Төрийн ордонд зохион байгуулж буй Монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна. Өдгөө дэлхийн хэмжээнд монгол судлалын чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа 4,000 орчим дотоод, гадаадын судлаач байдаг ажээ.

Энэ удаагийн хуралд оролцож буй эрдэмтдийн хамгийн залуу нь 25 настай бол хамгийн ахмад нь 92 настай байна. Их хурлын үндсэн илтгэлийг Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт тавилаа. Тэрбээр Монголын түүх судлалын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Салбар хуралдаанууд "Чингис хаан" үндэсний музей болон МУИС-ийн хичээлийн байруудад үргэлжилнэ. Мөн МУИС-ийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд хэлэлцүүлэг өрнөх юм.

Эдгээр салбар хуралдаанаар монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүйн чиглэлээр 530 гаруй илтгэл сонсоно. Мөн уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.