Монголыг Монгол толгой л хөгжүүлнэ

983

Эдийн засгийн зургаа дахь удаагийн чуулганаар өмнөх жилүүдээс онцлог, хөндсөн сэдвийн хамрах цар хүрээ илүү баялаг чуулган боллоо. Өмнө нь өнөөх л уул уурхай, хөрөнгө оруулалт, бизнесийн орчны асуудалд түшиглэн ярьдаг байсан бол энэ жил дээрх сэдвүүдээс гадна орон нутгийн өрсөлдөх чадвар, эрүүл мэндийн салбарын менежмент, аялал жуулчлал, хотын хөгжил, Монгол Улсын алсын хараа зэрэг өргөн асуудлыг хөндсөнд чуулганд оролцогчид олзуурхаж байв. Монголын Эдийн Засгийн Форум 2015-д 15 орны 1,500 орчим хүн оролцсон бол үүний 200 орчим нь хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл байлаа. Жил бүр онцлох уриаг гаргаж хэлэлцдэг тус чуулган энэ удаад "итгэлцэл" сэдвийн хүрээнд явагдсан учир гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцэх гэхээсээ илүү дотооддоо асуудлаа ярих зорилготой чуулган болж байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолсон.

 

Гэхдээ энэхүү чуулган нь эцэстээ гадаадын хөрөнгө оруулалтыг татах, цаашдаа Монгол Улсын макро эдийн засгийн алсын харааг төсөөлөхөд гол хүч болох юм. Чуулганы эхний өдөр Монголын Эдийн засгийн чуулганд оролцогчид "Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна" гэж үзэж буйгаа онцолж, нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үг олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын хүлээлтэд нөлөөлсөн болох нь эхний өдрийн хуралдаанууд мөн хөрөнгө оруулагчдын илэрхийлж байсан байр сууринаас харагдаж байлаа.

 

Тухайлбал Монгол Улсын Засгийн газар "Тавантолгой" төслийн хэлэлцээ дуусах шатандаа орсон болохыг Эдийн засгийн чуулганыг нээхийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цан цохиж, мэдэгдсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт "Рио Тинто"-ийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш Монгол Улсад ирэх үед тодорхой зарим асуудлыг харилцан хүлээн зөвшөөрсөн байна. "Оюу Толгой" төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалт эхлэх нь Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг нээх гол хөшүүрэг гэдэг дээр мөн санал нэгдэж байгаа юм. Иймд удахгүй нааштай мэдээлэл сонсогдох нь гэсэн хүлээлт ч үүсгээд амжив.

Үүнээс гадна олон жил яригдаж байгаа хууль эрх зүйн орчныг тогтвортой, ойлгомжтой болгох тал дээр бодитой хүчин чармайлт гаргаж байгаа нь харагдпаа. 2014 онд хууль, шүүхийн асуудалтай холбоотой хөрөнгө оруулагчдын итгэл хэдийнэ муудчихсан. Тэгвэл энэ асуудлын үндсэн шалтгаан болсон татварын тухай хуулийг шинэчлэх талаар ч зарим санал, санаачилга гарсан нь таатай мэдээ боллоо. Харин манай улстөрчид уг асуудлыг чуулганаар ийнхүү хэлэлцээд зогсохгүй цаашид хэрэгжүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авбал жинхэнэ итгэлцэлийг бий болгох болов уу. Мөн зөвхөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах гэхээсээ илүүтэй дотоодын хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжиж, томоохон үйлдвэрлэгчдээр дамжуулан жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх тухай асуудлыг хөндөж, Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд төрөлжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Монголын Бизнесийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Жим Двайерын хэлж байгаагаар одоогийн нөхцөлд Монгол Улс эдийн засгаа дахин гурван сарын хугацаанд торгоох нөөц бололцоо байгаа ажээ. Магадгүй түүний хэлсэн энэ үг эрх баригчдын өнгөрсөн зун бараг л амны зугаа болгож орхисон "Эдийн засгийн эрчимжүүлэх 100 хоног"-ийг зөв ашигласан бол элгээрээ хэвтсэн эдийн засаг сэхэх хангалттай нөөц хугацаа байсан гэдгийгхэлээд авах шиг.

 

Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг Төрийн томоохон төслүүдээр, бизнес эрхлэгчдийн санал санаачилгаар, уул уурхайн түүхий эдийн үнийн огцом өсөлтөөр татах боломжтой байдаг. Гэхдээ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарын итгэлцлийг алдсан, БНХАУ-ын эдийн засгийн шинэчлэлийн бодлоготой холбоотойгоор уул уурхайн түүхий эдийн ханш өсөх төлөв ажиглагдахгүй байгаа энэ үед бизнес эрхлэгчдийн санал санаачилга болон түүхий эдийн үнийн огцом өсөлтөөр дамжуулан эдийн засгаа өсгөх боломж харагдахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл Төрийн томоохон төслүүдээр дамжуулан хөрөнгө оруулалт татах хамгийн боломжтой хувилбар үлдэж байна. Хэрэв Монгол Улс мега төслүүдтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй бол гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар 2018 оноос одоогийн түвшинд эргэн очихоор байгаа юм. Өөрөөр хэлбэл гурван жилийг үр дүнгүй алдах эрсдэлтэй байгаа болохыг эхний өдрийн Хөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам салбар хуралдаанаар онцоллоо.

 

Харин "Оюу Толгой", "Тавантолгой"-ийн хөрөнгө оруулалтаас 2-4 тэрбум ам.доллар оруулж ирж чадвал валютын ханшийг 1231-1566 төгрөгийн хооронд, бодит эдийн засгийн өсөлтийг одоогийн түвшнээс 3.9-7.8 хувиар дахин нэмэгдүүлж чадахаар байна гэж үзэж байгаагаа илтгэгчид илэрхийллээ. Харин Монголын Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв. Нэгдсэн хуралдааны сэдэв "Монгол Улсын Алсын хараа" байлаа. Өөрөөр хэлбэл Эдийн засгийн чуулганы хоёр дахь өдрийн хуралдаанаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Мөн өрсөлдөх чадвар, маргаан таслах мэргэжлийн байгууллага, тэтгэврийн болон нийгмийн даатгалын тогтолцоо зэрэг сэдвүүдээр ярилцлаа.

 

Анхаарал татаж байгаа бас нэг сэдэв нь Чөлөөт худалдааны хэлэлцээрээр дамжуулан экспортыг нэмэгдүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг байв. Монгол Улс хоёрдугаар сарын 9-нд Япон улстай Эдийн засгиин түншлэлийн хэлэлцээр буюу Япон маягийн чөлөөт худалдааны гэрээ, байгуулаад байгаа бөгөөд Монгол Улсын их хурал хэлэлцээрийг соёрхон батлаад байгаа юм. Харин энэ сард Японы Парламент соёрхох хүлээлтгэй байна. Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний дараа үр шимийг нь гаргаж, бодит байдал дээр хэрэгжүүлэх нь чухал бөгөөд тэр утгаараа энэ жилийн чуулганы гол сэдвүүдийн нэг байсаар байв.. Түүнчлэн хөгжлийн тулгуур салбар болох уул уурхайн салбарын нөхцөл байдал, цаашдын чигхандлагын талаар хэлэлцэхээс гадна эдийн засгаа солонгоруулах бодлогын хүрээнд аж үйлдвэр, орон нутгийн хөгжил, аялал, жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар чуулганы хүрээнд оролцогчид санал бодлоо солилцлоо. Энэ үеэр чуулганд оролцсон эдийн засагч Н.Дашзэвэг "Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотод хөгжлийн стратеги гэж алга. УИХ нь улсынхаа хөгжлийг 2040 он хүртэл тодорхойлж байхад нийслэл 2030 он гэж байх. Энэ чинь зөв юм уу. Хоёрдугаарт, Улаанбаатар хотоос их сургуулиудыг нүүлгэнэ. Тэгэхээр тэр байранд нь өндөр технологийн кластер хөгжүүл. Монголыг уул уурхай хөгжүүлэхгүй, монголыг монгол толгой хөгжүүлнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж монгол хүний хөдөлмөрийн бүтээмж таван сая ам.доллартай тэнцэж байгаа тухай хэлсэн. Арван жилийн дараа гэхэд өнөөдрийн БНСУ-ын иргэний авч байгаа цалинтай тэнцэхүйц цалинг монгол хүн авдаг болох зорилт тавьж ажилла. Улаанбаатар хотын эдийн засгийн зөвлөлийг бий болго. Төр, бизнес эрхлэгчид, нийслэлийн аль алиных нь төлөөллийг оролцуулаад" гэсэн юм. Мөн энэ үеэр нэгэн оролцогч хотын дарга ажлын байр бий болгоход анхаарахгүй байна. Оёдлын үйлдвэрүүд харх шиг орц хонгилд ажиллаж байна. Ажлын байр олноор бий болох салбар хөнгөн үйлдвэрлэлийн салбар. Үүнд хот бодлогоор анхаарсангүй. Хотын дарга таны ажилд муу дүн тавьж байна гэсэн юм. Үүнд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Үйлдвэрлэлийг бий болгохын тулдхөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Хөрөнгө оруулагч технологи оруулж ирнэ. Гэтэл валютын ханшаа алдчихсан ийм улсад хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулахаас эмээж байна. Үүнээс болоод валютын хомсдол бий болчихсон гэсэн тайлбар өглөө.

 

Чуулганд оролцогч гадаадын зочид төлөөлөгчид санал санаачлагаа дзвшүүлсэн илтгэл тавьсан бөгөөд тэдний илтгзлээс онцолбол: Дэлхийд алдартай Фитч рейтингс, Ази номхон далайн зээлжих зэрэглэлийн дэд захирал Андрю
Фэннэл яг одоо Монголын Эдийн Засгийн Чуулган 2015-д Монгол Улсын Зээлжих зэрэглэлийн ийн талаар
илтгэл тавьсан юм.

 

Тэрбээр өгүүлэхдээ, Монгол орны зээлжих зэрэглэл В+ байна. Дэлхийд зэрэглэлээ тогтоосон 106 орныг ангилаад харуулахад Монголтой нэг зэрэглэлд багтаад байгаа улс орнууд 20 гаруй байгааг харууллаа. Андрю Фэннэл "Тусгаар тогтносон улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо боловсронгуй загварууд ашигладаг. Зэрэглэлийн зөвлөмжүүдийг үүн дээрээ үндэслэн гарч ирнэ. Зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагуудад тулгардаг асуудал бол зэрэглэл нь хэр үндэслэлтэй болох вэ гэдэг асуудал. Урьд өмнө нь бидний өгч байсан зэрэглэл бодит байдал дээр нотлогдож байна уу гэдэг нь чухал. Монголын хувьд улсын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 50 хувьтай байна. Энэ нь Египет болон зарим орнуудаас доогуур байгаа боловч үүнээс ч бага хувь хэмжээтэй орнууд байгаа.

 

В+ зэрэглэлийг бууруулах уу нэмэгдүүлэх үү гэдэгт харгалзаж үзэх ёстой хэд хэдэн асуудлууд байна. Гаднаас орж ирэх мөнгөний урсгал энэ чигээрээ муу байх юм бол төгрөгийн үнэ суларч, эрсдэл үүснэ. "Оюу Толгой"-н хоёр дахь шатны яриа хэлэлцээ амжилттай болбол зээлжих зэрэглэлд эерэгээр нөлөөлнө. Макро эдийн засгийн бодлого тодорхойлолт оновчтой мэргэн байна гэдэг зүйлсийг зээлжих зэрэглэл сайжруулах эерэг хүчин зүйлийн тоонд оруулж болно" гэв. Англо Американ компанийн Ерөнхийлөгч Грэм Ханкок: -Бид өөрсдийн талаас хичээн ажиллаж байна.

 

Төрийн зүгээс энэ бүхнийг хийх талаар шийдвэр гаргавал баярлах болно. Хамгийн гол нь бидэнд харилцааны асуудал байна.

Засгийн газар үйлдвэрлэлийн талаар ямар бодлоготой байна вэ. 106 лиценз түдгэлзүүлсэн, Урт нэртэй хууль, гэрээ конторактыг хийхэд урт хугацааг тууллаа. Засгийн газрын зүгээс итгэлцпийг бэхжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол сорилт нь байгаль орчны асуудалд бүрэн ойлголтгүй хандаж байна. Хайгуулын лиценз авахын тулд 400-500 хуудас лиценз бэлдэж өгнө. 10 гаруй нөхцөл хориглосон заалт тавьсан байдаг. Бүх зүйл хуулинд заасан л бол хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулбал боллоо. Хуулинд заасан заалтыг өргөжүүлээд журам болгож гаргах шаардлага байхгүй. Зорилтдоо хүрч ажиллахад ойлгомжгүй шаардлага хүндрэл учруулж байна. Лиценз олгоход ойлгомжгүй заалтыг хүндрэлгүй болгомоор байна.

 

Хаан банкны гүйцэтгэх захирал Норихико Като: Монголыг Япончууд харьцангуй органик, байгаль орчны нөхцөл сайтай орон гэж үздэг. Япон Улс газарзүйн талаасаа Монголоос тийм ч хол биш. Гэхдээ мэдээж мориор хүрч болохгүй. Монгол Улс бол Япон руу экспортын бүтээгдэхүүн гаргахад тохиромжтой орон. Монголд худалдааны төлбөр тооцооны хувьд импортлогч, экспортлогчдсд эрсдэлтэй нөхцөл байдлууд байна. Монголын дотоодын банкнуудын хувьд худалдааг дэмжих процесс явуулах хэрэгтэй. Монгол Улсын хувьд банкны хүүг зохицуулах хууль байхгүй байна. Өрсөлдөөнийг сайжруулах замаар зээлийн хүүг бууруулах боломж гарах байх. Зээлийн хүүгийн одоогийн түвшин өндөр байна. Ноднин банкны зээл олголтын хэмжээ арван хувиар өссөн. Энэ нь өөрөө арилжааны банк эрсдэлхүлээжбайнагэсэнүг. Зээлийн хүү бага байна гэдэг бол тухайн эх үүсвэрийн хүртээмжээс шалтгаална. Банкууд дээр хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ өсч байна гэсэн юм.



Ж.Чимэг /ҮНДЭСНИЙ МЭДЭЭ/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>