа бодож хэтрүүлж, заримыг илт гажуудуулж, бие биеэ муулж, зөрчилдөж хямралдаж байна.

 

Энэ явцдаа ямар их хорсол, атаа жөтөөний дамжааг дүүргэж байна вэ, монголчууд бид. Ер нь энэ бүхэн хэнд хэрэгтэй юм бэ. Үүнээс хэн хожиж байгаа вэ гэдгийг нийтээрээ эргэцүүлэн бодож ухаарах цаг болжээ. Монголчууд эв найртай байж, дэлхийн тэргүүний хөгжилтэй гүрэн болон хөгжиж болохгүй гэж үү. Одоо жаахан ч гэсэн ёс зүйтэй, нийгмийн сайн зохион байгуулалтай байж, хуулиар тогтоосон дэг журмаа ямар ч нам, улс төрийн хүчин, хэсэг бүлэг хүмүүс, иргэн бүр ягштал мөрдөх цаг болсон байна. Бас өнөөгийн ертөнц ихээхэн өөрчлөгдөж цаашлах нэгэн цагт монгол гэдэг үндэстэн оршин байх, эсэхийн төлөөх тэмцэл ирэх нь. Өнөө үед бид хүн ам багатай, хүний нөөц дутмаг, газар зүйн байрлалын хувьд адармаатай, далайд гарцгүй, тамир тэнхээ муухан эдийн засагтай, өр шир ихтэй, дотроо эв түнжин муутай үндэстэн болж хувирсан байна. Улс төрийн хувьд дотоод өрсөлдөөн ихтэй, атаа жөтөө, нутаг нуга, ах дүүс, жалга довын үзэл багагүй, бас ашиг сонирхлын зөрчилд идэгдэн зэвэрч байна. Хүн бүр өнгөрсөн түүхээс сургамж авч, айсуй ирээдүйг зөв ухаарах цаг ирж дээ гэж бодогдох юм. Том, жижиг аль ч үндэстэн өөрийнхээ эрх ашгийг л цаг ямагт илүүтэйгээр өмнөө тавьдаг юм шүү дээ. Монголчууд Хүннү гүрний үүслээс эхлээд 3500 жилийн төрийн буурал түүхтэй, нэн эртний дорнын том ард түмэн юм шүү уг нь, үүнийг залгамж үеийнхэн маань хэзээ ч бүү мартаасай билээ л гэж хэлэх байна даа.

 

-За баярлалаа. Өнгөрсөн түүхийн бас өнөө цагийн эгзэгтэй зарим сэдвийг хөндөж илэн далангүй ярилцлаа, бид хоёр. Өөрийн чинь онцолж тэмдэглэснээр үнэнийг үнэнээр нь буулгаж үлдээхэд, ирээдүйн түүхчдэд, тэдний судалгааны ажлыг хөнгөвчлөхөд зарим талаар эл хөөрөлдөөн бага ч гэсэн хэрэг болж мэднэ гэдэгтэй санал нэгдэж байна. Цаашдын чинь эрүүл мэнд, эрдэм номын ажилд амжилт хүсье.

 

-Баярлалаа. Өөрт чинь мөн ялгаагүй уран бүтээлийн их амжилт хүсье.

 

 

 

 

Түрүүч нь  https://sonin.mn/newsDetail/6460

Улаанбаатар, 2024 оны 11 дүгээр сар

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>