Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны наймдугаар сарын 13-нд Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн ажлын явцтай танилцаж, үүрэг даалгавар өглөө. Тэрбээр Багахангай өртөө болон төслийн 43 дугаар километрт байрлах 33 метрийн гүн ухмалын хэсэгт ажилласан байна.
Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх хэсгийн газар шорооны ажил, төмөр замын дээд бүтцийн угсралт, таван байршил дахь гүүр болон ус өнгөрүүлэх хоолойн үндсэн ажил дуусжээ. Одоо төмөр замын чанар, технологийн шаардлагыг хангах болон ашиглалтад бэлтгэх эцсийн шатны ажил үргэлжилж байна.
Төслийн нийт газар шорооны ажлын хэмжээ 31.3 сая шоо метр байна. Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлийн далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Туул гол дээгүүр 476 метрийн урттай гүүр барьж байна.
Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, ажилчин оролцож байна. Төмөр зам ашиглалтад орсноор 1000 орчим байнгын ажлын байр бий болох бөгөөд барилгын бараа материал, үйлчилгээг орон нутгийн болон үндэсний нийлүүлэгчдээс авч байгаа ажээ.
Богд уулын урдуур баригдах төмөр замаар шатахуун, 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг тээвэрлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий хүртэлх хэсгийн үндсэн бүтээн байгуулалтыг дуусгасан байна.







Сэтгэгдэл0
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн, ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг бид устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ene.mn хариуцлага хүлээхгүй.