Төвөвлөгөө нэрээр өнгөлөн далдалж, Монголынхоо эрх ашгийг худалдсан гэрээ

901
Оршилд өгүүлэх нь

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод очиж "Рио Тинто” компани, Монгол Улсын Засгийн газар хооронд 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр "Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээ байгууллаа. Энэ гэрээ нь монголчууд бидний эрх ашгийг дэндүү хөсөр хаясан, Оюутолгой төслийн үр ашгийг ихээхэн бууруулсан, хуулийг илт зөрчсөн талаар өргөн олонд үнэн зөв мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ. Бид энэхүү төлөвлөгөө нэртэй гэрээний зүйл, заалт бүрийг нэгбүрчлэн өмнө нь байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээний холбогдох зүйл заалттай тулган нэлээн нухацтай, ул суурьтай судалж үзлээ. 

 
"Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө”-нд Засгийн газрыг төлөөлж "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Да.Ганболд нар гарын үсэг зурсан байна. Энэ гэрээ нь өнгөц харвал ашигтай мэт харагдахаар өнгөлөн далдалсан зүйл бөгөөд үүндээ Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэгэнт тусгасан заалтууд, тохирсон асуудлыг давхардуулан оруулсан байна. Мэдээж энэ гэрээнд зөв зүйтэй байж болох, харилцан ойлголцоод, тооцоо үндэслэлийг нь нарийвчлан хяналттай хэрэгжүүлээд явах заалтууд байгааг үгүйсгэхгүй. 
 
Харин огт хүлээн авах боломжгүй, яагаад ч зөвшөөрөх аргагүй, хөрөнгө оруулагч талд хэт давуу байдал олгосон, Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгосон,"Оюутолгой” төслийг бүхлээр нь зөвшөөрөлгүй барьцаа баталгаанд тавихаар болсон, түүнчлэн авсан санхүүжилтээ өөр зориулалтаар ашиглахаар болсон, баталсан ТЭЗҮ-ийг ач холбогдолгүй болгосон зүйл, заалт олон байна.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Энэ бол гэрээ биш төлөвлөгөө” гэж улайран мэлзэж байгаа боловч үнэн хэрэгтээ Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээг ихээхэн өөрчилсөн гэдэг нь тодорхой байна. Анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд ТЭЗҮ-д суурилаагүй, тооцоолол дутуу, Монголын талд ашиггүй олон заалт байгааг эргэн харж сайжруулах шаардлага байгаа бөгөөд энэ талаар гаргасан төрийн эрх барих дээд байгууллагын шийдвэрүүд байсаар атал энэ дагуу яаралтай засах ёстой гэрээнүүдийн энэ мэт ноцтой алдааг давхар хүлээн зөвшөөрсөн заалтуудыг төлөвлөгөө нэртэй гэрээндээ   оруулж баталсан байна.
 
"ОЮУТОЛГОЙ” ТӨСӨЛТЭЙ ХОЛБООТОЙ ТОГТООЛ, ШИЙДВЭР, БИДНИЙ БАЙР СУУРЬ 
 
Өмнө нь "Оюутолгой” төсөлтэй холбогдуулж ҮАБЗ-ийн зургаан шийдвэр, зөвлөмж, УИХ-ын дөрвөн тогтоол, Засгийн газрын 13 тогтоол гарчээ. Эдгээр тогтоол, шийдвэр нь Монголын талын эзэмших хувийг 50- аас доошгүй хувьд хүргэх, зэс хайлуулах үйлдвэр барих, гэрээ хэлэлцээрийг ил тод нээлттэй явуулах, Оюутолгойн төслийг хэрэгжүүлэхтэй холбогдсон суурьшил, хот тосгон, дэд бүтэц, зам, ус, цахилгаан эрчим хүчний хангамж, байгаль экологи, нийгмийн асуудлыг багтаасан байна.   
 
 Тухайлбал, ҮАБЗ-ийн 2006 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн дөрвөн тодорхой ордыг "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах тухай” зөвлөмжийн хоёрдугаарт "Стратегийн ач холбогдол бүхий орд газрын ашиглалтад төрийн өмчийн төлөөллийг 50 ба 50-аас дээш хувийн оролцоотой байлгах бодлого баримтлан ажиллахыг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт чиглэл болгожээ. 
 
ҮАБЗ-ийн 2009 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 19/14 дүгээр тэмдэглэлийн хоёрт "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хүчингүй болгохтой холбогдуулан ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрийг өсөн нэмэгдүүлэх шатлалтайгаар бий болгох”, түүнчлэн тэмдэглэлийн гуравт "Монголын талын зээлийг тооцохдоо гэрээг байгуулахаас өмнө хөрөнгө оруулагчийн хийсэн ашигт малтмалын хайгуулын зардлыг хасч тооцох”-оор шийдвэрлэсэн байна. 
 
"Оюутолгой”, "Тавантолгой”-н гэрээтэй холбогдуулж "Хуулийн төслүүд буцаах, үндсэн зарчим удирдамж батлах тухай” УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 3.2-т "Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулж, уг ажлын явцыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тухай бүрт нь танилцуулж байх”-аар заажээ. 
 
Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний тухай” УИХ-ын 2009 оны долдугаар сарын 16-ны 57 дугаар тогтоолын гуравт "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай тохиролцон шийдвэрлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай” гэж заагаад мөн тогтоолын дөрөвт, энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд даалгасан байна. 
 
Дээрх шийдвэрүүдийн дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо тодорхой арга хэмжээг авч ажилласан байдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газар "Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-тай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 8-ны өдрийн санал дүгнэлтэд "Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-тай байгуулах Оюутолгойн орд газрыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөвтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд, УИХ-ын гишүүд, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, сонин хэвлэлийн нийтлэлийг судалсны үндсэн дээр ЭЗБХ дараах санал дүгнэлтийг гаргаж, Засгийн газрын ажлын хэсэгт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ” гээд "Хөрөнгө оруулалтын гэрээг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжуудад нийцүүлэн хийх, нөөц баялгаа үнэлэх замаар 34 хувийг хөрөнгө оруулахгүйгээр шууд эзэмших, анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын тал 50-аас доошгүй хувийг эзэмших, хөрөнгө оруулалтын анхны хэмжээ хоёр удаа өөрчлөгдөж таван тэрбум ам.доллар болсны эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй тул эрх бүхий байгууллагаар үнэлгээ, дүгнэлт гаргуулах” гэж тус тус заажээ. 
 
Мөн тус хорооны дээрх дүгнэлтэд ТЭЗҮ-тэй холбоотойгоор "Ашигт малтмалын тухай” хуулийн 30 дугаар зүйлийн 1-т заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх, 30 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянах, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр геологийн хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэн нөөцийг бүртгүүлэх, удирдамжид ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, албан татварын тодорхой хэсгийг урьдчилан авахаар тохиролцохыг даалгасны дагуу урьдчилгаа төлбөртөө тооцож авах гэж буй 125 сая ам.доллар нь зээлийн хэлбэртэй, хэмжээ бага, хүү нь өндөр байгаа тухай. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын хууль тогтоомжоор хувь хэмжээ заан ногдуулж буй татварыг гэрээний хугацаанд тогтвортой мөрдөж татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хэмжээг нэмэгдүүлэх, багасгахгүй байх зэрэг Монголын талын эрх ашигт нийцсэн зарчмын чухал шаардлагыг тавьсан байна. 
 
Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2011 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолын 
 
1.1-д Эрх зүйн орчинг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлаар хөрөнгө оруулагч талтай байгуулсан гэрээний нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцээ хийж шийдвэрлэх, 
 
 1.2-т: "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтийн төвшинд үндэслэн нөөц ашигласны нэмэлт төлбөр бий болсонтой холбогдуулан тогтвортой байдал болон хөрөнгө оруулалтын гэрээтэй аж ахуйн нэгжүүдэд энэ хуулийн үйлчлэлийг хамруулах талаар хэлэлцээ хийх” гэж заасан нь бүтээгдэхүүний үнийн өсөлтийн төвшинд үндэслэсэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн үйлчлэлийг "Оюутолгой” ХХК-д хамааруулахыг Засгийн газарт үүрэг болгосон заалт юм. 
 
"Оюутолгой” төсөлд эрх зүйн талаар ҮАБЗ, УИХ-аас гаргасан дээрх зөвлөмж, шийдвэр, шаардлагаас гадна бид тодорхой асуудлыг тавьж байсан билээ. 
 
1.Хөрөнгө оруулалтын гэрээ болон төслийн батлагдсан ТЭЗҮ-гээр хөрөнгө оруулалтын хэмжээ 5.1 тэрбум ам.доллараар батлагдсан боловч 2012 оны байдлаар 7.1 тэрбум ам.доллар хүрч хоёр тэрбум доллар буюу 40 орчим хувиар өссөн тооцоо гарсан. Энэхүү зардлын хэтрэлтийн улмаас Монгол Улсад орох татварын орлого, хувь нийлүүлэгчдэд ногдох ногдол ашиг, үр өгөөж буурах байдалд хүрсэн. Иймд ТЭЗҮ-д тусгаагүй нэмэлт зардлыг компанийн санхүүгийн тайлангаас хасалт хийх, батлагдсан ТЭЗҮ-ийн дагуу ордыг ашиглах хугацаанд Монголын талын төслөөс олох ашгийг ямар ч тохиолдолд хамгаалах ёстой гэж үзэж байсан. 
 
2."Оюутолгой” ХХК-ийн зүгээс "Антрегоулд” ХХК-тай 2004 онд байгуулсан гэрээгээр тус компанийн эзэмшилд байгаа талбайн эрхийн 70-80 хувийг эзэмших болсон гэж мэдэгдсэн. Энэ нь Монголын Засгийн газар Оюутолгойн 70-80 хувийнх нь 34 хувийг эзэмшихээр болж манай ногдол ашиг 1.4 тэрбум ам.доллараар буурахаар нөхцөл үүссэн гэсэн үг. Тийм учраас гуравдагч этгээдтэй байгуулсан гэх гэрээний үүргийг Монголын Засгийн газар хамтран үүрэх ёсгүй гэсэн байр суурьтай байсан. 
 
3.Мөн "Айвенхоу Майнз Лимитед” компани Монголын Оюутолгойн баялгийг үнэлүүлснээр компанийнхаа 51 хувьтай тэнцэх хувьцааг Олон улсын хөрөнгийн биржээр арилжиж, 4.0 тэрбум орчим ам.доллараас доошгүй ашиг орлого олсон нь Монголын талд ямар ч хамааралгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж асуудлыг тавьж байсан болно. 
 
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголынхоо эрх ашигт нийцүүлэн сайжруулахын төлөө хамт тэмцэж, зүтгэж явсан нөхөд маань эрх мэдэлд хүрч төрийн тамга баримагц хэрхэн байр сууринаасаа бүрэн ухарсныг, мөн эрх барих хугацаандаа " Оюутолгой” төслийн талаар Монголынхоо талд ашигтай нэг ч өөрчлөлт хийгээгүйгээр зогсохгүй сая Дубайн гэрээгээр хөрөнгө оруулагч талд нэн ашигтай нөхцөлөөр бүрэн найр тавин өгч байгааг ард түмэн харж байна. Харин тухайн үедээ бидэнд шаардуулж, шахуулж байж дээрх нааштай шийдвэрийг гаргаж байсан цөөхөн тулхтай хүмүүс өнөөдөр ч гэсэн ноён нуруу алдахгүй байгаад талархаж байна. 
 
Бид зөвхөн Оюутолгойн гэрээнд Монголдоо ашигтай өөрчлөлт оруулахын тулд Ерөнхий сайдыг огцруулах хүртэл асуудлыг тавьж тодорхой үр дүнд хүрч байсан. Тухайлбал, Засгийн газар хөрөнгө оруулагч талтай хийсэн удаа дараагийн яриа хэлэлцээний үр дүнд "Оюутолгой” төслийн санхүүжилтийг LIBOR нэмэх нь 6.5 хувь болгон бууруулж, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, төслийн санхүүжилтийг гуравдагч этгээдээс авах, шаардлагатай тохиолдолд санхүүжилтийн эрсдэлээс хамгаалах хувилбарыг ашиглах, Монголын талын 34 хувь ямар ч тохиолдолд буурахгүй байх зэрэг асуудлыг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож, холбогдох өөрчлөлтийг хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгуулж Монголын талд хоёр тэрбум ам.долларын ашигтай болсон өөрчлөлтүүдийг оруулж чадсан билээ. Гэтэл энэ оны тавдугаар сарын 18-нд Дубайд үзэглэсэн "Оюутолгойн далд уурхайн ашиглалт болон санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээ нь Оюутолгой төсөл дэх Монголын талын эрх ашиг, үр өгөөжийг томоохон эрсдэлд оруулаад байна. 
 
ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭМЭЭХ ГЭРЭЭНИЙ НЭН ДАРУЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ ЗААЛТУУД 
 
1. Хөрөнгө оруулагч хувь нийлүүлэгчдийн гэрээ өөрчлөгдөв. 
 
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 15.30-д "Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно”, Хувь нийлүүлэгчдийн гэрээний 24.6-д "Талууд зөвхөн өөр гэрээ байгуулах замаар энэхүү гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заажээ. "Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд Монголын талыг төлөөлж гарын үсэг зурсан албан тушаалтнууд тус төлөвлөгөөг гэрээ биш гэж тайлбарлаж байгаа хэдий ч төлөвлөгөөг бүх талууд гарын үсэг зурж баталгаажуулсан нь өмнө батлагдсан гэрээнүүдээс давсан баримт бичиг болчихоод байна. Жишээ нь,"Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд болон ТЭЗҮ-д тодорхой тусгасан дараах асуудлууд өөрчлөгдөхөөр болоод байна. Үүнд: 
 
- Хувь нийлүүлэлтийн гэрээний 7.9-д заасан менежментийн төлбөрийн хувь хэмжээ, 
-Хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгагдсан төслийн үе шатуудын тодорхойлолт, 
-Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр хязгаарласан хураамжийг Рио Тинто авах болсон, 
-Оюутолгойн гэрээний үндэс болсон ТЭЗҮ-ийн тодорхойлолтыг өөрчилсөн, 
-ТЭЗҮ-д дурдсан үр өгөөжийг өөрчлөх болсон зэргээс тодорхой байна. 
Өмнө баталсан үндсэн баримт бичгийг энэхүү төлөвлөгөө нэртэй гэрээ ийнхүү танигдахгүй болтол өөрчлөхөд хүргэж байгааг зөвшөөрч болохгүй. 
 
2.Монголын талын хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгов. Төлөвлөгөөний 2.2.в-д "Далд уурхайн ТЭЗҮ-д тусгасны дагуу "Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-д тооцсон тооцоололтой нийцэж байгаа ба үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нь "Оюутолгой” төсөл хэрэгжих хугацаанд төслийн нийт үр ашгийн 53 гаруй хувийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг хэлбэрээр авахыг цохон тэмдэглэж байна” гэжээ. 2010 онд баталсан ТЭЗҮ-д тусгасан Монголын талын хүртэх үр өгөөж "нэрлэсэн үнэ цэнээр” 53 хувь байсныг өөрчлөн "Нийт үр өгөөжийн 53 хувь” гэж бүрхэгдүүлжээ. Энэ нь "Оюутолгой” ХХК-ийн зүгээс санхүүгийн мөнгөн урсгалыг үр дүнгээр тооцсон хэмээн Монголын талд 71 хувийн үр өгөөж ногдох мэтээр талх, шагайгаар төлөөлүүлэн сурталчилгааны самбар байрлуулах зэргээр өмнө нь олон нийтийг төөрөгдүүлж байсантай адил утгатай зүйл болжээ. 
 
3.Оюутолгой төслийг зөвшөөрөлгүйгээр барьцаа баталгаанд тавихаар байна. Төлөвлөгөөний 5.6-д: "Монголын тал нь Далд уурхайн төслийн зээлдүүлэгчдийн зүгээс тавих Монгол Улсын хууль тогтоомж, Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ-нд нийцэж буй бүхий л шаардлагыг хангахад хэрэгцээтэй бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж, дэмжиж ажиллана. Үүнд Далд уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнүүдийн дагуу шаардагдах барьцаалах эрхийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд бүрэн баталгаажуулах багтана.
 
Зээлийн санхүүжилт авахад шаардагдах энэхүү барьцаанд "Оюутолгой” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд, Хөрөнгө оруулагчийн гэрээ болон НӨОДТХНГ-нд тусгагдсан "Оюутолгой” ХХК-ийн эрхүүд ба тус компанийн үл хөдлөх хөрөнгө хамаарна” гэж заажээ. Энэ нь "Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө, уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөл болон Хөрөнгө оруулалтын гэрээ, бусад эрхийг барьцаалж төслийн санхүүжилтийг босгохоор болсон гэсэн үг юм. 
 
Ингэснээр ”Оюутолгой” ХХК-ийн нийт хөрөнгийн 34 хувийг Засгийн газар эзэмшдэг бөгөөд Засгийн газрын хөрөнгийг барьцаалахад Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримтлан холбогдох зөвшөөрлийг УИХ-аас авах ёстой байсныг "Эрдэнэс Оюутолгой” ХХК нь УИХ-ын өмнөөс шийдэхээр болж байгаа нь дээрх хоёр хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Энэ бол байж болшгүй зүйл. 
 
4.Төслийн 2010 онд батлагдсан ТЭЗҮ-ийг ач холбогдолгүй болгов. Төлөвлөгөөний 4.2-д: "Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ гэж уул уурхайн төслийн санхүүгийн үр ашгийг тогтоох зорилгоор ашигт малтмалын ордын геологи, инженерийн шийдэл, хууль эрх зүй, үйл ажиллагаа, эдийн засаг, нийгэм, байгаль орчин болон бусад холбогдох хүчин зүйлсийг дэлгэрэнгүй тооцоолсон цогц төлөвлөгөөг ойлгоно. Техник, эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, магадалшгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь ТЭЗҮ-д зааснаас өөр гарч болох тооцооллоос бүрдэх бөгөөд эрхзүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг талууд хүлээн зөвшөөрөв” гэжээ. 
 
Ийнхүү Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй 2012 оны Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын баталсан журамд "Бүхий л техникийн ажлын зураг төслийг зөвхөн ТЭЗҮ-д суурилан, түүнд зааж тогтоосон үзүүлэлтийн хязгаарыг баримтлан хийнэ. Хөрөнгө оруулагчийн зардлын хэтрэлт,  үр ашгийн тооцоог зөвхөн ТЭЗҮ-тэй харьцуулж хийнэ” гэж заасан ТЭЗҮ-ийн тодорхойлолт, нэр томьёоноос өөрөөр тодорхойлж байгаа нь ТЭЗҮ-ийн талаарх нэгдмэл ойлголтыг алдагдуулах, улмаар 2010 онд баталсан ТЭЗҮ-д суурилсан Хөрөнгө оруулалтын гэрээний эдийн засгийн тооцооллыг бүрхэгдүүлж, улмаар Монголын талын төслөөс хүртэх үр өгөөжийг тодорхойгүй болгожээ. Ордыг ашиглах, түүнээс хүртэх үр ашгийн суурь баримт бичгийг ингэж үгүйсгэж хэрхэвч болохгүй. 
 
5. 2010 оноос хойших санхүүгийн тайланг батлахыг Сангийн яаманд тулгажээ. Төлөвлөөний 4.4-д: "Монгол Улсын Сангийн яам нь энэхүү төлөвлөгөөг байгуулснаас ажлын 5 /тав/ хоногийн дотор "Оюутолгой” ХХК-ийн 2010, 2011, 2012, 2013, 2014 оны Санхүүгийн тайланг тушаасан байдлаар нь хүлээж авч баталгаажуулна” гэжээ. Ингэснээрээ тус гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын таван өдөрт багтаан "Оюутолгой”-н 2010-2014 оны санхүүгийн тайланг тэдний ирүүлсэн байдлаар шууд батлах үүргийг Сангийн яаманд тулгаж байна. Энэ нь жил дараалан гарч байсан хөрөнгө мөнгөтэй холбоотой санхүүгийн булхай, луйврыг хаацайлан хаах заалт болсон байна. 
 
6.Зардлын өсөлт хэлбэрээр Оюутолгойд учруулсан алдагдлыг хүлээн зөвшөөрүүлжээ. Төлөвлөгөөний 4.3-д: Ил уурхайн үе шаттай холбогдох зардлууд 2010 оны ТЭЗҮ-д зааснаас зөрсөн асуудлыг бүрэн ойлгох үүднээс удаа дараа хийсэн шалгалт, аудит, түүний дотор Монгол Улсын Засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалын дагуу гүйцэтгэсэн шалгалтын дараагаар талууд дараах ойлголцолд хүрэв. Үүнд: 
 
а/ Ил уурхайн үе шатны нийт зардлыг баталсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулсан бөгөөд тэдгээрийг "Оюутолгой” ХХК-ийн санхүүгийн тайлангуудад үнэн зөвөөр тусгаж, эдгээр тайлангаа Сангийн яаманд мэдүүлсэн, 
б/ Зардлын зөрүүг шаардлагатай хэмжээнд тайлбарласан бөгөөд Ил уурхайн үе шатны зардалтай холбоотой сөрөг үр дагавар бүхий дүгнэлт, талуудын хооронд шийдвэрлээгүй асуудал байхгүй гэжээ. 
 
Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 30/65/59 дүгээр хамтарсан тушаалаар байгуулсан "Оюутолгой” ХХК-ийн зардлын хэтрэлтийг баримтад үндэслэн шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг "Оюутолгой” ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед ТЭЗҮ-д заасан таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардлыг хоёр тэрбум ам.доллараар хэтрүүлэн зарцуулж, улмаар 1.4 тэрбум ам.доллар нь анхан шатны баримтаар нотлогдоогүй, тооцооны алдаатай, хөрөнгө оруулалтын зардалд тооцогдохгүй, Монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй зардал гаргасныг хоёр жилийн турш судлан баримтаар нотолж, дүгнэлтээ гаргасан байдаг. Иймд өнөөг хүртэл Рио Тинто компанид төлсөн менежментийн төлбөрийг "Оюутолгой” компанид буцаан төлүүлэх ёстой байтал үүнийг төлөхөөргүй болгож байгаа нь гайхал төрүүлж байна. 
 
ДҮГНЭЛТ 
 
1.Оюутолгойн гэрээ, түүнд өөрчлөлт оруулах асуудлыг хариуцаж байсан төрийн захиргааны төв байгууллага, хэлэлцээрийн ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд удаа дараа тавьж байсан саналууд "Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” нэртэй гэрээний дараа тодорхойгүй болж, үндсэндээ ач холбогдлоо алдах байдалд орлоо. 
 
2.УИХ-ын тогтоол, ҮАБЗ-ийн тогтоол, шийдвэрт тусгасан Монголын талын эзэмшлийн хэмжээг 50-аас доошгүй хувьд хүргэх, Ашигт малтмал ашиглалтын төлбөрийг өсгөн нэмэгдүүлж авах, гэрээг ил тод нээлттэй явуулах талаар өгсөн заалт чиглэл зөрчигдөн, хэрэгжихээргүй нөхцөл байдалд хүрч байна. 
 
3."Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө”-ний талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо УИХ-ын тогтоолоор өгсөн үүргийн дагуу нягтлан шалгахдаа салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулан эцсийн дүгнэлт гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох шаардлагатай байна. 
 
4.Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд ямар ямар асуудал тусгах, түүнийг батлах зэргийг Засгийн газар кабинетаараа шийдвэрлэсэн эсэхийг УИХ яаралтай авч хэлэлцэн тогтоох шаардлагатай байна. 
 
5.Монгол Улсын Засгийн газар "Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө”-ний Монголын талд хохиролтой тусахаар байгаа олон заалтыг нэн даруй хүчингүй болгон засч, залруулах арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>