Маргаашийг бүтээх нь

668
A51e1f sunrise x800

Монгол мөрөөдлийн эрэлд: Цуврал №10 буюу төгсгөл

2040 оны Монгол

Монгол Улс маань ардчиллын замналаар замнаад 25 жилийг ардаа орхижээ. Эргээд харахад, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаа нурааж, чөлөөт зах зээлд шилжихдээ "төлөвлөгөө зохиох хэрэггүй” гэх ойлголттой болсон байх шиг.

Төр эдийн засагт оролцохгүй, юунд ч санаа зовохгүй байж байхад л "үл үзэгдэгч гар” бүхнийг зохицуулж, ид шидийн мэт сайхан үр дүнд хүргэнэ гэж найдаж суулаа.

Гэтэл бидний хүсэн хүлээсэн үр дүн гарсангүй. Тун богино хугацаанд хөгжлийн манлайд хүрсэн Азийн баруудтай битгий хэл 1990-ээд онд нэг л гараанаас эхэлсэн урд, хойд хөрштэйгээ харьцуулахад ч бид хамаагүй хоцрогджээ. Эргэн тойрноо ажвал, амжилтад хүрсэн, чинээлэг орнууд бүгдээрээ алсын хараатай, өөрийн гэсэн мөрөөдөлтэй, түүндээ хүрэх тэмүүлэлтэй байж. Тиймээс Монгол Улсад ч алсын хараатай, ухаалаг төр үгүйлэгдэж байгааг хүн бүр ярих боллоо.

Гэхдээ "Шинэ санаа сэдэх биш, хуучнаасаа салах нь хамгийн хэцүү” гэж нэрт эдийн засагч Кэйнс хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид өнгөрсөн 25 жилийн муу дадал зуршлаасаа салж байж л ирээдүйн 25 жилээ үр бүтээлтэй байлгаж чадах юм.

Цаг хугацаа зогсолтгүй урссаар. Энэ хэвээрээ төлөвлөгөө, зорилтгүй урсгалаараа явсаар 25 жилийн дараа хаа нэгтээ очоод, ахиад л "Бидний хүсэж, хүлээсэн үр дүн биш байна” хэмээн халаглах уу? Бид цуврал нийтлэлээрээ энэ асуултын хариуг л олохыг зорьсон билээ. "Өнөөдөр бүтээсэн гавъяагүй хүмүүс өнгөрснөө дурсаж сайрхдаг” гэх үг бий.

Найман зууны тэртээгээс түүхээ татан омогшихдоо түүнийг давтах, магадгүй түүнээс ч илүүг бүтээх тухай бид яагаад боддоггүй хэрэг вэ? Хэзээ нэгэн цагт Монгол өндөр хөгжилтэй орон болж, хангалуун жаргалтай амьдарна гэсэн дэврүүн итгэл монгол хүн бүрийн дотор нуугдаж буй нь гарцаагүй. Гэхдээ:

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд эхлээд "хэзээ нэгэн цагт” гэх үгээ тодорхой болгох хэрэгтэй. Урд хөрш маань мөрөөдлөө "Хос 100” хэмээн нэрлээд, 2021 он буюу ХКН-ийн 100 жилийн ой болох үед дунд зэргийн чинээлэг нийгэм цогцлоох, 2049 он буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойгоор өндөр хөгжилтэй орон болохыг зорьж байна.

Тэгвэл бид 2040 он буюу Ардчилсан хувьсгалын 50 жилийн ойгоор өндөр хөгжилтэй орны эгнээнд багтах зорилт тавьж яагаад болохгүй гэж? Үүнийгээ бидний ирэх 25 жилийн алсын хараа, хөгжлийн бодлого болгочихлоо гэж бодвол "бариа” хаана вэ гэдгээ гаргаад ирлээ гэсэн үг.
 

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд бариандаа яаж хүрэх маршрут, арга тактикаа сонгох хэрэгтэй. Улс орнууд "Яавал хөгжин цэцэглэж, хүн ардынхаа аж амьдралыг дээшлүүлэх вэ” гэсэн асуултын хариуг эрэлхийлэх бүртээ нэгнийхээ алдааг гээж, оноог шингээн, дундаас нь өөрийн гэсэн загварыг гаргасаар ирсэн байдаг.

Азийн барууд, Швейцарь, Скандинавын орнууд гээд бидний үлгэр дуурайл авах дуртай улсуудын явсан зам нь бүхий л алдаа, оноотойгоо илхэн байна. Түүнийг нь судалж, дараачийн сонгодог жишээ, хөгжлийн үлгэр дуурайл болох боломж Монголд ч бий.
 

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд төрийн бодлогоо тогтвортой байлгах ёстой. Салхинд хийсэх хамхуул аятай сонгуулиас сонгуулийн хооронд дэндэгнэх "хямдхан бодлого” ямар хор хөнөөлтэйг бид харахаараа нэг боллоо.

Одоо бидэнд ямар хүн, эсвэл ямар нам төр, засгийн эрх барьж байгаагаас үл хамааран урт наслах, монголчуудад үр өгөөжөө өгөх бодлого хэрэгтэй. Улстөрч хүн өөрийн бодлыг төрийн бодлогод тулгаж, шахдаг биш, харин төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг болог.

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд Монголын төр ухаалаг байх хэрэгтэй. Төрийн ухааныг Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайд биш, харин түүний тархи буюу судалгааны байгууллагууд залж байх учиртай. Өөрөөр хэлбэл, төрийн бодлого боловсруулах явц ил тод, судалгаатай, иргэдийн оролцоог хангасан байж гэмээнэ амьдрал дээр хэрэгжиж, үр дүнгээ өгч чадах юм.
     
  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд хүрч болохуйц, мөн хэмжиж болохуйц зорилго, зорилтуудтай болъё. Жишээ нь, "Улсаа хөгжүүлнэ”, "Бизнесийн орчноо сайжруулна” гэдэг үгс сонсоход сайхан ч яг ямар үр дүнд хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй.

Тиймээс нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ, "Бизнес эрхлэх нь” жагсаалт дахь байр сууриа 72-оос эхний 20-д багтаана гэх мэтийн зорилготой болох хэрэгтэй. Тэгвэл бид хүссэн үр дүндээ хүрсэн, эсэхээ хялбар мэдэж болох юм. Ер нь "хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэдэгчлэн ирээдүйгээ хүссэн чиг рүүгээ залахын тулд тэрхүү замынхаа хэмжүүрүүдийг тодорхойлох хэрэгтэй.
 

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд монгол хүнээ хөгжүүлье. Өргөн уудам газар нутаг, байгалийн асар их баялаг, дэлхийн талыг эзэгнэж байсан агуу түүхтэй манай улс гуравхан сая иргэнээ "хүний дайтай” байлгаж чадахгүй бол хөгжил гэж яриад ч яах билээ?

НҮБ-аас гаргадаг Хүний хөгжлийн индексээр өнгөрсөн онд Норвеги тэргүүлсэн бол манай хойд хөрш 57, урд хөрш 91 дүгээр байрт жагссан. Харин Монгол Улс маань тээр хойно буюу 187 орноос 103 дугаарт эрэмбэлэгдсэн байгаа. Монгол хүнээ хөгжүүлж, эхний ээлжинд хятадын, дараа нь оросын дайтай болгохын тулд эрүүл мэнд, боловсролын салбартаа анхаарах хэрэгтэй болжээ.
 

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлье. Өнөөдөр манай экспортын 90 хувийг зөвхөн ашигт малтмал эзэлж, түүний 90 хувийг зөвхөн Хятад худалдан авч буй. Нүүрс, зэсийн үнийн хэлбэлзлийг даган төсөв, мөнгөний бодлогоо савлуулж, Хятадын ДНБ-ий өсөлт саарахад хамгийн хүнд цохилтод орж байна, бид.

Эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах нь үе үеийн эрх баригчдын амны уншлага болсоор ирсэн ч биеллээ олсонгүй. Үнэндээ энэ олон жил алт, нүүрс, зэсийн баяжмалаа экспортлохдоо тэдгээр ашигт малтмалаа ч бүрэн боловсруулж сураагүй учраас уул уурхайгаа ч хөгжүүлж чадалгүй өдий хүрчээ. Эхний ээлжинд нүүрсээ эрчим хүч болгож, зэсээ хайлуулж, газрын тосоо боловсруулмаар байна. Үүний зэрэгцээ монгол мах, ноолуураа дэлхийн брэнд болгомоор байна.
 

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд өнөөгийн орчноо мэдрэх шаардлагатай. Дэлхий даяараа мэдлэгт суурилсан эдийн засаг руу шилжиж байхад бид энд хүй нэгдлийн үеэсээ хагацаж чадахгүй, алт, зэс, нүүрсээ л бодоод байж болохгүй. Технологийн эрин ирчихээд байхад бид 200 жилийн тэртээ хоцорсон үйлдвэржилтийн эринийг яриад байх нь бас учир дутагдалтай.

Швейцарь, Израиль, Скандинавын орнууд мэтийн хүн ам цөөтэй улс өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд шинжлэх ухаан, технологийн салбартаа хөрөнгө оруулж, иргэдийнхээ боловсролд анхаарч байна. Тэд байгалийн баялгийг биш, оюуны баялгийг шүтэж, хөгжүүлж байхад бид яагаад болохгүй гэж?
 

  • Мөрөөдлөө биелүүлэхийн тулд алтан дундажийг тодорхойлъё.  Хүнээ хөгжүүлнэ гэдэг иргэн бүрээ баян болгохын нэр биш. Энэ бол дундаж давхаргынхны тоог нэмж, амьдрал, амьжиргааг нь сайжруулах тухай сэдэв. Дундаж амьдралтай хүмүүс олон байх тусам тухайн улс аюулгүй, энхтайван байдаг гэдэг.

Өдгөө дундаж орлоготой монгол өрхийн сарын орлого 450 орчим ам.доллар байгаа нь бусад улстай харьцуулахад хэтэрхий чамлалтай. Гэтэл Швейцарьт энэ үзүүлэлт 33 мянган ам.доллар буюу майнахаас 73 дахин өндөр байгаа юм. Энэ зөрүү ойртох тусам монгол мөрөөдөл тэр хэрээр биелж буйг илтгэнэ.

Мөрөөдлийн манаач

Монгол Улсад хөгжлийн бодлого, алсын хараа огт байгаагүй ч юм биш. 1996 онд ч, 2007 онд ч өөрийн гэсэн алсын хараатай болох оролдлого хийж байлаа. Гэвч төрийн бодлого ямар нам, ямар хүн төр, засгийн эрх барьж байгаагаас шалтгаалан өөрчлөгдөж, үнэгүйддэг тэр л шалтгааны улмаас хэрэгжээгүй ажээ.

Тухайлбал, Үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгжээд долоон жил болохдоо стратегийн 103 зорилтынхоо 99 хувийг биелүүлж чадаагүй юм. Одоо бидэнд дугаар хорооны иргэн Доржоос эхлээд төрийн тэргүүн хүртэлх монгол хүн бүрийн ой тойнд шингэж, тэмүүллийг нь нэг зүг рүү залах монгол мөрөөдөл хэрэгтэй. Мөн тэрхүү Монгол мөрөөдлийг манаж, биелж байгаа, эсэхэд нь хяналт тавих манаач хэрэгтэй. Тэгвэл хөгжлийн бодлого маань өмнөх туршлагууд шиг эзэнгүй хаягдаж, бүтэлгүйтэхгүй. 
 

Монгол мөрөөдлийн эрэлд гарсан бидний цуврал нийтлэлийн сүүлч нь энэ байлаа. Үсрэнгүй хөгжлийн гараанд тулсан ч хүссэндээ хүрч чадахгүй, нэг алхам урагшилж, хоёр алхам хойшилж буйн цаад учрыг олох гэж хэрэндээ хичээсний үр дүн ийм байлаа. Мөрөөдөл гэдэг зүгээр л хүсэн санаашрахын нэр биш, зорилго эрмэлзэл, түүндээ хүрэх үйл ажил билээ. Монгол мөрөөдөл монгол хүн бүрийн зүрхэнд асаж, түүний гэрлээр хүрэх цэг улам тодорно гэж бид итгэж байна.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>