“Н.Төгсцогтын хурдтай, хүчтэй цохилтоос эмээж байна”
-ТҮҮНИЙ ДАРААГИЙН ӨРСӨЛДӨГЧ ХАРААХАН ТОДРООГҮЙ БАЙНА-
Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн бокст хүч сорихоор АНУ-ыг зорьсноос хойш багагүй хугацаа өнгөрчээ. Мэргэжлийн бокс түүний мөрөөдөл учраас цаашдаа мэргэжлийн рингэд тоглох чин хүсэлтэйгээ боксчин маань уламжилж байв.
Гавьяат маань хэвлэлд өгсөн ярилцлагадаа "2016 оны Рио-де-Жанейрогийн олимп бол миний гол зорилго. Надад АНУ-д байхад их итгэл төрсөн. Ирэх хоёр жилийн хугацаанд Монголдоо байж, өөрийгөө бүх талаар дайчилж, хичээх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Ер нь харамсах зүйлгүй л амьдармаар байна” хэмээн ярьсан билээ.
Тэрээр сонирхогчийн болон мэргэжлийн боксын алийг сонгох талаар удаан хугацаанд бодсон гэдэг. Өмнө нь Америкт байх хугацаандаа амар хялбар замаар амжилтад хүрдэггүйг ойлгосноо хуваалцаж байв. Мэргэжлийн бокс олон раунд нимгэн бээлийтэй зодолдоно, ухаан уралдуулна гээд сонирхогчдын бокстой харьцуулахад хамаагүй хүнд. Тамирчин хүн өөрөө сайн хичээж, бэлтгэхгүй бол амжилт гаргахад амаргүй даваа гэж тэр дүгнэсэн байдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт АНУ-ын Калифорниа мужийн Карсон хотноо мэргэжлийн дэвшээнээ хоёр дахь тулаанаа Мексикийн боксчин Мануэль Рубалкаватай хийсэн.
Мексикийн боксчин Мануэль Рубалкава нь 26 настай бөгөөд мэргэжлийн дэвжээнд 14 удаа тулаан хийхдээ 2 удаа нокаутаар ялж, 12 удаа нокаутаар ялагдсан El Terco буюу "Зөрүүд" хочтой тамирчин.
"Stub hub” хэмээх задгай цэнгэлдэхэд болсон энэ удаагийн тулаан ердөө 1 минут 24 секунд үргэлжилж, Монголын боксчин Н.Төгсцогт нокаутаар өрсөлдөгчөө ялж, мэргэжлийн бокст 2 дахь ялалтаа байгуулсан түүхтэй.
Өнөөдрийн байдлаар "King Tug” хэмээх мэргэжлийн боксчдын имиж болдог хочтой Н.Төгсцогт маань АНУ-д ийн гурван ч удаа мэргэжлийн тулаанд хүч үзэж, бүх өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан амжилт үзүүлээд буй юм.
Өнгөрсөн аравдугаар сарын 14-нд Н.Төгсцогт гавьяат Мексикийн алдарт боксчин Рикардо Фроанатай тулалдахаар товлосон ч тодорхойгүй шалтгаанаар тоглолт болоогүй байна. Энэ тулааныг ESPN сувгаар шууд дамжуулах байжээ. Р.Фроана нь мэргэжлийн боксын рингэнд 13 удаа тулалдахдаа 11 удаа ялж, 2 удаа ялагджээ.
Мөн энэ сарын 15-ны өдөр Н.Төгсцогт "Лос-Анжелес”-ын "Оранже Коунти Ханговер Центр”-т мэргэжлийн боксын тэмцээний хүчтэй өрсөлдөгч Марио Гонзалестой хүч үзэх байсан. Гэвч өрсөлдөгч нь тодорхойгүй шалтгаанаар тулалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Марио Гонзалесын хувьд мэргэжлийн рингэнд 27 удаа ялж, 7 удаа ялагджээ.
Мэргэжилтнүүд, мэргэжлийн боскчид Н.Төгсцогтын хурдтай, хүчтэй цохилтоос эмээж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа гэж эх сурвалж мэдээлсэн байна.
Дашрамд дурдахад, АНУ-ын Лос-Анжелес хотод амьдарч буй Н.Төгсцогт нэлээд жин хасч байгаа аж. Энэ талаараа тэрээр цахим хуудастаа "Би гурван өдөрт найман кг жин хаслаа. Одоо 10 цаг гүйчихвэл жингээ үзүүллээ” гэж бичжээ. Түүний дараагийн өрсөлдөгч хараахан тодроогүй байгаа аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ