Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүн, хангамж нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан зохион байгуулж, холбогдох мэдээллийг сонсон үүрэг чиглэл өглөө.

Наймдугаар сарын 14-нөөс хойш Улаанбаатар хотод хоногт 2000-3000 тонн АИ92 шатахуун бууж байна. Гэсэн ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, ганц хошуугаар үйлчлэх, гэрээт байгууллага болон талонтой иргэдэд түлхүү олгох зэрэг хязгаарлалт хийж байгаа тохиолдол гарчээ.

Шатахууны хомсдол үүссэн онцгой нөхцөлд иргэдэд хүндрэл учруулж, шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлээгүй шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцож, торгуулийн арга хэмжээ авах үүргийг өглөө.

Бүх шатахуун түгээх станцыг 24 цагаар ажиллуулж, боломжит бүх хошуугаар шатахуун олгохыг сануулав. Мөн гэрээт байгууллага болон талонтой холбоотой хязгаарлалт хийхгүй байхыг үүрэг болголоо.

Шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахгүй байгаа нефть импортлогч компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг хатуу санууллаа.